Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Цус амьдралын амин холбоо”


Densmaa 2017-06-14 04:06

Манай улс дэлхийн “Цусны донорын өдөр”-ийг 14 дэх жилдээ “Та бусдын төлөө юу хийж чадах вэ. Өнөөдрөөс эхлээд тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

     Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний ашиг тус болон сайн дурын, авлагагүй цусны доноруудын тухай олон нийтэд мэдээллэх, доноруудыг алдаршуулах, тэдэнд талархал илэрхийлэх зэрэг үйл ажиллагааг улс орон бүр зохион байгуулдаг. Манай улс дэлхийн “Цусны донорын өдөр”-ийг 14 дэх жилдээ “Та бусдын төлөө юу хийж чадах вэ. Өнөөдрөөс эхлээд тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

    “Аливаа улс орон цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээгээ хангахын тулд хүн амын гурван хувь нь цусаа өгдөг байх ёстой” хэмээн ДЭМБ, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зөвлөдөг. Харин 3 сая хүн амтай манай улсын хувьд энэ үзүүлэлт 0.8 хувьтай байна. Гэхдээ жил ирэх тутам цусны доноруудын тоо өсч байгаа юм. Тухайлбал, 2012 онд улсын хэмжээнд 19 мянган донороос цус цуглуулсан үзүүлэлттэй байсан бол 2016 оны эцэст энэ тоо 33 мянга болж өссөн буюу 70 орчим хувиар нэмэгджээ. Энэ хирээр манай улсын цус, цусан бүтээгдэхүүний хангамж сайжирч байна. Түүнчлэн донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгох уриалга гаргасан нь олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. 

     Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр: Өнөөдрийн байдлаар Цусны төв дээр хангалттай нөөц байна. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд нэг удаа цусаа өгвөл 3 хүний амь насыг аварна гэж үздэг. Бид нэг хүнээс авсан цусыг сийвэнгийн, улаан эсийн, ялтаст эсийн гэсэн 3 төрлийн бүтээгдэхүүн болгодог. Сийвэнгийн төрлийн бүтээгдэхүүн болон улаан эсийн төрлийн бүтээгдэхүүнийг хадгалж нөөц үүсгэж болно. Ялтаст эсийн бүтээгдэхүүн буюу ялтаст эс нь их богинохон хугацаанд амьдардаг эс байдаг. Тэгэхээр удаан хадгалж болдоггүй. Зөвхөн 3-5 хоног л хадгалах боломжтой учир энэ төрлийн бүтээгдэхүүн дээр урт хугацааны нөөц үүсгэх боломжгүй. Тэгэхээр бид өдөрт 100 орчим донороос цус цуглуулж байж энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц буюу эмнэлгүүдийн захиалгыг хангах боломжтой болно.

      50 гаруй жилийн түүхтэй Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд сайн дурын, авлагагүй доноруудаас цус цуглуулан улсын болон хувийн эмнэлгүүдийг  аюулгүй, хэрэгцээт цус, цусан бүтээгдэхүүнээр ханган ажилладаг 26 салбар бүхий төрөлжсөн нарийн мэргэжлийн төв юм.

Төрөөс цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, төрийн бодлогын хүрээнд тус төвийн шинэ байр өнгөрсөн жил ашиглалтанд орж, тоног төхөөрөмжүүдийг иж бүрэн шинэчилснээр манай улсын цус цуглуулах, шинжлэх, хадгалах, тээвэрлэх технологи дэлхийн жишигт хүрчээ. Мөн орон нутаг дахь цусны 26 салбар төвийг иж бүрэн засварласан байна. Ингэснээр цус цусан бүтээгдэхүүнийг хадгалах хүчин чадал улсын хэмжээнд тав дахин Улаанбаатар хотын хэмжээнд гурав дахин нэмэгджээ.

Дэлхий нийтээр цусны донорын эгнээг залуучуудаар илүү өргөжүүлэх, сайн дураар авлагагүйгээр цусаа өгч байгаа доноруудыг алдаршуулах, нийгэмд таниулах, сурталчлахад ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв олон улсын байгууллагууд болон цусны албадуудаас туршлага судалж, үүнийгээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Донорыг алдаршуулах, урамшуулах системд өөрчлөлт хийжээ. Урьд өмнө нь 35 удаа цусаа өгсөн хүн “Хүндэт донор” болдог. Үүнээс дээш удаа өгсөн донорыг урамшуулах тогтолцоо байгаагүй юм. Тиймээс Олон Улсын туршилгаас судалж 70-100 удаа цусаа өгсөн хүнийг “Хүрэл донор”, 100-150 удаа цусаа өгсөн хүнийг “Мөнгөн донор”, 150-аас дээш удаа цусаа өгсөн хүнийг “Алтан донор” хэмээн өргөмжилж, эдгээр хүндэт доноруудаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлан таниулж байна. Түүнчлэн 35 удаа болон түүнээс дээш удаа цусаа өгсөн хүндэт доноруудаа улсын магадлан итгэмжлэгдсэн амралтанд үнэ төлбөргүй амраах, эрүүл мэндийн зарим үзлэг шинжилгэнд жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулахаас гадна нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах зэргээр нийгмийн асуудалд нь Төрөөс анхаарал тавин ажилладаг юм.

Сонирхуулахад, Монгол Улсын Их хурлаас Донорын тухай хуулийг 2000 онд баталснаар манай улс энэ төрлийн хуультай дэлхийн 30 дахь орон болжээ.

     ДЭМБ-аас 2020 он гэхэд дэлхийн улс орон бүрийг 100 хувь авлагагүй, сайн дурын донорын тогтолцоонд шилжихийг уриалсан байдаг.

Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 62 улс оронд 100 хувь сайн дурын авлагагүй донороос бэлтгэсэн цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийж байгаа бол 40 орон  төрөл төрөгсдийн болон төлбөртэй донороос цус бэлтгэсээр байна.

   Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч Ц. Тунгалагтамир: Тэгэхээр энэ жишгийн дагуу манай улс одоогоор 100 хувь авлагагүй донороо бүрдүүлж чадаагүй, төрөл төрөгсдийн донор 4-6 хувийг эзэлж байна. Гэхдээ авлагагүй донорын тогтолцоонд бүрэн шилжихээр ажиллаж байна. Цусны нөөц хангамж дутагдалтай байгаа энэ үед цусаа мөнгөөр худалдаж авч болдоггүй юмуу, хэрвээ ингэвэл донорын тоо нэмэгдэнэ шүү дээ гэж олон хүн ярьдаг. Энэ цусыг мөнгөөр худалдаж авахын цаана маш олон эрсдэл, маш олон сөрөг үр дагавар явж байдаг. Аливаа улс орны цусан бүтээгдэхүүний хангамжийн байдал нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болчихоод байна. Тэгэхээр ҮАБ-д заналхийлсэн аюултай цусны нөөц бүрдүүлэх ийм тохиолдол төлбөртэй донорын цаана явж байдаг. Төлбөртэй донор мөнгөний төлөө цусаа өгч байгаа хүмүүс бол өөрийн эрүүл мэндийн байдлаа үнэн зөв хэлэхээс татгалздаг. Бусдын дарамтан доор цусаа өгөх хэлбэр гарч байдаг. Хүний наймаа, хүний эрхтнийг арилжаалагдахад үндэслэгдсэн бизнес болж хувирч байдаг учраас энэ төлбөртэй донороос дэлхий нийтээрээ татгалзаад байгаа юм.

     Монгол Улс 1994 оноос донорын төлбөртэй тогтолцооноос сайн дурын авлагагүй донорын тогтолцоонд шилжжээ.

 

Үзсэн: 1226

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна