Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын загвар хуралдаан 2017


Densmaa 2017-08-28 08:08

Олон улсын хүүхдийн Найрамдал төвд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид дөрөв хоногийн турш дэлхийн болон улс орны хэмжээний асуудлыг хэлэлцсэн юм.

     70 гаруй жилийн түүхтэй олон улсын томоохон байгуулагуудын нэг болох НҮБ-ын загвар хуралдааныг ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд эх орондоо  зохион байгууллаа.  Хүүхдүүд Америк, Европ, Африк, Авсрали, Ази тивийн орнуудыг төлөөлөн оролцож дэлхийн улс орнуудад тулгамдаж буй геополитик, олон улсын харилцаа, эдийн засгийн хямрал, терроризм, эрүүл мэнд, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, байгалийн гамшиг зэрэг олон сэдвийг хөндөж, гарц шийдэл хайж англи хэлээр мэтгэлцэж байсан юм.

Тэд тулгамдаж буй асуудлуудаар зөвшилцөөд зогсохгүй түүнийгээ судлах, өөр түвшинд сэтгэх боломжийг  өөрсдөдөө олгож байгаа нь энэ. Сурагчид  англи хэлээр мэтгэлцэж, хэлний чадвараа дээшлүүлэх, албан бичиг боловсруулах  зэргээр олон зүйлд  суралцаж байгаа нь энэхүү хурлын бас нэгэн онцлог  байлаа. Тэдний санаачилсан анхны  хуралд  100 гаруй төлөөлөл оролцож байсан бол энэ удаад 200 гаруй ахлах ангийн сурагч оролцлоо. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн хүүхдүүд хамрагдаж байсан бол энэ удаад зөвхөн нийслэлийнхэн оролцжээ. Ийм загвар хурлыг олон улсын их дээд болон ахлах сургуулиудын хэмжээнд  400 гаруй удаа зохион явуулсан байдаг юм байна.

     Model United Nations буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын загвар хуралдаан дэлхийн өнцөг бүрт байрлах дунд сургуулиудаас эхлэн их сургуулийн хэмжээнд зохиогддог бөгөөд суралцдаг сургууль, хотоосоо үл хамааран сурагчид идэвхтэйгээр оролцдогоороо онцлогтой. Энэхүү загвар хуралдаанд олон улсын харилцаа, дэлхий нийтэд тулгамдаж байгаа НҮБ-ын “жинхэнэ” сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг бөгөөд НҮБ-н Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки-Мун, Киотаке Акасака зэрэг үе үеийн удирдагчид энэхүү мэтгэлцээн хэлбэрээр зохиогддог хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож байсан байдаг.

     НҮБ-ын загвар хуралдаан бол даяарчлалын нийгэмд амьдарч буйхүүхэд, залууст  дэлхий ертөнц, эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй мэдэж, дэлхийн талаар мэдлэгтэй, “дэлхийн хүн байх"-д суралцах боломжийг олгодгоороо давуу талтай. Оролцогч бүр нэг улсыг төлөөлөн, түүнийх нь салбар комисст орж хэлэлцэх сэдэв, улсынхаа талаар судлах хэрэгцээ зайлшгүй гардаг. Түүнчлэн дэлхийн удирдагчдын онцгойлон хөнддөг, дүрвэгсэд, энхийг сахиулагсад, хүрээлэн буй орчин гэх мэт дэлхий нийтийн сэдвүүдийн талаар мэдлэгээ өргөжүүлдэг юм байна.

     Бид НҮБ-ын загвар хуралдааны оролцогч Шинэ эхлэл сургуулийн 10-р ангийн сурагч С.Билэгт-Очиртой уулзаж ярилцсан юм.

    С.Билэгт-Очир: Энэ хурал англи хэл дээр явагддаг. Хуралд оролцохын тулд англиар эссэ бичиж өгдөг. 400-600 үгтэй хоёр эссэ бичдэг. Нэг дэх эссэ нь НҮБ-ын 9 салбар хуралдаанаас хоёрыг сонгож, энэ салбар хуралдаан орвол юу хийж чадах тухайгаа бичих, дараагийнх нь чөлөөт цагаараа юу хийх дуртай тухай бичих ёстой байсан. Ингээд миний бичсэн эссэ тэнцэж, энэ хуралд оролцож байгаа юм. Найрамдал зусланд байсан 3 хоногийн турш бүх хүүхдүүд англиар ярьж байсан. Анхандаа хурлын албан үгнүүдийг сурах хэцүү байсан боловч удалгүй бүгдээрээ амархан ойлголцож эхэлсэн. Уг хуралдаан маань 8 салбар хуралтай. Би түүхийн салбар хуралд оролцон. Найман салбар хурлаар НҮБ-д хамгийн чухалд тооцогддог, мөн дэлхий нийтэд тулгараад байгаа найман чухал сэдвийг хөндөж ярилцсан. Тухайлбал Африкийн ядуу улсуудыг хэрхэн ядуурал, хямралаас гаргах вэ? гэсэн сэдвээр эсвэл хуралдсан. Бас ЮНЕСКО-гийн салбар хуралдаанд хүүхдүүд дэлхийн улсуудыг төлөөлж оролцсон. Нэг хүүхэд Монголыг, нэг хүүхэд АНУ, өөр нэг хүүхэд Польшийг гэх мэтээр төлөөлж оролцож, өөр өөрийн улсуудын боловсрол, соёл, шинжлэх ухааны нөхцөл байдлын талаар танилцуулж, тулгарч буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэдэг байгаа. Манай салбар бол улс биш хүмүүсийг төлөөлж оролцсон. Энэ жил бид Монгол улсын эдийн засгийн хямралын тухай ярилцсан. Миний хувьд би Сүхбаатарын Батболдыг төлөөлж оролсон. Миний танилцсан хүүхэд Баабарыг дуурайж оролцож байсан. Тэр хүүхэд улс төрийн мэтгэлцээнд идэвхитэй оролцож, бас өөрийн санаа бодлыг хэлж, яг Баабар шиг байж чадаж байсан. Манай салбар хурлын хүүхдүүд дотроо 2-3 бүлэгт хуваагдсан. Нэг бүлэгт 5-6 хүүхэд орж, хамтдаа эдийн засгийн хямралаас гарах гарцыг эрэлхийлсэн. Ингээд 3 бүлгээс 3 өөр шийдэл гарсныг хурлын даргадаа өргөн барьж, санал хураалт явуулж манай бүлгийн өргөн барьсан төсөл олонхийн санал авч дэмжигдсэн байгаа. Бид эдийн засгийн хямралаас гарахын тулд татварын системийг боловсронгуй болгож, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан.

     НҮБ-ын загвар хуралдааныг Монголдоо анх удаагаа ахлах ангийнхны дунд 2015 онд зохион байгуулснаас хойш нийт 2 удаа зохиогдож Монгол улсын өнцөг булан бүрээс шалгарсан 68 сургуулийн 450 сурагчид хамрагджээ. Харин энэ жилийн хувьд 230 гаруй сурагч хуралдаанд оролцож, Найрамдал төвд бүтэн 4 өдрийн турш байрлаж манлайлж, багаар ажиллаж, илтгэл тавьж, судалгаа хийж, дипломат ёс ба харилцааны чадваруудаа хөгжүүлсэн юм. Хүүхдүүд хурлаар гаргасан шийдвэрээ НҮБ-ын Монгол дахь төлөөлөл байгууллагад хүргүүлжээ.

Монголын хүүхдүүд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хүүхдүүдтэй энэ зэрэгцэхүйц хэмжээнд сэтгэн бодож, түүнийгээ англиар илэрхийлж, мэтгэлцэж өөрийн ирээдүйд хөрөнгө оруулж байгаагийн нэг тод жишээг Олон улсын хүүхдийн Найрамдал төвд болсон НҮБ-ын загвар хуралдаанаас харж болохоор байлаа.

Үзсэн: 1780

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна