Хичээлийн шинэ жил эхэллээ
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар: “Улсын хөгжил иргэнээсээ иргэний хөгжил багшаасаа” гэсэн үзэл баримтлалын хүрээнд “Багшийн хөгжлийн төлөө” гэсэн уриан дор энэ хичээлийн жилийн эхэлж байна.
Өнөөдөр 9-р сарын 1. Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр. Жил жилийн энэ өдөр монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн өргөө, сургууль бүр хүүхэд сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдаж эрдмийн их аянаа эхлүүлдэг. 2017-2018-оны энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1400 гаруй цэцэрлэгт 240 гаруй мянган хүүхэд хүмүүжнэ. Харин ерөнхий боловсролын 790 гаруй сургуульд 561.6 мянган сурагч суралцана. Түүнчлэн 100 их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцах бол насан туршийн боловсролын 308 гаруй төвд 10.1 мянган суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Энэ хичээлийн шинэ жил хэд хэдэн онцлогтой. “Улсын хөгжил иргэнээсээ иргэний хөгжил багшаасаа” гэсэн үзэл баримтлалын хүрээнд “ Багшийн хөгжлийн төлөө” гэсэн уриан дор энэ хичээлийн жилийн гол зорилтыг хураангуйлан илэрхийлж байгаа гэж БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ярьж байна.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар: Бүтэц зохион байгуулалтын болон арга зүйн талын шинэчлэлүүдийг багагүй хийж ирсэн. Эдгээрийг хэрэгжүүлдэг гол хүч механизм нь зөвхөн багшийн үйл ажиллагаа юм. Тиймээс багш нарынхаа чадавхыг бэхжүүлж, хөгжүүлэх нь боловсролын салбарын гол асуудал болж байна. Тиймээс багшийн хөгжлийг дэмжих жил болгоод байгаа юм. Боловсролын тогтолцоог цаашдаа тогтвортой оновтой явах тэр хөрс суурийг бэлтгэх зарчим руу явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан нь шинэ хичээлийн жилийн бас нэг онцлог байлаа. Үүнтэй холбоотойгоор орон даяар “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор эхний хичээлийг явууллаа. Ингэхдээ багш болгон хүүхдийнхээ нас биений онцлогт тохируулаад хөтөлбөрөө баяжуулан хичээлээ заасан юм. “Эх хэлээ дээдлэнэ гэдэг нь зөвхөн хэлний тухай асуудал бус сэтгэлгээний тухай асуудал, эх оронч үзлийн асуудал” гэдгийг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар онцоллоо.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар: Эх хэл, сэтгэхгүй гэдэг хоёр том үзэгдэл бол хүмүүн төрөлхтний оюун сэтгэхүйн оршихуйн үндэс гэж үзэж болно. Тэр утгаараа эх хэлээ зөв хадагдаж хөгжүүлсэн үндэстэн оршин тогтноно. Хэл нь зөв оновчтой хөгжиж цаг үеэ тусгаж, улс үндэснийхээ онцлогийг хамгаалж, уламжлалаа бататгаж чадаж байвал сэтгэлгээ нь зөв хөгжинө. Сэтгэлгээ нь зөв хөгжинө. Сэтгэлгээ, хэл хоёр уялдаж хөгжсөн нөхцөлд орчин цагийн дэлхийн ертөнцтэй зөв харьцах бүх сувгууд оновчтой нээгдэнэ гэдэг утгаараа бол эх хэлээ дээдлэх гэдэг бол зөвхөн хэлний тухай асуудал бус сэтгэлгээний тухай асуудал, эх оронч үзлийн асуудал юм.
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд 241 сургууль үйл ажиллагаа явуулж 1-р ангид 31 мянга орчим хүүхэд сургуульд шинээр элсэн суралцаж байна. Тухайлбал Нийслэлийн Баянгол дүүргийн 40-р дунд сургуульд 2 мянга 200 гаруй сурагч 1-12-р ангидаа 64 бүлэгтээ хичээл эхэлж байна. Тус сургуулийн бага ангийн сургалтын менежер О.Цэцгээгээс сургуулийн онцлогийн талаар тодрууллаа.
Сургалтын менежер О.Цэцгээ: Нийслэлийн Баянгол дүүргийн 40-р дунд сургуулийн хувьд Хичээлийн шинэ жил сургалтын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловч шинэлэг бүтээлч хөтөлбөрүүдийг багш нар боловсруулсан. Уламжлалаа дээдэлсэн, харилцааны зөв соёлтой, хүнлэг энэрэнгүй, зөв мэндэлж хэвшиссэн, зорилго мөрөөдөлтэй тийм сурагчдыг бид гурван жилийн турш бэлтгэхийг зорьж ажилласан. Энэ дадлага туршлага дээр суурилаад, төгс хүүхдийг бэлтгэх тийм тэмүүлэлтэй ажиллана .
2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр төрийн өмчийн 17 сургууль, концессын гэрээгээр 4 сургууль, нийт 21-н сургуулийн барилга ашиглалтад орно. Эдгээрээс 4 төрийн өмчийн сургуулийн барилга 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орж байна. Бага ангийн хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцдаг бол дунд, ахлах ангид амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, ерөнхий боловсролын сургуульд 3 болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг төрөөс хариуцдаг. Түүнчлэн Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолын дагуу бага ангийн сурагчдын 100.0 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40.0 хүртэл хувийг төрөөс үнэ, төлбөргүй сурах бичгээр хангаж байна.
Монголын хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын хүсэн хүлээсэн эрдмийн их баяр “Хичээлийн шинэ жил” ийнхүү эхэллээ. Зуны гурван сар нам гүмхэн байсан нийслэл хот, аймгийн төв, суурин газрууд есөн сарын туршид хүүхэд, залуусын инээд, хөөр, дуу, шуугианд автах нь ээ.
Үзсэн: 1436
Tweet