"Монгол - Японы харилцаа 45 жил"
Японы засгийн газар Монголын олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллсаар ирсэн.
Япон улсаас Монгол улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны төсөл 1977 онд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт үндэслэн “Говь” ноолуурын үйлдвэрийг барьж, байгуулах буцалтгүй тусламжаар эхэлж, 1989 он хүртэл дадлагажигч хүлээн авах, мэргэжилтэн томилох, тоног төхөөрөмж нийлүүлэх зэргийг голлосон техникийн хамтын ажиллагаа, соёлын буцалтгүй тусламж гэх зэрэг салбарт хамтран ажиллаж байсан. Түүний дараа 1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш Япон улсын буцалтгүй тусламж бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. Ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа буцалтгүй тусламжийг олон улсын хандивлагч байгууллагуудтай уялдаа холбоотойгоор дэд бүтэц цахилгаан станц, харилцаа холбоо, тээвэр, хөдөө, аж ахуйн салбарт тусламж үзүүлж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед монголын ард түмний ахуй амьдралд тусламж дэмжлэг үзүүлсэн. Японы буцалтгүй тусламжаар 55 бага, дунд сургуулийн байр, 668 анги танхим шинээр байгуулсан байна. Эдгээр сургуульд нийт 24,000 хүүхэд суралцаж байна. Тэгвэл эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, гал унтраах машин, хогны машин зэрэг гамшиг, эрүүл ахуйн зориулалт бүхий автомашин нийлүүлэх, Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж байгуулах төсөл хэрэгжиж, хотын иргэдэд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулж ирсэн билээ.
1990 оноос Японы ард түмний “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр Монгол орны аймаг бүрт сургууль, эмнэлгийн барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэргээр оршин суугчдын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх төслүүд хэрэгжсэн. 2017 оны 3 дугаар сарын байдлаар нийт 504 төслийг хэрэгжүүлээд байна. Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хот дахь хүн амын төвлөрөл ихэссэний улмаас агаарын бохирдол зэрэг байгаль орчны асуудал хотын нэн тулгамдсан асуудал болсон тул 2010 оноос “Агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж, агаарын бохирдлын хэмжилтийн техник, технологийг сайжруулж, японы байгаль орчны бодлого, тогтолцоотой холбоо бүхий туршлагаасаа хуваалцан техникийн зөвлөгөө өгч байна.
Иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бага хүүтэй, урт хугацааны зээл олгож, нүүрсний уурхайн байгууламжийг засварлах, холбогдох сэлбэг хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, дулааны цахилгаан станцад засвар үйлчилгээг тогтмол хийх, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал Улаанбаатараас 40-өөд км-ын зайтай Хөшигийн хөндийд баригдаж байгаа Олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа билээ. Дэлхийн стандартад нийцсэн нисэх онгоцны буудал барих ажлын гүйцэтгэгчээр Японы “Мицүбиши”, “Чиёода” гэж хоёр компани ажиллаж байгаа юм. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнээс тодрууллаа.
Р.Мэргэн: Энэ жил нэг онцлог үйл явдал тохиож байна. Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтанд ороход бэлэн болоод хурдын зам тавигдаж байна. Ирэх жилдээ багтаад ашиглалтанд орно. Одоогийн Чингис хаан олон улсын нисэх буудлаас гурав дахин илүү үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Одоогоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь жилдээ сая орчим хүнд үйлчилж байна. Үүнийг эхний ээлжинд нэмэгдүүлж 2 сая болгох төлөвлөгөө гаргасан. Гадаадын болон дотоодын нислэгийн тоо нэмэгдэх учиртай. Нисэхийн салбар шууд хөгжчихдөг салбар биш. Олон зүйлтэй уялдаатайгаар хамт хөгждөг. Нисэх онгоцны буудал нь байна. Түүнчлэн дэд бүтэц нь хөгжих хэрэгтэй. Агаарын тээвэрлэгч компаний үйлчилгээ нэмэгдэж аялал жуулчлалыг мөн хөгжүүлэх учиртай.
Манай улсын эрчим хүчний салбарт өнгөрсөн 25 жилд Япон улс хамгийн их дэмжлэг, техникийн туслалцааг үзүүлж ирсэн. Салбарын хамгийн том станц болох IV станцын шинэчлэлийн ажлуудыг Японы хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байсан. Мөн Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчийг хангадаг Багануурын нүүрсний уурхай болон Шивээ-Овоон нүүрсний уурхайн шинэчлэлүүд мөн адил Япон улсын зээлийн хөрөнгөөр хийгдсэн. Одоо ч эдгээр төсөл үргэлжилж, эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа. Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төслүүдээс V цахилгаан станц, Тавантолгойн станцууд, нар салхины эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдэд Японы гүйцэтгэгч компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Тэдгээрийн зарим нь баригдаад ашиглалтад орсон. Өөрөөр хэлбэл, манай хоёр улсын хамтын ажиллагаа эрчим хүчний салбарт ихээхэн боломжийг бий болгож байна. Мөн 2014-2015 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж улмаар 2016 оны 9 дүгээр сард Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжих зорилгоор хоёр улсын хувийн хэвшлийнхний хамтарсан төсөлд Япон Улсын Засгийн газар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтарсан зээл олгосон.
Япончууд манай улсын уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн тогтолцоог өөрчилж, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоотойгоор аж үйлдвэрийн салбарыг төрөлжүүлэх зорилтыг дэмжин ажилладаг. Энэ хүрээнд монголын жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, урт хугацаатай “ЖДҮ-ийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл”-ийн төслийг 2005, 2010 онд хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс гадна Монгол улсад нэн шаардлагатай аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, Монгол улсын техник, технологийн салбарын боловсон хүчинг бэлтгэх хүчин чадлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж, монгол залуусыг Японд сургаж байна.
Энэ мэтчилэн Японы Засгийн газар нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллсаар ирсэн төдийгүй 2017 оны 3 дугаар сарын сүүлийн байдлаар нийт тусламжийн хэмжээ 289 тэрбум 400 сая иенд хүрээд байна.
Үзсэн: 1160
Tweet