Нүүрсний экспорт өсөлттэй байна
Оны эхны хагас жилийн байдлаар нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 50-иас дээш хувийг нүүрсний экспортоос олсон орлого дангаараа эзэлж байгаа юм.
Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс тоо хэмжээний хувьд хоёр дахин, үнийн дүнгээр дөрөв дахин өсөөд байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээс харвал оны эхний зургаан сард нүүрсний экспорт 19.1 сая тонныг давж, нэг тэрбум 282.3 сая ам.долларын орлого олжээ. Үндсэндээ оны эхний хагас жилийн дүнгээр өмнөх жилүүдийн бүтэн жилийн дундажтай тэнцэхүйц хэмжээний нүүрсний экспорт хийгээд байгаа юм байна. Экспортолсон нүүрсний дийлэнхийг боловсруулаагүй, чулуун нүүрсний экспорт бүрдүүлжээ. Тайлант хугацаанд нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 50-иас дээш хувийг нүүрсний экспортоос олсон орлого дангаараа эзэлж байгаа юм. Нүүрсний экспортын дийлэнх хэсгийг “Эрдэнэс Тавантолгой”-ийн экспорт бүрдүүлж байна. Зүүн болон баруун Цанхид олборлолт зэрэг явагдаж байгаагаас гадна экспортын үнээ өмнөх оны мөн үеэс харьцангуй нэмэгдүүлж чадсан байна. Мөн нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайтын боомтын нэвтрэлтийг сайжруулсан нь экспорт өсөхөд нөлөөлсөн гэж харж болохоор байна.
Үзсэн: 1529
Tweet