Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол - Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов


Densmaa 2017-05-30 02:05

Кувейт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлнэ.

    Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Эль-Кувейт хотод амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол, Кувейтийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт  татах, буцалтгүй тусламж авах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, соёл, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцсон байна. Талууд Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилийн хугацаанд  найрсаг дотно харилцаа хөгжүүлж, ялангуяа улс төрийн харилцаа дээд өндөр түвшинд батжин бэхжсэнийг тэмдэглэж, эдүгээ хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхний хоорондын харилцааг өргөжүүлэн ажиллахын төлөө байгаагаа санал нэгтэй тэмдэглэж, ЗГХК-ын хуралдаан чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг харилцан тэмдэглэв.

   Тус хуралдааны үеэр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийн гэрээнд хоёр тал гарын үсэг зурснаас гадна аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцэж, санамж бичиг байгуулахаар тохиролцов. Тухайлбал, Үндэсний төв номын сангийн барилгын төсөл, Өндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох зэрэг төслийг хэрэгжүүлэхэд кувейтийн талаас дэмжлэг хүсэв. Мөн Монголоос Кувейтэд мах, амьд мал экспортлох үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын тухай протокол, хоёр талын стандартын байгууллага хооронд хамтран ажиллах баримт бичиг байгуулах тухай  манай талын саналыг айлын тал судалж байгаагаа мэдэгдлээ. Хоёр тал хэвлэл, мэдээллийн салбарт хамтран ажиллах, туршлага судлах, танилцах аялал зохион байгуулах, хоёр орны соёл, уламжлалыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулахаар тохиролсон байна. Кувейтийн тал 2017-2019 онд Соёлын салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны хөтөлбөр байгуулах санал тавьж баримт бичгийн төслийг гардуулж, хоёр тал хөтөлбөр байгуулах талаар үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцжээ.

Кувейтийн талтай хийсэн уулзалт ярианы үеэр талууд 2007 онд байгуулсан Кувейтийн  газрын тосны корпораци, Монголын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын хооронд байгуулсан хамтын ажиллагааын санамж бичгийн хүрээнд кувейтийн талаас түүхий газрын тос авч боловсруулах, газрын тосны мэргэжилтэн сургах, кувейтийн талыг газрын тосны нийлүүлэлтийн хуваарьтаа манай хүсэлтийг 2018 оноос эхлэн тусгах зэрэг асуудлыг ярилцаж, санал тавилаа. Кувейтийн тал 2018 оны 2 дугаар сард зохион байгуулах Олон улсын худалдааны хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцохыг урив. Арга хэмжээний үеэр Сайд Ж.Мөнхбат Кувейт Улсын Эрхэм дээд Эмирийн Ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Насер Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах, Засгийн газрын асуудал эрхэлсэн Төрийн сайд, Сангийн дэд сайд, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадер, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Фарук Али Бастаки нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна. Хуралдаанд манай талаас  гадаад хэрэг, сан, хөдөө аж ахуй, байгаль орчин,  аялал жуулчлалын яамд, хөгжлийн банкны төлөөлөл оролцсон бол кувейтийн тал дээд боловсрол, мэдээлэл, соёл, урлаг, иргэний нисэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Кувейтийн сан, Хөрөнгө оруулалтын газар зэрэг олон салбарын 30 гаруй төлөөлөгч оролцуулж, салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн.

Хуралдааны төгсгөлд хоёр тал Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, харилцан тохиролцсон зүйлсээ бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа харилцан нотлож, ЗГХК-ын хуралдааны үр дүнгээр гаргасан хамтарсан тэмдэглэлд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн Сангийн Дэд сайд Халифа Мусаед Хамада нар  гарын үсэг зурсан юм. ЗГХК-ын дараагийн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд тохиролцсон байна.

    Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Сайд Ж.Мөнхбат Кувейтэд болсон хоёр орны Засгийн газар хоорондын Комиссын хуралдаанаар хэлэлцсэн олон чухал асуудал дотор  Кувейтийн Сантай явуулж буй хамтын ажиллагаа зүй ёсоор орж байгааг онцлон тэмдэглэв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Кувейтийн сангийн шугамаар манай улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд үр ашгаа өгч, Кувейтийн сан Монгол, Кувейтийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх,  манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлж, цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа байна гэлээ. Мөн сангийн зүгээс манай улсын дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Кувейтийн сан Дархан-Эрдэнэт, Эрдэнэт-Булган-Уньт, Уньт-Тариалангийн хооронд нийт 415 км авто замыг барихад 58.2 орчим сая ам.доллар, Тайширын Усан цахилгаан станцыг барихад 20 шахам сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн Кувейтийн Засгийн газар  “Кувейт - Монголын Судалгааны төв” байгуулахад 3,4 сая ам.доллар, 2016 онд Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд 60,000 ам.долларын тусламж үзүүлж, улмаар 35 айлын орон сууц бүхий хотхон барихад тусламж үзүүлж байгаа юм. Түүнчлэн Хэнтий, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгүүдийг яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангахад тусламж үзүүлжээ.

Сайд Ж.Мөнхбат Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадерыг “Найрамдал” одонгоор шагнасныг гардуулан өгч баяр хүргэсэн байна.

Үзсэн: 1464

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна