2018-2020 онд Улаанбаатар, Москва хотуудын хамтран ажиллах хөтөлбөрийг үзэглэлээ
Шинэ хөтөлбөрт хоёр улсын нийслэл хотууд ойрын 3 жилийн хугацаанд барилга орон сууц, боловсрол, жижиг болон дунд бизнесийг хөгжүүлэх, хот төлөвлөлт, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа тусгагджээ.
Улаанбаатар-Москва хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааны тухай 1996 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн протоколд заасан зарчмыг үндэслэн 2018-2020 оны хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотын дарга Сергей Собянин нар гарын үсэг зурсан байна. Шинэ хөтөлбөрт хоёр улсын нийслэл хотуудын ойрын 3 жилийн хугацааны хамтын ажиллагааны гол чиглэл зорилтууд тусгагджээ. Эдгээрийн дотор барилга орон сууц, боловсрол, жижиг болон дунд бизнесийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар тусгасан байна. Түүнчлэн талууд хот төлөвлөлтийн салбарт хамтран ажиллаж, арга туршлага солилцон, газар төлөвлөлт, дэд бүтцийн салбарын хөгжлийн асуудлаар хамтарч ажиллах боллоо. Хамтын ажиллагааны бас нэгэн гол зорилт чиглэл нь эрүүл мэндийн салбар юм. Энэ салбарт түргэн тусламжийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэдлэгтэй боловсон хүчний хангамжийг сайжруулах, бэлтгэх зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах юм байна. Мөн Москва, Улаанбаатар хотууд нийтийн тээвэр, зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд харилцан тусалж, хамтарч ажиллахаар тогтжээ. Талууд хотын зам тээврийн хөдөлгөөний зохицуулалт, автомашины зогсоолын орон зай, авто замын шилжилт хөдөлгөөн, зам тээврийн нэгдсэн систем, хөдөлгөөний эрчмийг зохицуулах компьютерын загварчлал зэрэг олон ажлаар туршлага солилцон, хамтарч ажиллах юм.
Үзсэн: 1086
Tweet