Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв
Монгол улсаас Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээнд мужаан, өрөг угсралт, гагнуур, тогооч, сантехник, цахилгаан гэсэн зургаан төрлөөр оролцох юм.
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох зургаан оролцогч, тэдний эксперт багш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газар 2014 онд Дэлхийн ур чадварын байгууллагын 69 дэх гишүүнээр элссэн бөгөөд 2015 оны Бразилийн Сан Паоло хотноо болсон тэмцээнд манай тамирчид есөн мэргэжлээр анх удаа оролцон, 60 орноос 42 дүгээр байр эзэлсэн юм. Энэ жилийн Абу Даби хотноо болж буй 44 дэх удаагийн тэмцээнд мужаан, өрөг угсралт, гагнуур, тогооч, сантехник, цахилгаан гэсэн зургаан төрлөөр Монгол улс оролцох гэж байна. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслийн шугамаар таван оролцогчийн бэлтгэлийг БНХАУ болон ХБНГУ-д хангасан, гагнуурчны бэлтгэлийг Оюутолгой компани хариуцан ажилласан байна.
Цаашид Дэлхийн ур чадварын тэмцээний модуль болон үнэлгээг Монголын мэргэжлийн боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх хэрэгтэй саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч үзэхээ илэрхийлээд, нийт оролцогч, эксперт багш нарт олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.
Үзсэн: 1767
Tweet