"Их бичгийн хүн, Соён гэгээрүүлэгч Ванчинбалын Инжинаш"
Их Монгол улсын уран зохиол, уламжлалт соёл, түүхэн сэтгэлгээнд гайхамшигтай хувь нэмэр оруулсан, Их бичгийн хүн, Соён гэгээрүүлэгч Ванчинбалын Инжинашийн мэндэлсэний 180 жилийн ойд зориулвай...
Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй...
Ванчинбалын Инжинаш
Их Эзэн Чингис хааны хойч ургийнхнаас Монголын түүх соёлын алтан хуудаснаа мөнхийн бүтээлээ үлдээсэн хүмүүний нэг нь тайж В.Инжинаш.
Их бичгийн хүн В. Инжинаш 1837 онд Өвөр монголын Зостын чуулганы Түмэд баруун хошууны "Шудрага бат хороо"-ны туслагч тайж Их эзэн Богд Чингисийн 27-р үеийн ач Ванчинбалын долдугаар хүү болон мэндэлжээ. Зостын чуулган нь XIX зууны үед Өвөр монголын олон чуулганы дотор, Манж Чин улсын нийслэл хотоос хамгийн ойр оршдог, монгол хятад иргэд холилдон сууршсан газар байж. Энэ байдал Зостын чуулганыг эдийн засаг, соёлын талаар дотор газартай нягт харилцаатай болгож, түмэд монголчуудын дунд хятадын соёлын болон амьдралын хэв загвар нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж өгч байв.
Инжинашийн эцэг Ванчинбал өндөр боловсролтой, угсаа язгууртай тайж хүн байв. Монгол, хятад, төвд, манж зэрэг олон хэлний ном судар цуглуулан хадгалж, түүх шастир судлан шүлэг зохиол туурвиж байсан нь багаасаа ухаан сэргэлэн Инжинашийн уран бүтээл зохион туурвихад асар их нөлөөлсөн байна. Монголын утга зохиолын түүхэнд эцэг Ванчинбалтайгаа нийлээд нэг айлаас таван бичгийн хүмүүн төрж, яруу найргийн үнэт өвийг хойч үедээ үлдээсэн нь бахархалтай хэрэг, дэлхийн утга зохиолын түүхэнд ч онцлон тэмдэглэвэл зохих үйл явдал мөн билээ.
Инжинаш монгол, хятад, төвд, манж хэлийг нэвтэрхий сурч, арваад наснаасаа шүлэг, дуу бичиж, түүндээ зориулан зураг зуран хавсаргаж байсан төдийгүй хорин хэдэн наснаасаа морин хуурын үлгэр тууль зохиож, харь хэлнээс ном судар орчуулах ажил хийж, утга зохиол, түүх шастир, шүлэг найргийн талаар онолын шинж чанартай өгүүллийг монголоор туурьвиж, уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн байна.
Инжинашийн "Цагаан үүл", "Хөх хад" зэрэг шүлэг нь түүний залуу үеийг төлөөлөх яруу найргийн бүтээл бөгөөд залуу насныхаа амьдралаас сэдэвлэж "Улаан өнгөтний нулимс", дорно дахины бичгийн үлгэрийн хэв маягийг бүтээлчээр ашиглаж “Нэгэн давхар асар”, “Улаанаа уйлах танхим” хэмээх хоймсон зохиолыг гучаад насандаа туурьваж байжээ.
Түүний зохиол бүтээлээс хамгийн алдартай нь Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” түүхэн роман юм. Хөх судар нийтдээ 200 шахам жилийн үйл явдлыг хамарсан 120 бүлэгтэй. Бидний үед уламжлагдан ирсэн “Хөх судар”-ыг Инжинаш 120 бүлэг дуустал бичсэн гэдэг боловч одоогоор 69 бүлэг нь олдоод байна. Энэ нь 1161-1241 он хүртэлх үеийн Монголын түүхийг уран сайхнаар дүрсэлсэн бүтээл юм.
Их Юань улсын мандсан төрийн “Хөх судар” романы эхний найман бүлгийг эцэг Ванчинбал нь 1830 оны үеэс үүсгэн бичиж эхлээд В.Инжинаш 1871 оноос үргэлжлүүлж, 1891 оныг хүртэл хорин жил бичжээ. В.Инжинаш уг зохиолоо түүхэн баримтад захируулан бичсэнгүй элдэв сонирхолтой дүр дүрслэлийг өргөнөөр ашиглан бичсэн байна.
