Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори амжилттай боллоо


Densmaa 2017-08-03 05:08

Жемборигийн үеэр гадаадын зочид, оролцогчдод зориулсан олон арга хэмжээг зохион байгуулж байсан нь гадаадын олон орны хүүхэд, залууст Монгол орон, монгол ёс заншилтай танилцах боломжийг олгож байв.

      Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв долоо хоногийн туршид өнгө өнгийн дүрэмт хувцсаар ижилссэн скаут хүүхэд залуусын хөл хөдөлгөөнөөр дүүрэн байлаа. Нийслэл Улаанбаатар хотын төвөөс 32 км-т орших олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд 7-р сарын 28-оос 8-р сарын 3-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори буюу “Майхант цугларалт”-д 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нарын 7500 хүүхэд оролцсон юм. Урд хожид манай оронд гадна дотны ийм олон хүүхдийг хамарсан үйл ажиллагаа болж байгаагүйг зохион байгуулагчид онцолж байлаа. Дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын скаутуудын майхант цугларалтын 31 дэх удаагийнхыг Монголын Скаутын Холбоо, МУ-ын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Найрамдал” цогцолбор зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.  

      Ази Номхон далайн бүсийн 31-р Жемборийн нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн Скаутын хөдөлгөөний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Алхендав нар өөрсдийн мэндчилгээг төлөөлөгчдөөрөө дамжуулан хүргэснийг уншиж сонордуулсан юм.

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Жембори-д оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ “Монгол Улсад Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн үүсгэн байгуулагдсан МСХ эдүгээ дэлхийд данстай томоохон байгууллага болон өргөжжээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд дэлхийн 40 орны 7500 хүүхэд залуус оролцож буй нь монголын хүүхдийн байгууллагын түүхэнд бичигдэх томоохон арга хэмжээ болж байна. Скаут хүүхэд зориг тэмүүлэлтэй, бие даасан, ажилч хичээнгүй иргэн болж төлөвшдөг билээ. Хүүхэд залуучууд та бүхнийг нэг нэгнээсээ ихийг сурч өсөж дэвжинэ гэдэгт итгэж байна” гэсэн бол Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат “Өнөөдөр дэлхий даяар оюун ухааны хөгжлөөс гадна оюун санааны хөгжлийг нэгдүгээрт тавьдаг болжээ. Энэ нь хүүхдээ мэдлэгтэй, ухаантай болгохоос гадна, нийгмийн сайн элч болгох гэсэн зорилго билээ. Тэгвэл сайн хүн болохын тулд хамт олон маш чухал ач холбогдолтой юм. Скаутын хөдөлгөөн нь энэ чиглэлээр зуу гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байгууллага юм. Жембори чуулга уулзалт нь дэлхийн аль ч улсад зохион байгуулагдсан хүүхдүүд майханд амьдарч, хоол хүнсээ өөрсдөө хийж, амьдрах орчноо өөрсдөө бий болгодог олон улсын стандарт бүхий арга хэмжээ билээ. Нийт скаутууд та бүхэндээ Монгол эх оронд тавтай саатхыг урьж байна” хэмээн мэндчилснийг Найрамдалын дэнж дээр цугларсан 40 орны скаут хүүхэд залуучуудад уншиж танилцуулснаар Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори нээлтээ хийсэн юм.

    Энэ удаагийн Ази Номхон далайн бүсийн Жембори - Майхант цугларалтын үеэр скаутууд долоо хоногийн турш “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүлснээрээ онцлог байлаа. Өөрөөр хэлбэл Жемборигийн үйл ажиллагаа тэр чигээрээ монгол соёл, ёс заншил, уламжлал, уур амьсгалыг бүрдүүлсэн байсан юм. Мөн Жемборигин бүтцийн зохион байгуулалтыг Эзэн Чингис хааны цэргийн 10-т, 100-т, 1000-тын систем дээр үндэслэн зохион байгуулсан юм. Түүнчлэн оролцогч скаут хүүхдүүд үйл ажиллагааны хувьд өөр өөрийн онцлогтой 4 цогцолбор, 10 өртөөгөөр аялаж байлаа. Бид МСХ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г. Ариунчулуунтай уулзаж эдгээр өртөө, цогцолборын талаар асууж тодруулсан юм.

