“Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-д оролцохоор ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, шинэ техник технологийг нэвтрүүлэх, инновацийн салбарт шинийг санаачлагч гадны компаниуд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өчигдөр “Төв Евразийн орнуудын Шим тэжээлийн чуулган”-д оролцохоор ирсэн “Metabolon” технологийн корпорацийн тэргүүн Тимоти Спайдэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд “Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай улс инновацийн хөгжлөөрөө дэлхийн бусад улстай харьцуулахад харьцангуй хоцорч явдаг. Тийм учраас салбар бүрт шинэ техник технологийг нэвтрүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна” гээд Монгол Улс Инновацийн тухай хуулийг баталсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс энэ салбарт шинийг санаачлагч гадны компаниуд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах нь чухал гэдгийг онцолжээ.
Ноён Тимоти Спайдэр байнгын хорооны даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Монголд шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг дуулгаж, гурван өдөр зохион байгуулагдах чуулганы үеэр Монголчуудын эрүүл мэндийн цогц мэдээллийг хэрхэн бүрдүүлэх боломжийн талаар илтгэл тавих тухайгаа дуулгасан юм.
Үзсэн: 1028
Tweet