Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Номын баринтаг” төсөл


Densmaa 2017-06-02 02:06

Монголчууд ном, судраа эртнээс нааш оройдоо залан, хүндэтгэсээр ирсэн уламжлалтай. Тэр дундаа номын баринтаг хийх нь 3 үеийн буян, хүн болж төрсний гурван сайн үйлийн нэг хэмээн үздэг.

     Монголчууд ном соёлын асар баялаг өв уламжлалтай гэдгийг Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөг батлана. 1921 онд тус номын сан анх 2000 гаруй номтойгоор үндэс сууриа тавьж байсан бол эдүгээ монголын эртний болон орчин үеийн оюуны үнэт ховор бүтээл, ном хэвлэл, гадаад хэл дээрх ном зохиолуудыг багтаасан 3 сая гаруй ном хэвлэлтэй болжээ. Тухайлбал, Бурхан багшийн сургаал, зарлигийн хураангуй 108 боть Ганжуур, Бурхан багшийн шашдирын тайлбар болох 226 боть Данжуур, Монголын шунхан барын Ганжуур 108 боть, Алтан Ганжуур 99 боть, есөн эрдэнийн Гажуур болон бусад 10 гаруй төрлийн Ганжуур зэрэг гайхамшигт өв тус номын сангийн сан хөмрөгт бий. Түүнчлэн Энэтхэг, Төвд, Монгол номт гурван улсын эрдэмт мэргэдийн зохиосон, орчуулсан түүхэн сурвалж, номын урлаг талаасаа хосгүй үнэтэйд тооцогддог алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, модон бараар хэвлэсэн ном судар хадгалагдаж байна. Эдгээр эртний ном судрууд нь соёл, шинжлэх ухааны үнэ цэнээр дэлхийд ховорт тооцогддог юм.

Хэдийгээр түүхийн гайхамшигт өв сан тодорхой хэмжээгээр өнөө хүртэл хадгалагдаж байгаа хэдий ч 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед түүхийн болон ном судрын нэн ховор үнэт бүтээл устаж үгүй болох эзэнгүйдэх асуудалтай тулгарсан байдаг. Тухайн үед зарим сайн санаат иргэд, эрдэмтэн мэргэдийн ачаар тодорхой хэмжээний ном судар, түүхийн цагалбарууд усталгүй үлдэж, одоогийн ном судрын сан хөмрөгийн цөм хэсгийг бүрдүүлж байна. Эдгээр соёлын үнэт өв, түүхэн сурвалжуудын зарим хэсэг нь баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын зөв горимд байх боломжгүй болсоор элэгдэж хуучирсаар байгаа юм.

Одоогоор тус номын сангийн 35,000 орчим ном, судрыг баринтаглах болон баринтгийг яаралтай солих шаардлагтай байгаа юм. Тиймээс эерэг сэтгэлгээ, эерэг давалгааг уриа болгож, эдгээр ховор нандин ном судрыг хадгалж хамгаалах зорилгоор 2015 онд “Номын баринтаг” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 

Үндэсний номын санийн Төвд номын сан хөмрөгийн эрхлэгч Т. Баярлах ийнхүү ярьж байна. 

       Т. Баярлах: Номын баринтаг төсөл маань тухайн үеийн нэрээр БСШУЯ, JCI капитал салбар байгууллага хамтран хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд манай номын сангийн 1 сая 500 мянга орчим эртний Төвд ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хүмүүсийн идэвх санаачилгыг өрнүүлэх үүднээс сайн дураар баринтаг хандивлах ажиллагааг зохион байгуулж ирсэн. Төвд ном судрын хадгалалт хамгаалалтын хувьд баринтаглаж хадгалдаг онцлогтой. 2017 оны 4 сард гэхэд 10 мянган баринтгийг хувь хүн, ЕБС, 8 настай балчраас 80 настай буурал хүртэл өөрсдийн сайн дураар баринтаг хийж хандивласан байна. Энэ нь Үндэсний номын сангийн ном судрын хадгалалт хамгаалалтыг сайжруулж, насыг уртасгах энэ буянтай үйлсэд тун их чухал ажил болж байна.