   Г. Ариунчулуун: Энэ арга хэмжээг зохион байгуулахын тулд бид хүүхдүүдийг арав арваар нь салаа болгосон. Нэг дэд зусланд дөрвөн хотхон, дөрвөн хотхон нь дотроо дөрвөн бүлэг, дөрвөн бүлэг нь дотроо дөрвөн салаатай гэх мэт 40, 160 гэсэн зохион байгуулалттай байгаа. Тэгэхээр нэг хотхонд ойролцоогоор 1200 гаруй хүүхэд байгаа юм. “Нийгмийн хөгжлийн хотхон” буюу иргэнийхээ хувьд мэдэж байх ёстой нийгмийн мэдлэг, мэдээллийг өгч байгаа хотхон ажиллаж байна. Мөн “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” буюу хүүхдүүдэд шинэ мэдлэг олгох цогцолбор байна. Түүнчлэн Скаут цогцолбор байна. Бид энэ цогцолборыг “Браунси арал” гэж нэрлэсэн байгаа. Энд хүүхдүүдэд шинэ дадал чадвар олгох зорилгоор байгуулсан. Дөрөв дэх нь “Адал явдалт цогцолбор” гэж байгаа. Энэ нь өөрийгөө сорьж үзэх, өөрийнхөө хүч чадлыг сорих, тодорхой хэмжээний саад бэрхшээлийг багаараа даван туулж, даалгавар биелүүлэх ийм сонирхолтой цогцолбор байгаа юм. Түүнээс гадна гадаадын скаут хүүхдүүддээ зориулаад “Нүүдэлчин цогцолбор” буюу монголын нүүдлийн соёлыг дэлхий даяр танилцуулах ийм цогцолборыг ажиллуулж байна. Энд монгол гэр барих, морь, тэмээ унах гэх мэт монголын соёл, ёс заншлыг мэдэх боломжтой. Мөн орой бүр хүүхдэд зориулсан соёл амралтын арга хэмжээнүүд явагдаж байгаа. Ер нь энэ бол хүүхдийн хөгжлийн талбар, хүүхэд өөрийгөө нээх, өөрөө өөрийгөө амьдралд сургах, хамт олонтойгоо цуг хөгжих, үйл ажиллагааныхаа явцад суралцах энэ бүх нөхцөл бололцоог олгосон ийм арга хэмжээ юм. Энд ээж ааваасаа салж үзээгүй хүүхдүүд ч бий, анх удаа майханд амьдарч үзэж байгаа хүүхдүүд ч байна. Тэдгээр хүүхдүүдэд бүгдэд нь сорилт ирж байгаа. Түүнийг даван туулах, хамт олонтойгоо эв нэгдэлтэй байх, хамтран шийдвэр гаргаж, түүнийгээ гүйцэтгэх, хамт олныхоо дунд ямарваа нэг үүрэг хариуцлага хүлээж, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээж, зүтгэх гэх мэт дадал чадварыг олгож байна. Скаутын хөтөлбөрийг амьдралд бэлтгэх албан бус хөтөлбөр гэж үздэг. Бид энэхүү арга хэмжээг олон улсын стандартын дагуу олон улсын хүүхдийн “Найрамдал” төв дээр 7 хоногийн туршид зохион байгуулж байгаа юм.

