Берлин хотын захирагч айлчилж байна
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер боловсролын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна гэлээ.
Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид долоон сарын 17-19-ний өдрүүдэд Монгол улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Танай орны сургалтын чанар маш өндөр учраас Берлин хотод очиж суралцах Монгол оюутны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Улаанбаатар хотын зүгээс бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын захирагч Михаель Мюллер “Улаанбаатар хот бол манай хоттой их төстэй, залуужсан, хөгжиж яваа хот. Бид нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох, мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байна” гэв.
Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүлээн авч уулзах юм.
Үзсэн: 1137
Tweet