Ухамсарт амьдралаа бийр цаастай нөхөрлөж, Чин гүрний харгис бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан В.Инжинаш их улс доторх цөөнх үндэстэн тул арга буюу хүчин мөхстөж тэмцлээ уран бүтээлдээ шингээн гаргадаг байжээ. Энэ тухай тэрбээр “Ертөнцийн дээр буруу ёс удаж үл болно. Бусчир сургаал дэлгэрч үл оршино” хэмээн цаг үеийн ёс бусыг эсэргүүцэж, “Харгис түшмэл, ховдог сайд улсаар дүүрэн буй” хэмээн чичилж, “Аяа, юутай учралтай хувь заяа, юутай хорсолтой хууль ёс вэ!” гэж халаглаж байв.
"Хөх судар"-т "Алтан товч", "Их юань улсын нууц судар" зэрэг монголоор бичигдсэн түүхийн сурвалж бичгүүдээс гадна "Юань улсын түүх", "Тун цзянь ган му бичиг" зэрэг хятадаар бичигдсэн монголын түүхтэй холбоотой олон ном судрыг ашигласан байна. Уг түүхэн романд XIII зууны үеийн монголын түүх Чингис хааны олон улс, аймгийг нэгтгэж хаан төрийг тогтоосноос Өгөдэй хааны үе хүртлэх үйл явдлыг уран сайхны аргаар чимэглэн өгүүлсэн билээ.
Инжинаш “Хөх судар”-аа туурвихдаа өөрийнх нь тэмдэглэснээр доорх арван анги судрыг үзэж судлажээ. Үүнд: “Мандсан төрийн хөх судар”, “Чингис хааны сул шастир”, “Богд Чингисийн орчлонгуудын хэлэлцээ”, “Их Юань улсын төвийн судар” зэрэг судар багтаж буй юм.
Тэрээр түүхийн үнэнийг гажуудуулалгүйгээр бичихийг эрмэлзсэнээ “…хожмын мэргэд энэ арван зүйлийн судрыг бүртгэн үзэхүй дор машид төвөг, яршиг болохгүйн тул тайж Инжинаш би гээгдэж орхигдуулсан бүхнийг үсэг бадаг дараалан цөм эрэн бүртгэн гаргаж, хамтаарыг цөм үес үест нь бүртгэн оруулж бүрэн бүтэн болгож Монголын уг учраа мэдсүгэй хэмээгчдэд хялбар болгов ” гээд “Хөх судар”-ыг бичих ахуйдаа идэх хоол, унтах нойрыг умартсанаа “…үс цайж, царай атиран, мах турж, шөрмөс сунахуйд хүрсэн” хэмээжээ.
Академич Д.Цэрэнсодном “Их Юань улсын мандсан төрийн Хөх судар нь нэрнээсээ эхлээд судалгааны асар их үнэ цэнэтэй бүтээл” хэмээн онцолж байлаа. Тэрээр цааш ярихдаа “Юань” гэдэг хятадаар дөрөвхөн зурлагатай бичээс. Гэхдээ одоо болтол миний олж мэдсэнээр Юань гэсэн задаргааг тайлж чадаагүй байна. Гагцхүү манай дорно дахины нэрт эрдэмтэн Цэнд гүний охин Хандсүрэн гуай л Жүжан хэмээх ганц зохиолынхоо ард бичсэн бий. Энэ бол их сонин юм байна лээ. Энэ Юань гэдэг үгийн задаргааг авч үзвэл энэ дотор тэнгэрийн дор хүмүүн заларна гэсэн гүнзгий утга байгаа юм.
Юань гэдэг үгийг миний олж үзсэн анхны сурвалжаар бол 2000 жилийн тэртээ холбогдоно. Эртний хятадын Шан тан, дараа нь Жоу улс орно. Жоугийн үед тэмдэглэгдсэн сурвалж дээр Юань Ха Ван гэж хүний нэр гарч байна. Энэ хүн бол Тангийн төрийг мөхөөсөн. Энэ бол нэг ёсондоо монгол язгуурын хүн. Тэр Юань гэдгийг Үзэмчин Гомбожав энэ бол овгийн нэр гэж тайлсан. Тэхээр Юань гэдэг овог бол Тангийн төрийг мөхөөсөн, Хубилай цэцэн хаан бол Сүнгийн төрийг мөхөөсөн. Тэгээд Сүн улсыг мөхөөсний дараагаар бол Их Юань улс гэж нэрлэсэн учир ийм байна. Тэхээр зөвхөн Их Юань улсын мандсан төрийн Хөх судар нэрийн тухай гайхалтай сонин илтгэл тавьж болно гэсэн юм.
Монголчууд түүхээ гурван чиглэлээр бичиж иржээ. Гол гол үйл явдлыг хураангуйлан товчоолж бичдэг нэг ёс байна. “Алтан товч”, “Эрдэнийн товч”, “Нууц товчоо” гэх зэрэг. Хоёр дахь нь Он тооллын дарааллаар хэлхэж бичдэг. Энийг эрхи гэдэг. “Эрдэнийн эрхи”, “Болор эрхи”. Гурав дугаарх нь сударчилж бичих. Сударчилж бичих гэдэг нь санскрит хэлний “сутра” гэсэн үгнээс гаралтай. Бурхан багшийн айлдсан зарлиг сургаалийн номыг судар хэмээн хураадаг. Судрын тухай нэрт эрдэмтэн Павелевскийн толинд хэл зүйн зохиолоос аваад гүн ухааныг хүртэлх асар уудам зайнд сэлгэж бичихийг судар хэмээнэ гэжээ. Их зохиолч Инжинашийн Их Юань улсын мандсан төрийн хөх судар нь түүхэн бодит үнэнийг уран сайхны аргаар дагнаас хийж бичсэн зохиол ажгуу.
В.Инжинаш бол Монголын төдийгүй дэлхийн хүмүүн бөлгөө. Түүний өв яндашгүй зохиол бүтээлээс судлан шинжлэх, суралцан анхаарах зүйл үй түм буй. Манайхан Инжинашийг судлаж байна. Инжинашийн зохиолын доторх уран сайхны дүрслэл, янз бүрийн ойлголтуудыг өөрийнхөө мэддэг зүйлтэй харьцуулах гээд байдаг. Тэгвэл бидэнд харьцуулах зүйл их байгааг академич Цэрэнсодном Инжинаш залуу судлаач нартаа хэллээ.
“Их эрдэмтний боловсорсон соёл нь 18-р зууны сүүл 19-р зууны эх билээ. Тэр үед Өвөрмонголын Харчин, Хорчингоос эхлээд Дарьгангын хошуу, наашаа яваад Богдын хүрээ хүртэл дэлгэрсэн “Гэнэсэн үлгэр” гэж байгаа. Тиймээс Инжинашийн зохиолыг судлах арга барил, туурвил зүйн хувьд анхаарууштай зүйл” байгааг академич Д.Цэрэнсодном хойч үедээ сонирхуулан ярьлаа.
Д. Цэрэнсодном: 1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн хуралд Ринчин гуай “Гэнэсэн үлгэр” гэж илтгэл тавьсан нь огт санаандгүй хэрэг бишээ. “Гэнэсэн үлгэр” бол 19-р зууны үед үүсэхдээ аргаа барсан ажилгүй хэдэн улс хуур хуучир тоглоод байгаадаа биш юм шүү. 19-р зууны үед бол дэлхийн хэмжээний утга соёлын том реформ хувьсгал гарсан. Хуучин тэр мангас махчин, элдэв зүйлд итгэхээ болиод реалист маягийн зохиол руу хүн төрөлхтөн орсон. Тэр хөрсөн дээр туульсын зохиол бүдгэрсэн газар Дорнод монголын манай өвөрлөгч нар энэ үлгэрийг гаргасан. “Гэнэсэн үлгэр”-ийн гол үйл явдал юу байна гэхээр, эртний Шан Тангийн үлгэр, Сүн улсын үлгэр, Гурван улсын үлгэр голлож байна. Тэхээр энэ үлгэрийн үг хэллэг нь Инжинашийн зохиолд мөр мөрөөрөө байдаг. Жишээ нь Үүрүү модон ширээг Өнгийн нь гартал зүлгэлээ Өнөөгийн ирсэн зочиндоо Өргөө маягаа байдгийм даа, Лумтан алаг нүдэнд нь Лус болоод савдаг байсан байна гээд яг ийм хэллэг Инжинашид байгаа. Энэ нь Гэнэсэн үлгэрийн завсрын шүлэгнүүд. Ийм учраас Инжинашийн лаборатори луу өнгийж харъя гэвэл Гэнэсэн үлгэрийг судлах хэрэгтэй.
В.Инжинашийн “Хөх судар” тэргүүтэн зохиолууд гар бичмэлээр монгол туургатан, язгууртан айлуудаар хуулагдан дамжиж явсаар хорин нэгдүгээр зуунтай золгож, ном болон эмхлэгдэх хувь тавилантайгаа учирсан байна. Манай Соёл, яруу найргийн академи, Хятадын Үндэсний хэвлэлийн хороотой хамтран Инжинашийн яруу найргийн бүтээлүүдийг монгол, хятад, англи хэлнээ нэгэн дэвтэр болгон хэвлүүлэхээр ажиллаж буйг сонсогч танаа дуулгахад таатай байна. Түүнчлэн “Хөх судар”-ын олон хувилбар гар бичмэл болон гэрэл зургаар олон газар хадгалагдаж байгаагийн дотор манай Үндэсний төв номын санд 12 дэвтэр гар бичмэл буй.
Их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч В.Инжинаш “Хөх судар”-аас гадна “Улаан үүлэн нулимс”, “Нэгэн давхар асар” хэмээх роман, мөн тууж, олон зуун шүлэг туурвиж, зураг зурж, орчуулга, онол түүхийн шастир өдий төдийг бичиж байлаа. "Их Юань улсын мандсан төрийн хөх судар", "Нэгэн давхар асар", "Улаанаар уйлах танхим" романаа бичихдээ монгол үндэстнийхээ аман уран зохиол болох уран домог, түүхэн үлгэр, ардын дуу, ерөөл магтаал зэрэг уламжлалыг өвлөн авсны дээр Хан үндэстний эртний сонгодог уран зохиол тухайлбал "Гурван улсын үлгэр", "Хүйтэн уулын бичиг", "Баруунтаа зорчсон үлгэр" романуудын үзэл санаа, бүтэц зохиомж, зохион бүтээх арга барилын сор содон зүйлсээс суралцан авч ашигласан онцлогтой ажээ.
Уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн Инжинаш түүхийн сурвалжууд, гүн ухааны бичгүүд, ном судар, цадиг шастирийг Монгол, Төвд, Манж, Нанхиад хэлээр үздэг байсны зэрэгцээ “Манжийн цагаан толгой” зэрэг манж хэлний ном, “1000 үсгийн бичиг”, Күнзийн намтар, эртний Хятадын угсаа залгамжилсан их хаадын алдаа онооны тухай өгүүлсэн мэргэдийн сургаалийг эмхтгэсэн “Шүүмжлэл өгүүлэл”, “Хэв дундад бичиг”, “Алтан улсын судар”, Их Ляо, Алтан, Их Юань зэрэг гурван улсын бичгийг уншин судлаж байжээ.
Дорно дахины улс үндэстний хувьд ном унших биш, ном дуудах, хайлах гэсэн ойлголт бий. Энэ нь номыг аялгуулж хэлэх ёсон бөгөөд ялангуяа төвд хэлний олон арван судрыг дуудахад тогтсон айзам хэмнэл бий. “Хөх судар”-ын зарим нэг газар шүлгийн яруу сонсголонтой байх зарчмыг баримтлан айзам хэмнэлээр дуудан бичсэнийг судлаачид олж тогтоожээ.
Мянган оны учир шалтгааныг бийр бэхсээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Миний энэ бие, хэл, сэтгэл гүнээ чилсэн шалтгааныг
Мятарш үгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй юу
Бийрийг тэнсэж шинэ хулс зураад
Бишгүүр үлээн хуучин нөхрийг мөрөөдмүй
Бичгийг дэлгэвээс далайн үүл дэгдээд
Билиг мухардваас уулын зам хаагдмуй.
Монголчууд бол түүх, уран зохиолын баялаг өв уламжлалтай үндэстэн. XIII зууны үеэс өмнө түүх, уран зохиолын зааг ялгараагүй шахам байх үеэс түүхт үйл явдлыг уран сайхнаар чимэглэн өгүүлэх явдал монголчуудын дунд ихээр дэлгэрсэн байв. Энэ зааг ялгааг тодруулж монгол түүхэн уран зохиолын гарааг эхлүүлсэн хүний нэг бол монгол үндэстний агуу их зохиолч Ванчинбалын Инжинаш билээ.
Их бичгийн хүн Ванчинбалын Инжинаш нь гагц монгол туургатан монгол үндэстэнээр тогтохгүй хүн төрөлхтний оюун санаа, уран сайхны үнэт сан хөмрөгт Дорно дахины уран зохиол уран сэтгэхүйн үнэт туршлага сэтгэлгээний өргөн цар хүрээ, билэг оюун, онцгой хурц авьяас, бичгийн эрдмийн чухам гайхамшгийг илтгэсэн Суу билигт хүмүүн. Аугаа их соён гэгээрүүлэгчийн хувьд уран зохиолын онол, шүүмжлэл, шүлэглэлт яруу найрагт балрашгүй мөрөө үлдээсэн их зохиолч билээ. Ванчинбалын Инжинаш Их Юань улсын мандсан төрийн Хөх судар романаараа монголын уран зохиол, түүний түүх, хүч чадлыг ялгаруулж, оюуны асар их өвийг хойч үед үлдээсэн Чингис хааны удмын аугаа их соён гэгээрүүлэгчдийн нэг билээ.
Үзсэн: 9039
Tweet