     Жембори гэдэг нь “цугларалт” гэсэн утгатай үг бөгөөд Скаутын хөдөлгөөн үүссэн улс орон болгон Үндэсний онцлогтой Жембори зохион байгуулдаг. Жембори нь хүүхэд, залуучуудад богино хугацаанд олон төрлийн шинэ мэдлэг, дадал, чадвар эзэмшиж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцаж, хамтран амьдарч, хамтран суралцах, хамт олныхоо нэгэн гишүүний хувьд хариуцлага хүлээн, шийдвэр гаргах, гадаад дотоодын зорилго нэгт андуудтайгаа үерхэн нөхөрлөх сайхан боломжийг олгодог нэг ёсны хөгжлийн талбар юм. Монголд одоогоор 11000 хүүхэд, залуучууд скаутын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Гишүүн болон сонирхогч 6 - 25 насны хүүхэд залуучууд өөрийн сонголт, сонирхлоор орон нутгийнхаа скаутын салаа, бүлэг, бүлгэмд харьяалагдаж нийгэм, хүрээлэн буй орчиндоо скаутын олон талт үйл ажиллагаанд жилийн турш зохион байгуулалттай оролцдог. Оролцсон үйл ажиллагааны явцад бий болгосон хөгжил, чадвараа өөрөө бодитой харах, хянах, үнэлэх бусадтай харьцуулах зорилгоор Жембори хэмээх майхант цугларалтад оролцдог байна. Скаутын хөдөлгөөн Монгол улсад үүсч хөгжсөн 25 жилийн хугацаанд орон нутгийн майхант цугларалтыг 100 гаруй удаа, Үндэсний Жембориг 5 удаа зохион байгуулж байжээ. Хүүхдүүдийн сэрэх, унтах, хооллох, тоглох, өөртөө үйлчлэх гээд Жемборийн бүхий л ажил үйлчилгээ, үйл ажиллагаа бүрийг цаг минутаар тооцож, хэн, хаана, хэзээ, юу хийж байгаа нь маш тодорхой, зохион байгуулалттай байх бөгөөд тухайн орчны эрсдэл, аюулгүй байдлыг ч нарийн тооцсон байдаг байна.  Энэ удаагийн Жемборийн 7 хоногт оролцогч хүүхдүүд бүгд майханд амьдарч “хавар, зун, намар, өвөл” гэсэн 4 дэд зусланд хуваагдан орсон. “Майхант цугларалт”-ын үеэр скаутууд өөрсдийн гараар хоол цайгаа хийж идэх гал тогоо, усанд орох шүршүүр, бие засах газраа байгуулж, олон орны хүүхдүүдтэй танилцаж, найзалж нөхөрлөн, амьдрах ухаанд суралцаж байлаа. Бид 31-р Жемборид оролцож байгаа Австралийн скаутуудын өртөөнд зочилж, үйл ажиллагааных нь талаар асууж сонирхсон юм.

     Намайг Лин гэдэг. Авсралиас ирсэн скаут. Би скаутын хөдөлгөөнд нэгдээд 27 жил болж байна. Скаут байх нь маш хөгжилтэй байдаг. Энэ удаагийн Жемборигийн үеэд бид олон орны хүүхэд залуучуудад тэвчээртэй, энх тайванч байх талаар зааж сургаж байна. Манай өртөөнд ирснээр скаут хүүхдүүд маань “Messenger of peace” буюу “Энхтайвны зууч” гэдэг үйл ажиллагаанд оролцож байна. Энэхүү үйл ажиллагаа нь олон орны скаут хүүхдүүдэд өөрийн амьдарч байгаа газар орондоо хэрхэн энхтайвны зууч болж болох талаар зааж өгч байгаа Дэлхийн Скаутын хөдөлгөөний байгууллагаас гаргасан хөтөлбөр юм.

   Монголын Скаутын холбоо, Олон улсын “Найрамдал” цогцолбортой хамтран 31-р Жемборид оролцож байгаа гадна дотны скаут хүүхдүүдэд Монгол ёс заншил түүх соёлыг сурталчлах чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн нь харагдаж байлаа. Жишээ нь “Нүүдэлчин” цогцолбор, хуурч өвгөн, таван хошуу малын хөшөө зэрэг нь зөвхөн энэ удаагийн Жемборид бус үеийн  үед “Найрамдал” төвд амрах хүүхдүүдэд зориулсан бүтээн байгуулалт болсон байв. Мөн 31-р “Майхант цугларалт”-ын үеэр гадаадын зочид, оролцогчдод зориулсан, бэсрэг наадам зохион байгуулж, монгол гэр барьж, монгол хоол, цагаан идээ бэлтгэн хүүхдүүдэд морь тэмээ унах, сур харвах, бөх барилдах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байсан нь гадаадын олон орны хүүхэд, залууст Монгол орон, монголчуудын ёс заншлыг танилцуулах томоохон сурталчилгаа болж өгсөн нь энэ удаагийн Жемборигийн онцлог байлаа.  

Үзсэн: 1563

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна