“Экспо Монголия-2017” олон улсын үзэсгэлэн нээгдлээ
Тус үзэсгэлэнд барилга, уул уурхай, хүнс, байгаль орчны чиглэлд үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.
Барилга, уул уурхай, хүнс, байгаль орчин гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан танилцуулах зорилго бүхий “Экспо Монголиа-2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал 5 дахь жилдээ “Мишээл экспо” төвд эхэллээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн. Энэхүү үзэсгэлэн нь Монголын аж ахуйн нэгжүүд шинэ зах зээлд нэвтрэх, бизнесийн орчныг тэлэх өргөн боломжийг нээдгээрээ дотоодын төдийгүй гадаадын аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүсгэдэг арга хэмжээ болсныг Ерөнхийлөгч илгээлтдээ дурьдаад, “Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, машин механизм, шинэлэг бүхнийг танилцуулдаг уг арга хэмжээ манай улсад болж байгаад талархалтай байна. Монгол улс цаашид өсөн дэвжих өндөр ирээдүйтэй орон. Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбар голлох байр суурьтай байгаа ба цаашид хөдөө аж ахуйн болон аж үйлдвэржсэн орон болохыг зорьж байна. Энэхүү үзэсгэлэнд дэлхий нийтэд танигдсан нэр хүндтэй компаниуд оролцож, Монголд бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж байгаа нь Европ стандартыг манай улсад нэвтрүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” хэмээжээ.
“Экспо Монголиа-2017” олон улсын үзэсгэлэнд Монгол, ХБНГУ, БНЭУ, АНУ, БНСУ, БНХАУ, Беларусь зэрэг орны 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яамдаас үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байв.
Үзсэн: 1426
Tweet