Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Тokyo night-2017”


Densmaa 2017-05-09 04:05

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Tokyo night-2017” арга хэмжээг зохион байгууллаа. Япон орон, япон соёлыг Монголд сурталчилж буй байгууллагууд оролцов.

    Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Tokyo night-2017” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус улсын өв соёл, үндэсний хувцас, хоолны урлаг, аялал жуулчлалыг сурталчлан таниулах зорилготой орчин цагийн Япон соёлын илэрхийлэл болсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, япон үндэсний болон орчин үеийн бүжиг, Кэндо, иогийн үзүүлбэр-Япон брэндийн шагналтай тэмцээнүүд боллоо.

      Монгол улс Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. 

Монгол оронд ардчиллыг хөгжүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Японы ард түмнээс үзүүлж ирсэн тусламж дэмжлэг дорвитой үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд Монголын төр, ард түмэн өндөр үнэлж, гүнээ талархаж байдаг билээ.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг  өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны олон нийтийн байгууллагуудын үүрэг санал санаачилга, иргэд хоорондын нөхөрлөл чухал хөшүүрэг болж ирсэн.

“Tokyo night-2017” арга хэмжээнд Япон орон, япон соёлыг Монголд сурталчилж буй байгууллага хамт олон оролцлоо. Тухайлбал, Монгол орны эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж буй “Монгол-Японы төв”, дээд зэргийн үйлчилгээний соёл, тав тухтай орчин, мэргэжлийн хамт олны ур чадварыг харуулах “Киото” арьс гоо заслын эмнэлгийнхэн, дэлхийн 30 орноос жуулчид хүлээн авч Монгол орны үзэсгэлэнт байгалиар аялуулдаг “UTravel” компани энэ үдэш үйл ажиллагаагаа танилцуулж байв.

Тэр чигээрээ Японыг санагдуулах энэ үдэш  “Romance”, “Чинийх” зэрэг соло уран бүтээлээ Хатариш Мино толилуулсан бол өнгөрсөн жилийн “Авьяаслаг Монголчууд” шоуны Алтан баззер, иогч Ц.Мөнхсайхан болон түүний нөхөд эр зоригийн  үзүүлбэрээ толиулсан билээ.

Кэндо бол хүнийг хөгжүүлэх талаараа хамгийн сонин содон спорт гэлцдэг. Кэндогийн гайхамшгийн “Сэлэмний замнал” болох Японы үндэсний тулааны урлагаар хичээллэгсдийн нэг хүчний ханз бүхий “Чикара” клубынхэн оролцлоо.

Ийнхүү зөвхөн Японоор амьсгалж, гоо бүсгүйчүүд кимоногоор гангарч, сэлэмний шидийг Чикара-гийн тамирчид үзүүлж, “аймшигт” иогчид болох “Black core” тайзыг эзэгнэн, суши мастерын гарын хоолыг амталсан гэнэтийн бэлгүүдтэй нэгэн үдшийг зохион байгууллаа.

Хүн төрөлхтний танин мэдэхүйн учиг бол яах аргагүй даян дэлхийгээр аялж, юм үзэж нүд тайлах явдал. Аялал жуулчлалын “UTravel” компани нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө дотоодын аялагчдаас гадна Ази, Европ, Латин Америкийн 30 гаруй орноос жуулчид хүлээн авч байна. Тэр дундаа Японы жуулчид шувуу ажиглах, загасчлах, байгалийн аяллыг түлхүү сонирхдог гэж байв. Энэ тухай “UTravel” компаний захирал Х.Удвалцэцэг ийнхүү ярьж байна.

     Х.Удвалцэцэг: Манай оронд япон жуулчид группээр ирдэг. Жуулчид Монголд ирээд уужуу тайвуу тал нутаг, уул ус, байгалийн сайхныг сонирхож сэтгэлийн тайтгарлыг эдлэхээс гадна дуу чимээгүй нам гүм, модонд жиргэж байгаа шувууны чимээ, усны долгион зэргийг харж суух дуртай. Нэг онцлог нь Монголын нарыг харах гэж ирдэг. 2012 оны аяллыг Мэнэнгийн талд зохион байгуулж, нар мандахыг харуулж байсан. Тэр тал дунд нар маш их сайхан манддаг. Нар мандахын өмнө бүгдээрээ нэг шугамд зэрэгцэж ирээд камераа зоодог. Тэгээд нар мандаж эхлэхэд бүгдээрээ гайхан, гараараа барьж авчихмаар тийм ойр нар харагдаж байсан.  Тэр үед жуулчдын сэтгэл маш их хөдөлсөн. Наранд залбираад,  нарнаас маш их энерги авдаг ард түмэн юм байна лээ. Япончууд өөрсдийгөө Их наран улсын хүн гэж үздэг нь ч үүнтэй холбоотой. Тэр үед 76 настай гэр бүлийн хоёр ирж байсан. Тэгээд аялал дуусаад буцах үед “Бид Монголд дахин ирэх үгүйг мэдэхгүй байна. Насандаа харъя гэж бодож байсан хамгийн сайхан зүйлээ харлаа” гэж байсан нь одоо хүртэл сэтгэлд үлдсэн байна.

    “Монголын ирээдүйг энд хөгжүүлье” уриатай Монгол-Японы төвийн үйл ажиллагааг оюутан залуучууд ихэд сонирхож байдаг. Ялангуяа тус төвийн бизнес болон япон хэлний сургалтуудын талаар мэргэжилтэнгүүд сонирхуулж байв.

Япон хэл огт сурч байгаагүй хүмүүст зориулсан сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чадварыг цогцоор нь эзэмшүүлэхээс гадна Ханзны сургалтыг хичээллүүлж байна. Тус сургалт анхан шатны 200 орчим ханзыг өөрийн болгосон хүмүүст зориулсан бөгөөд үргэлжлэл болох 200 орчим ханзыг үзнэ. Мөн япон хэлний багш болохыг зорьж буй хүмүүс болон япон хэлний багш нарт зориулсан сургалт тус тус явуулж байна.

Монгол-Японы төвийн ахлах мэргэжилтэн Б.Азбилэгээс сургалтын онцлогуудын талаар тодрууллаа.

       Б.Азбилэг: Манай төвийн номын сангаар хүүхдүүд их үйлчлүүлдэг. Манай төв дээр жил бүр Японы их дээд сургууль болон ажиллахаар явах гэж хүмүүсээс мобишёогийн шалгалтыг авдаг. Тэгээд ер нь ажиглаж байхад манай номын санд сууж байсан хүүхдүүд их тэнцсэн байдаг. Бизнесийн сургалтаа зохион байгуулж байна. Манай улсын нэр хүндтэй компаниуд манай  сургалтад бүгдээрээ хамрагдаж байсан юм байна. Бизнесийн сургалтыг япон багш нар япон менежентээр заадаг. Ажлын байран дээр мөн сургалт зохион байгуулдаг. Манай монголчууд Япон гэхээр цаг сайн баримталдаг, чанартай гэж шууд ойлголт бий болдог. Бүх хүмүүст чин сэтгэлээр хандана. Энэ нь бидний япончуудаас сурч байгаа давуу тал гэж боддог.

      2002 онд Монгол-Японы төвд Японы Ханхүү Акишинономияа, Гүнж Кикогийн хамтаар зочилж байсан. Тус төв нь өнөөг хүртэл Монголын ард түмэнд Японы туршлагад суурилсан бизнесийн мэдлэг, япон хэл, японы соёлыг түгээн дэлгэрүүлж хоёр орны хүний нөөцийн сүлжээг бүрдүүлэх, түүнийг дэмжих зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлж, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад хоёр орны ард түмний харилцаа, олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг “Tokyo night – 2017” арга хэмжээ харуулж байв.

 

Үзсэн: 1076

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна