Монгол хүүхдүүд гар утасны аппликэшн хөгжүүлэлтээр олон улсад өрсөлдлөө
БНСУ-ын Бусан хотод болсон “e-Icon” гар утасны аппликэшн хөгжүүлэлтийн олон улсын 7 дугаар тэмцээнээс "Шинэ-Эрин” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар шагналт байр эзэлжээ.
Солонгос Улсын Боловсролын яам, Ази Номхон Далайн орнуудын Боловсролын Хамтын Ажиллагааны Институтээс зохион байгуулдаг “e-Icon” гар утасны аппликэшн хөгжүүлэлтийн олон улсын 7 дугаар тэмцээн наймдугаар сарын 17-24 өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн Солонгос улсын Бусан хотын Шинжлэх, ухаан технологийн Улсан Үндэсний Инситут дээр болж "Шинэ-Эрин” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар амжилттай оролцож шагналт байр эзэлсэн байна.
Тус тэмцээн нь боловсролын салбарт олон улсын багш, сурагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага судлах, баг болж ажиллах боломжийг бүрдүүлснээр дэлхийн хэмжээний цахим сургалтыг хөгжүүлэх, олон үндэстний онцлог, соёл, зан заншлыг сургалтын орчинд нэвтрүүлэх үндсэн зорилготой юм байна. Дэлхийн 14 орны 160 багш, сурагч 38 багт хуваагдан өөрсдийн зохион бүтээсэн гар утасны програмаар өрсөлджээ. Нэг орноос 2 сурагч 1 багш нэг баг болж Солонгос улсын нэг багтай хамтран програм хөгжүүлэлтийг хийж, оролцсон байна. Тус тэмцээн нь энэ жил 7 дах удаагаа зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсаас анх удаа оролцсон багш, сурагчид амжилт гаргаснаар монгол хүүхдүүд мэдээллийн технологийн салбарт гар утасны аппликэшн хөгжүүлэлтээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай гэдгээ батлан харууллаа.
Үзсэн: 1081
Tweet