Мексикийн Нэгдсэн Улстай хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
“Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
“Боловсрол, урлаг, соёл, залуус, биеийн тамир, спортын салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны Мексикийн агентлагийн техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Ерөнхий захирал Др.Марта Наварро-Албо нар Мехико хотод гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу талууд соёл, урлагийн наадам, олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох, мөн манай иргэд Мексикийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, дипломатууд Мексикийн гадаад бодлого, испани хэлний сургалтад хамрагдах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Мексик Улс нь Маяа, Ацтеки зэрэг хүн төрөлхтний эртний иргэншлийн өв, соёлыг хадгалж чадсан, энэ чиглэлд арвин их туршлагатай, дэлхийд тэргүүлэх улс учир Хөтөлбөрийн хүрээнд манай тал Мексикийн туршлагаас суралцах боломж нээгдэж байна. Уг хөтөлбөр нь манай хоёр орны Засгийн газар хооронд 1985 онд байгуулсан Соёлын солилцооны хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр байгуулж буй баримт бичиг юм.
Үзсэн: 1045
Tweet