         Монголчууд ном, судраа эртнээс нааш оройдоо залан, хүндэтгэсээр ирсэн уламжлалтай. Тэр дундаа номын баринтаг хийх нь 3 үеийн буян, хүн болж төрсний гурван сайн үйлийн нэг хэмээн үзэж, арван цагаан буяны нэгд ном бүтээх, баринтаглахыг оруулсан байдаг. Тиймээс номын хувцас гэж нэрлэж болохоор “баринтаг” гэх  үг Монголчуудын дунд түгээмэл хэрэглэгдсээр иржээ. Баринтгийг торго, дурданаар хийхээс гадна  малын арьс, мод тэргүүтнээр урладаг уламжлал бий.  

Номын баринтагийн хэрэглээний талаар “Жавзандамба хутагт” төвийн менежер Ч.Даваахишиг ярихдаа “Эрт үеэс уламжлагдан ирсэн ховор ном судрыг хамгаалан үлдэж, хойч үедээ өвлүүлэхийн тулд баринтаглаж хадгалах хэрэгтэй юм. Хүн төрөлхтний оюуны их өв болсон үнэт судруудыг тоос, шороо,  чийгнээс хамгаалахын тулд баринтаглах нь нэн чухал байдаг. Монголчууд номоо баринтаглаад бурхан, шүтээндээ залаад хураадаг биш, түүндээ салхи оруулж үргэлж нээж уншдаг байсан. Номоо уншиж, судалж тархи оюунаа мөн давхар баринтагладаг мэргэн ард түмэн байжээ. Тэр ч бүү хэл номоо баринтаглах болон баринтагаас нь гаргахдаа бясалгал хүртэл хийдэг байсан гэдэг” гэсэн юм.

        Үндэсний номын санийн Төвд номын сан хөмрөгийн эрхлэгч Т. Баярлах:

       Сударчилсан номын хуудас бүр тусдаа байдаг. Түүнийг хөдөлгөхгүй, хугалахгүй, холилдуулахгүйн үүднээс баринтагдаж хадгалдаг. Эрт дээр үеэс Монголчууд номыг 3 эрдэнэ хэмээн дээдэлж, номоо торгоор баринтаглаж ирсэн. Номын баринтаг тэгэхээр их утга учиртай. Номын баринтгийг торгоор хийж болно. Торгоор хийвэл даавуун материалаар доторлож өгөх хэрэгтэй. Мөн тоос шороо бага нэвтэрдэг даавуун материалаар ч хийх боломжтой. Баринтгаа хийхдээ хар бараан өнгөнөөс бусад шар, улаан, цэнхэр өнгөөр тэг дөрвөлжин хэмжээтэй хийнэ. Баринтагны нэг буланд хошуу гэж хоргойгоор гурвалжин хошуу барьж оёно. Номын баринтаг гэдэг номын дээл хувцас гэсэн үг. Тэгэхээр энэ хошуу нь номын баритагны зах нь гэсэн утгатай юм. Үүн дээрээ урт оосор хадна. Оосрыг даавуун материалаар эмхэрдэж оёод хийж болно. Уртын хувьд алд хэрээний буюу нэг метр 50 см орчим нэлээн урт байх хэрэгтэй. Боолт ороолт сайн байх тусам ном задрахгүй, сулрахгүй байх жишээтэй. Баринтагны хувьд ном судрынхаа хэмжээнээс шалтгаална. Гэхдээ хааш хаашаа ижил хэмжээтэй тэг дөрвөлжин байдаг. Хамгийн том ном гэхэд Ганжуур, данжуур, Их хөлгөн судрууд байна. Эдгээр нь 70-80 см урттай, 30-45 см-ийн урттай гээд харилцан адилгүй байна. Хамгийн жижиг нь 40-60 см-ийн хооронд байна.   

      Ном судрыг баринтаглаж хэрэглээг нь уртасгаснаар 200 орчим жил хадгалах боломжтой болдог байна. Түүхийн үнэт ном судрыг хамгаалж, хойч үедээ хадгалан үлдээх ач холбогдол бүхий “Номын баринтаг” төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.

Үзсэн: 4091

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна