Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

83 жилийн түүхтэй Монголын радиог сонсохоос гадна үзэж болно


Densmaa 2017-09-01 04:09

Монголын радио энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эфирийнхээ 80 хувийг шууд дамжуулахаас гадна дүрстэй радиогийн системд шилжиж байна.

      Хүн төрөлхтний түүхэнд радио 1910 онд анх бий болсон юм. Монголын радио энэ он тооллоос 21 жилийн дараа буюу 1931 онд анхныхаа нэвтрүүлгийг нийслэлийн хэдэн цэгээс цацаж эхэлжээ. Анхны нэвтрүүлгээрээ "Улаанбаатарчууд та бүхэнд хувьсгалын халуун баяр хүргэе" хэмээн мэнчилж байжээ. Харин 1934 оны 9-р сарын 1-нд Монгол улсын анхны раид өргөн нэвтрүүлгийг орон даяар цацах ёслол  төв радио станц дээр болж, агаараар түгдэг радио соёл Монгол оронд цуурайтсан түүх эхэлдэг. 

       Өнөөдөр Монголын радио өглөөний 6 цагаас үдшийн 11 цаг хүртэл өдөр бүхэн 4 сувгаар мэдээ, мэдээлэл, дуу хөгжим, танин мэдэхүй - цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн ард түмэндээ түгээж байна.

    Монголын радиогийн үндсэн суваг болох нэгдүгээр сувгаар үндсэн нэвтрүүлэг, мэдээ цацагддаг бол хоёрдугаар суваг нь нь мэдээлэл, танин мэдэхүй, уран сайхны бие даасан суваг юм. Монголын радиогийн гуравдугаар суваг буюу Пи-3 радио нь залуучуудад зориулсан, цэнгээнт болон шууд нэвтрүүлгүүдийг явуулж байдгаараа онцлогтой. Харин дөрөвдүгээр суваг болох МДХ радио нь монгол орны улс төр, эдийн засаг, монголчуудын ёс заншил, түүх, өв уламжлалыг сурталчилах зорилгоор гадаадын сонсогчдод нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байна.

      Нийтлэл нэвтрүүлэг бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлог, агуулгыг шингээсэн байдаг бөгөөд сонсогчдын дундахь судалгаанаас харахад мэдээллийг өргөн цар хүрээтэй, түргэн шуурхай, бодитоор өгч чаддаг гэсэн гурван үндэслэлийг бараг бүх сонсогч Монголын радиод өгчээ. Нэвтрүүлэг чанартай байхын нэг үндэс нь сонсогчдын дундахь судалгаа байдаг билээ. МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан.

      МҮОНР-ийн захирал Б.Баярсайхан: 1960-аад оны нэвтрүүлгүүд анхныхаа нэрээр явж байна. 1965 онд Өглөөний мэнд нэвтрүүлэг анх гарч ирсэн. Энэ нэвтрүүлэг өдгөө 50 гаруй жил явж байна. Малчин нэвтрүүлэг 1961 онд нээгдсэн. Тухайн үед “Өнөөгийн хөдөө” гэж байсан. 1978 оноос “Малчин” нэртэй болсон. Нэр нь өөрчлөгдсөн болохоос агуулга, нэвтрүүлгийн бүтэц, зорилго өөрчлөгдөөгүй. Атрын анхны аян монголд явж эхлэхэд "Ургацын далай" нэвтрүүлэг гарч байсан. Энэ нэвтрүүлэг мөн 50 гаруй жил явж байна. Энэ мэт олон жил тасралтгүй явж байгаа түүхт нэвтрүүлэг олон байна. Мөн “Үдшийн үлгэрийн цаг” байна. Монгол хүүхдүүд бага байхаасаа эхлээд сонсож байсан. Одоо том болсон хойно нь ч энэ нэвтрүүлэг явж л байна. Үе үеийн хүүхдүүдэд монгол ардын болон сонгодог үлгэрүүдийг ярьж өгдөг. Тухайн үеийн нэвтрүүлэгт драмын театрын жүжигчид ирж, хүүхдүүд үлгэр ярьж өгдөг байсан. 

       Радио нэвтрүүлэг нь амьдралд ойр асуудлыг оновчтой хөндөж, цаг үеэ олсон, шуурхай, найруулга сайтай мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг сонсогчдын чихэнд наалдахуйц, сонсголонт хоолойгоор дамжуулах нь түүний нэг өвөрмөц тал юм. Ингэхдээ нэг өдрийн 17 цагийн эфирийн 40-50 хувийг шууд дамжуулан сонсогчдод хүргэдэг байсан бол энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эфирийнхээ 80 хувийг шууд дамжуулахаас гадна дүрстэй радиогийн системд шилжиж байна. МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Г.Батзаяа программын шинэчлэлийн талаар ийнхүү ярьж байна.

      МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Г.Батзаяа: Дэлхийн бусад оронд радиогийн хөгжил шууд формат руу шилжиж байна. Бичлэгийн нэвтрүүлгийн эзлэх хувь хэмжээ, бусад хөгжилтэй орнуудад харьцангуй бага болж байна. МҮОНР 2015 оноос хойш нийт эфирийнхээ 40 гаруй хувийг шууд дамжуулж байсан бол 9 сарын 1-ээс эхлээд 80 гаруй хувийг шууд дамжуулахаар болж байна. Энэ бол МҮОНР-ийн түүхэнд байгаагүй том шинэчлэл юм. Бичлэгийн нэвтрүүлэг шууд нэвтрүүлэг хоёрын ялгаа юу вэ гэхээр ерөөсөө л сонсогчтойгоо амьд харилцаа үүсгэх юм. Бид шууд хүргэж байгаа мэдээ мэдээллийнхээ дундуур сонсогчтойгоо холбогдон санаа бодлыг нь сонсож байна гэдэг нь редакц сонсогч хоёрын хооронд амьд харилцаа үүсч байна гэсэн үг. Үүнийг дагаад бидний хийж байгаа бас нэг томоохон ажил бол сошиал орчинд хэрхэн ажиллах вэ гэдэг асуудал. Ер нь гадны хэвлэл мэдээллийн байгууллагат үндсэн 2 суваг байдаг. Үндсэн суваг явж байхад сошиал орчинд давхар мэдээ мэдээллээ түгээх энэ ажлыг түлхүү явуулж байгаа. Одоо Монгол улсын хэмжээнд 1 сая 100 гаруй хүн фэйсбүүк хэрэглэж байна. Энэ олон хэрэглэгчид хандаж мэдээ мэдээллээ түлхүү түгээх зорилгоор МҮОНР дотроо сошиал хөгжүүлэх тусгай албыг байгуулаад зөвхөн фэйсбүүк гэхгүйгээр youtube, твиттер гээд бүх орчинд мэдээ мэдээлэл нэвтрүүлгээ цацна. Мөн дүрстэй радио гэж байдаг. Сонсогчид биднийг зөвхөн сонсдог байсан бол бидний нэвтрүүлгийг унших мөн дээрээс нь харах боломжтой болж байна. Тэгэхээр энэ радио гэдэг мэдээллийн хэрэгсэл маань хамгийн хүртээмжтэй хамгийн шуурхай байх ийм нөхцлийг хангах боломж бүрдэж байгаа юм.

      Монголын радио үүсэн байгуулагдсан 83 жилийн хугацаанд техникийн шинэчлэлийг гурван удаа хийжээ. Радиогийн техникийн шинэчлэлт болон, ирээдүйд тоон системд шилжихэд ямар нэгэн хүндрэлтэй зүйл байдаг уу. Энэ талаар ямар ажлууд хийгдэж байгаа тухай Радиогийн техникийн албаны дарга Д. Норжмаагаас тодруулсан юм.  

     Радиогийн техникийн албаны дарга Д. Норжмаа: МҮОНР бол 83 жилийн түүхтэй. Энэ хугацаанд анх 1959 онд анхны техникийн шинэчлэлийг хийж байсан. Хоёр дахь техникийн шинэчлэлийг 1989 онд радио телевизийн шинэ байр ашиглалтанд орох үед хийсэн байна. Хамгийн сүүлийн техникийн шинэчлэлийг 2010- 2013 оны хооронд үе шаттайгаар хийжээ. Энэ бол МҮОНР-ийн нэвтрүүлгийн дамжуулалтыг тоон технологит шилжүүлэх жил бүр төлөвлөгөөтэй хийгдсэн ийм том ажил байгаа. 1989 онд анх ашиглалтанд орж 21 жил болсон тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь сольсон. Ингэхдээ бид нар радиогийн нэвтрүүлгийг бичиж дамжуулах дамжуулалтыг эхний байдлаар хагас тоонд шилжүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дамжуулалт нь аналог хэлбэртэй, бичлэгийн студид нэвтрүүлэг бичих, хоорондоо солилцох үйл явц нь компьютерт бичигддэг болсон. 2013 онд нэвтрүүлгийн дамжуулалтыг автоматжуулсан программ хангамжид шилжүүлэх ийм ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар МҮОНР-ийн нэвтрүүлэг хагас тоон хэлбэрээр дамжуулагдаж байна. Учир нь Монгол орны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дамжуулах станцууд тоон технологит хараахан шилжээгүй байна. Тэгэхээр МҮОНР-ийн Студи тоон технологит бүрэн шилжсэн. Харин дамжуулалтын хувьд аналог хэлбэрээр явж байна. Цаашид дамжуулах станцууд тоон технологит шилжсэн тохиолдолд МҮОНР-ийн нэвтрүүлгийн дамжуулалт мөн тоон системд бүрэн шилжих юм. Энэ ажил ойрын 3 жилд багтаж ажил хэрэг болох төлөвтэй байна. МҮОНР-ийн нэвтрүүлгийг дамжууладг үндсэн 5 чадлын станц бий.

       МҮОНР-ийн хамт олон үйл ажиллагаандаа ямагт хараат бус байх, бодит мэдээ, мэдээллийг олж авах иргэдийнхээ эрхийг хүндэтгэн олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэн аж ахуйн нэгж, албан байгууллага, албан тушаалтан, хувь хүний болон аливаа нам улс төрийн хүчний эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг ямагт дээдлэх үндсэн зарчмыг удирдлагаа болгон ажилладаг билээ.

 

Үзсэн: 1976

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна