Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна
Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх асуудлаар санал солилцож ярилцах юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх, бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцах юм. Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Цагаан Ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.МакМастер, АНУ-ын Ерөнхийлөгчийн Шадар туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал хариуцсан Тэргүүн захирал М.Поттинжир, АНУ-ын Конгресс дахь Ардчиллын түншлэлийн Хөтөлбөрийн дарга, Конгрессын гишүүн П.Роскам болон Конгресс дахь Монголын бүлгийн дарга нар, Мянганы сорилтын корпораци, Энхтайвны корпусын удирдлагуудтай тус тус уулзана. Гадаад харилцааны сайд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас зохион байгуулах Монгол-Америкийн бизнесийн 4 дүгээр уулзалт, Хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад оролцож, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг тогтвортой байлгах, тэдний итгэлийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлого, арга хэмжээний талаар мэдээлж, ярилцана. Арга хэмжээнд Монголд хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулах сонирхолтой, АНУ-тай бизнесийн хамтын ажиллагаа явуулж буй Монгол, Америкийн 50 гаруй аж ахуйн нэгж компани оролцох юм.
Үзсэн: 1298
Tweet