Монгол - Тайландын харилцаа
2006 оноос хойш Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Энэ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Монгол улс Тайланд улстай 1974 онд дипломат харилцаа тогтоосон. Манай хоёр улсын харилцаа Монгол улсад 1990-ээд оны эхээр ардчилсан өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн үеэс эхлэн идэвхжиж амжилттай хөгжиж ирсэн.
2013 онд Тайландын ерөнхий сайд Йинглак Чиноват Монгол улсад айлчлах үеэр Засгийн газар хоорондын хамтарсан зөвлөлийг байгуулахаар хоёр тал тохиролцсон. Ерөнхий сайд Ч.Йинглакын Монгол Улсад хийсэн айлчлал нь монгол, тайландын ард түмнийг улам ойртуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шинэ түүхийг нээж, харилцааны үндсийг бэхжүүлснээрээ түүхэн ач холбогдолтой болсон билээ.
Дэлхийн жуулчдын очих дуртай газрын нэг нь Тайланд.
Монголоос Тайландад жилдээ 8-10 мянган иргэн аялал жуулчлалаар явдаг гэсэн статистик бий. Харин Тайландаас Монгол руу аялах жуулчдын тоо харьцангуй бага. Тайландчуудыг Монголд аялуулах талаар анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Монгол улсаа таниулах, сурталчлах ажлыг МУ-аас Тайланд улсад суугаа элчин сайдын яамныхан зохион байгуулж байна.
Ер нь Тайланд улс аялал жуулчлалын салбарт нилээд туршлага хуримтлуулсан орон учраас Монгол улсад суралцах зүйл их бий. Гаднын жуулчдыг эх орондоо татахын тулд сурталчилгаа маш чухал. ЭСЯ Тайландын аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагаа тогтоож, Тайчуудыг Монгол руу аялуулах талаар ярилцаж байна.
Монгол, Тайланд улс газар нутгийн хувьд бие биеэсээ алслагдмал ч хоёр орныг холбодог нийтлэг зүйл цөөнгүй. Тухайлбал, шашин шүтлэг, соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйлс нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна 2006 оноос хойш Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Энэ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Эдийн засгийн хувьд манай хоёр улсын худалдааны эргэлт жилдээ 32 сая ам.долларт эргэлдэж байна.
Монгол улсын хувьд Тайланд руу хүдэр, жонш болоод машины зарим эд ангийг экспортлодог.
Дэлхийд цагаан будаа, чихрийн үйлдвэрээрээ алдартай Тайландын Вант улс Монголд хамгийн хямд, чанартай цагаан будааг экспортлож байна. Мөн элсэн чихэр, торго, цаас, хөргөгч зэрэг бүтээдэхүүнийг монголчууд бид импортлодог. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд Засгийн газар хооронд болон бизнесийн байгууллагууд хамтарч ажиллаж байгаа юм. Тиймээс Монголын уул уурхайн болон эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалт хийж, нийт дүнгээрээ нэг тэрбум долларт хүрээд байна. Тайландын бизнесменүүд уул уурхайгаас гадна сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллах сонирхолоо илэрхийлсэн.
Монгол орон нарийн ширхэгт ноолуурын эх орон. Монгол ноолуурыг Тайланд торготой хослуулж, брэнд бүтээгдэхүүн гаргах санаачлагыг гаргаад байгаа бөгөөд бэлтгэл ажлыг хангасан. Тайландын нийслэл Банкгог хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч энэ үеэр Монгол ноолуурыг Тайланд торготой хослуулах бизнесийн санал гарсан юм. Тайланд улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул Л.Лхагва ийнхүү ярьж байна.
Л.Лхагва: "Хоёр орны хамтын ажиллагааны тухайд гэвэл Монгол улсын гадаад паспорт нь Солонгос, Япон хоёроос бусад Азийн бүх оронд визгүй зорчих эрхтэй. Монгол Тайланд хоёр улс нь хоорондоо 30 хоног харилцан визгүй зорчих эрхтэй. Тайландын хааны гэр бүл маш их буян хийдэг улсууд. Хааны хоёр дахь охин Маха Чакри Сириндхорн гүнж манайд хоёр удаа айлчилсан. Энэ айлчлалаар Алтанбулаг сумын арван жилийн сургуульд үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Энэ ажил 2009 оноос хойш амжилттай явж байна. УИХ-ын шугамаар их хамтын ажиллагаатай. Нөгөө талаар эрүүл мэнд, анагаах ухаан маш сайн хөгжсөн. Тайландын Бумранград эмнэлэгт олон монгол эмчлүүлж, сайн болсон. Дараагийн хөгжиж байгаа салбар бол нисэхийн салбар байна. Боловсон хүчин бэлтгэж байна".
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорны Монгол Улсад хийсэн хоёр удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан билээ. Бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд хоёр орон түншийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд монголын талд талархал илэрхийллээ.
Тайланд улс Зүүн өмнөд Азийн зангилаа төв газар нутаг учир бизнесийн сонирхлыг ихэд татдаг. Өөрөөр хэлбэл, тээврийн гарц улс нь Тайланд. Манай хоёр улс хамтын ажиллагаагаа алхам алхмаар нэмэгдүүлж байж эдийн засгийн харилцаагаа тэлнэ. Түүнээс гадна хоёр талын хооронд өндөр, дээд болон бусад түвшинд харилцан айлчлалын давтамжийг хадгалахыг эрмэлздэг. Өнгөрсөн 2016 онд Тайландын Ерөнхий сайд генерал Прают Чан-О-Ча Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтад оролцохдоо манай ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийсэн. Энэ оны тухайд Тайландын Парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулахаар хоёр тал харилцан ярилцаж байна.
Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Монгол, Тайланд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалууд харилцан амжилттай хэрэгжсэн, мөн уул уурхай, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд нээгдсэн билээ.
Үзсэн: 1867
Tweet