Хадан гэрийн соёл
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дахь "Үзүүр гялан" хэмээх газраас олдсон олдворыг судлаачид XX зууны үеийнх байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.
Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын хадны агуй, хөмгөөс эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байна. Хадны оршуулгаас гарсан олдворууд нь маш сайн хадгалагдаж үлдсэн байдгаараа бусад эртний дурсгалаас онцлог, судалгааны чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн судлаачид онцолдог.
Монголын үндэсний түүхийн музейд “Хадан гэрийн соёл” нэртэй үзэсгэлэн энэ сарын 2-нд нээлтээ хийж хоёр өөр хадны оршуулгаас гарсан олдворуудыг олон нийтийн хүртээл болгож байна. Үзэсгэлэнд Монгол Алтайн нурууны бүс нутаг, Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт хэмээх уулаас 2015 онд Монголын Үндэсний музейн судлаачид илрүүлсэн олдворууд, мөн Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялан хэмээх газраас 2016 онд Ховд их сургуулийн судлаачид илрүүлэн судалж байгаа хадны оршуулгаас гарсан хосгүй үнэт түүхэн олдворуудыг дэлгэн тавиад байгаа юм. Бид энэ удаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дахь Үзүүр гялан хэмээх газраас олдсон олдворуудын талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас олдсон олдворын өнгөрсөн хавраас эхлэн БСШУЯ-ны шийдвэрээр нийслэлд авчран сэргээн засварласан билээ.
Малтлага, судалгаагаар булшнаас эсгийгээр ороож оршуулсан эмэгтэй хүн, ногттой адуу, хонь, иж бүрэн эмээл, хазаар, дээл хувцас, модон болон төмөр аяга сав, арьс болон эсгий уутан богц бүхий оёдол хатгамлын хэрэглэл зэрэг 50 гаруй олдвор, эд өлгийн зүйлс олдсон. Судлаачид эдгээр олдворыг 10-р зууны үеийнх байх магадлалтай гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа юм. Энэ талаар Үндэсний түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргалаас тодрууллаа.
Т.Түвшинжаргал: Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дахь Үзүүр гялан хэмээх газраа олдсон олдворууд бол Түргийн үе биш. Туркт хийсэн байгалийн шинжлэх ухааны аргаар тогтоосон судалгаагаар он цаг нь 10-р зуун гэж гарсан. Хадны оршуулга нь бороо чийг ордоггүй, хуурай нөхцөлд тухайн олдворыг хадгалсан байдаг. Тухайн үеийн соёлыг харуулж чадахуйц бодит баримт болж өгч чадаж байгаагаараа түүхийн сурвалжид маш том өдөр ач холбогдолтой. Анх энэ олдворыг нутгийн хүмүүс Соёл өвөөс зохион явуулдаг түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллого болох үед Ховд аймгийн музейн судалгааны багийнхан олж илрүүлсэн. Нутгийн хүн хэлсэн байна лээ. Тэгээд малтлага хийгээд адуу үстэйгээ. Гурван дээлтэй, үйл урлалын эдлэлтэй. Гутал нь хүрэл тоногтой. addidas-төстэй зураастай нэхмэл эдлэлтэй. Эмээл хазаар тоноглол нь бүтэн нарийн сайн харж үзэж болохоор ийм олдворууд юм.
Эдгээр үнэт ховор олдворуудыг Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагчид сэргээн засаж, бэхжүүлсэн байна. Олдворыг эхлээд эмнэлгийн нарийн шинжилгээ хийж сэргээн засварлалтаа эхлүүлжээ. Шинжилгээг олдворын нас хүйс, олдворт ямар ямар зүйл байгааг тогтоох зорилгоор хийлгэсэн гэж Соёлын өвийн төвийн мэргэжилтэн, сэргээн засварлагч О. Оюунчимэг хэлж байлаа.
О.Оюунчимэг: 5-н дээлтэй дөрвөн өмдтэй их баялаг олдвор олдсон л доо. Онцлог нь бол adidas гуталтай гэж яригдаад байсан. Сэргээн засварлах явцад урт түрийтэй өвдөг давсан төмөр тоногтой арьсан гутал болж таарсан. Малгай нь олон төрлийн хээтэй богино, чихтэй, эсгий малгай байна. Дээл нь судлаач шинжээч үзээд Киданы үе юм болов уу гэж үзсэн. Эмээл нь ч гэсэн мөн адил. Эмээл хазаар адуу зэрэг нь бүхэн эхээрээ олдсоноороо онцлог. Би энэ олдворыг авч ирсэн цагаас нь эхлэн дээл хувцас даавуун эдлэл зэргийг сэргээн засварласан. Нийт 50 гаруй эд зүйлс гарсан. Энэ эмэгтэй нь малгай өмссөн, үсээ дээш нь овоолж шуусан байдалтай байсан. Хүнийг өмсөн дээл хувцасны байр байдлаар язгууртан эсэхийг тодорхойлж болдог. Энэ олдвор энгийн хүнийх. Малгай нь их өвөрмөц дээд талаараа онгорхой үсээ овоолсон чигээрээ гардаг.
Түүнчлэн энэ олдвороос гарсан адуу нь хүрэн зээрд зүстэй. Бусад эд эдлэлийн хувьд өмд гэхэд мөрөвчтэй, мөн хоёр төрлийн дээл байна. Нэг нь даавуун гадартай эсгий дотортой. Нөгөө нь нэхий дотортой даавуун гадартай. Хоорондоо нэлээн өөр. Нэг нь урт нөгөө нь богино өргөн хийцтэй. Түүнчлэн эсгий цүнх, эсгий хэтэвч олдсон. Гутлын түрийнээс гарсан эсгий хэтэвчнээс хүрэл толь, ясан сам зэрэг гарчээ. Оёдлын хэрэгсэлтэй эсгий уутнаас улаан өнгөнд оруулсан ноос, хөөвөр, хатсан арьсны өөдөс, мод чулуу зэрэг оёдлын хэрэгсэл гарсан байна. Эдгээр олдвороос дээжилсэн ”Хадан гэрийн соёл” үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд 7-р сар хүртэл хоёр сарын хугацаанд олон нийтийн хүртээл болох юм.
Үзсэн: 4375
Tweet