“Чингисийн хүүхдүүд” УСК 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын төлөө өрсөлдөнө
Уг киногоор нүүдэлчин Монголчуудын амьдарлын хэв маяг өдгөө ч хадгалагдан хэвээр, цаашид ч уламжлан үлдээх хэрэгтэйг ойлгуулахыг зорьжээ
Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын “Гадаад хэл дээрх кино”-ны төрөлд өрсөлдөх эрх авлаа. Энэ төрөлд 92 орон өрсөлдөж байна. Киног бүтээхэд нийт нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулжээ. Мөн гуравдугаар сарын 23-нд “АНУ-ын кино ассоциаци”-аас АНУ-д гаргах лиценз болох бүх насныхан ангиллыг албан ёсоор авсан Монголын анхны уран сайхны кино болсон байна. “Монголын кино урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилготой бүтээсэн найруулагч Д.Золбаярын энэ бүтээл нь эртний түүхт морины уралдааны уламжлал, соёл, хурдан морь унаач хүүхдийн ур чадварыг харуулсан бүрэн хэмжээний уран сайхны кино болсон юм. Энэ киноны зураг авалт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлж жил гаруйн хугацаанд үргэлжилжээ. 90 дэх удаагийн Оскарын наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд оролцох эрхээ авсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Найруулагч Д.Золбаяр: “Монгол фильм" группээс санаачилж олон төрийн бус байгууллага, хувь хүмүүс нэгдэн ажиллаж “Чингисийн хүүхдүүд” киногоо Монголынхоо ард түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Энэ кино нь монгол ёс заншил, ард түмэн, байгаль цаг агаарын дэлхий дахин сурталчлах зорилготой. Бид энэ зорилгоо биелүүлж эхэлж байна. Өмнө нь хэд хэдэн кино наадамд орсон. Цаашид олон кино наадамд орохоор бэлдэж байна.
Монголын киног хөгжүүлэх зорилготой “Монгол фильм” групп нь 2002 онд анх байгуулагдсан. Өдгөө Хөх хот, Бээжин, Лос Анжелест салбартай компани юм. “Чингисийн хүүхдүүд” киноны нэр нь түүхэн юм шиг боловч аж байдлын сэдэвтэй орчин үеийн кино юм. Уг кино нь нүүдэлчин Монголчуудын амьдарлын хэв маяг өдгөө ч хадгалагдан үлдсэн, цаашид ч уламжлан үлдээх хэрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулах зорилгоор бүтээжээ.
Үзсэн: 1795
Tweet