Улаанбаатар хот БНСУ-ын Юнын хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг "Хоёр хотын харилцаа урлаг, соёлын хамтын ажиллагаагаар эхэлж, цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өчигдөр БНСУ-ын Юнын хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Жүн Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хоёр хотын хооронд урлаг соёл, аялал жуулчлал болоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцсан байна.
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Хоёр хотын ИТХ хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үүнийхээ хүрээнд хотын дарга нарыг холбож хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Хоёр хотын дарга нар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод танай хотын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах талаар санамж бичигт тусган хэрэгжүүлэх болно” гэсэн юм.
Юнын хотын ИТХ-ын дарга Ким Жүн Шиг хариуд нь хэлэхдээ “Манай хот хурдацтай хөгжиж буй хот. Хоёр хотын харилцаа урлаг, соёлын хамтын ажиллагаагаар эхэлж, цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Миний бие ИТХ-ын даргын хувьд хоёр хотын хамтын ажиллагааг бүх хүч бололцоогоо дайчлан, дэмжин ажиллах болно” гэлээ.
Үзсэн: 992
Tweet