“Монгол улсын нүүрсний салбар”
Нүүрсний салбар нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд стратегийн чухал ач холбогдолтой, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбарын нэг юм.
Манай орон нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 10 орны тоонд багтдаг. Монгол орны хувьд нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр төдийгүй эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч үнэт баялаг юм. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 162.3 тэрбум тонн. Цаашдаа өсөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 20 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байна.
Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордуудад Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай Таван толгойн Чулуун нүүрсний орд, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай Нарийн сухайтын Нүүрсийн орд, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай Багануурын Хүрэн нүүрсний орд, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд газрууд багтдаг.
Одоогоор Монгол Улс экспортын нийт нүүрснийхээ 96 хувийг өмнөд хөрш БНХАУ-ын зах зээлд нийлүүлж байна. Нүүрсний экспорт оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд хоёр дахин, үнийн дүнгээр дөрөв дахин өсчээ. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харвал оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, нэг тэрбум 282.3 сая ам.долларын орлого олсон байна. Үндсэндээ оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсний экспорт хийжээ. Экспортолсон нүүрсний дийлэнхийг боловсруулаагүй, чулуун нүүрсний экспорт бүрдүүлж байна.
Засгийн газраас нүүрсний салбарт хэрэгжүүлж байгаа бодлого эрэлтийг нэмэгдүүлж, энэ нь Монголын нүүрсний компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлжээ. Мөн нүүрсний үнэ өндөр байгаа таатай үеийг эергээр ашигласны үндсэн дээр нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээг өмнөх оны мөн үеэс даруй 50 орчим хувиар нэмэгдүүлж чадсан гэж “Эрдэнэс-Таван толгой” Хувьцаат Компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Соal Mongolia-2017” чуулга уулзалтын үеэр хэлж байсан юм.
Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол Улсын засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулдаг гадаад, дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр жил бүр “Соal Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулдаг.
Энэ чуулга уулзалт өнгөрсөн 9 дүгээр сард “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, гадаад дотоодын компаниудын нүүрсний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь” уриан дор болсон юм. Энэ удаагийн чуулганд 120 гаруй гаднын хөрөнгө оруулагчид оролцжээ.
Чуулганы үеэр МУ-ын Засгийн газар эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь Уул уурхайн салбарын бодлого болгон авч үзэж байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлж байсан. Ялангуяа эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа зардлаа нөхөх төслүүдийг хэрэгжүүлэхээр ажлаа эхэлсэн талаар тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар хэлж байсан юм.
Ж.Ганбаатар: Төмөр зам хилийн дамжин өнгөрүүлэх чадвар, агаар, ус мөн цахилгаан станц гээд том асуудлууд байгаа. Үүнийг Манай Засгийн газрын зүгээс эхнээс нь шийдээд явж байна. Сая 8 сард гэхэд анх Хэрлэнгийн гадаргын усыг говь руу татах төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Техник эдийн засгийн үндэслэл хийгдээд явж байна. Энэ бол том алхам. Төмөр замын бүтээн байгуулалтанд зориулж 400 сая ам долларын санхүүжилтийг шийдлээ. Тэгэхээр төмөр зам барих ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгэх нөхцөл бололцоо бүрдэж байна. Энэ бүх ажил шат дараатай хийгдээд явна.
Чуулганы үеэр хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь Таван толгой Гашуун сухайт чиглэл дэх төмөр замын бүтээн байгуулалтын асуудал байлаа. Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт нь манай улсын нүүрсний экспортын гол гарц юм. “Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ийнхүү ярьж байна.
Д.Ариунболд: Ер нь Таван толгойн бүлэг ордоос гарч байгаа нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахын төлөө чармайн ажилладаг. Энэ тал дээр бүгд янз бүрийн гарц хайж байдаг. Бид нүүрсээ далайн боомт дээр аваачиж чадвал манай нүүрс өрсөлдөх чадвартай болно. Таван толгой гэдэг нүүрсний брэндийг бий болгох боломж бүрдэнэ. Тэгэхээр далайн боомт хүртэл өөрсдөө өөрсдөө тээвэрлэх хэрэгтэй. Тэнд хүргэх ямар боломж байна гэдэг бүх сувгийг бид хайх ёстой.
260 км төмөр замынхаа даланг 200 сая ам доллараар хийчихсэн. Одоо дээр нь Засгийн газраас эхний ээлжинд 400 сая ам долларыг ирэх жилийн төмөр замын төсөвт суулгачихсан байна. 260 км төмөр замаа хийхэд 900 орчим сая бараг тэрбум доллар орох тооцоо байдаг.
2016-2020 он хүртэл манай улсад хэрэгжих нийт долоон чиглэлийн төмөр замын төсөл бий. Үүнээс уул уурхай, нүүрсний салбарт Нарийнсухайт-Шивээхүрэн, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлээр төмөр замын төсөл хэрэгжих юм.
Сонирхуулахад, өнөөдрийн байдлаар монгол орны хэмжээнд нийт 127 аж ахуйн нэгж 185 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас 105 талбайд Чулуун нүүрсний 29, Хүрэн нүүрсний 20 нийт 49 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Харин нүүрсний экспортын дийлэнх хэсгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт бүрдүүлдэг. Тус компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн нүүрсний орд нь 6.4 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй бөгөөд үүний 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрсний нөөц юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК компанийн засаглалаа сайжруулах үүднээс чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандарт болон байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хариуцлагын олон улсын стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байна. Түүнчлэн нийт хувьцаа эзэмшигчдийг бүртгэлжүүлэх, геологи хайгуулын ажлаа эрчимжүүлэн ордын нөөцийг нэмэгдүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах болон конвейрын систем нэвтрүүлэх зэрэг ажлуудыг урт хугацаанд төлөвлөн ажиллаж байгаа юм.
Үзсэн: 4362
Tweet