Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд БНЭУ-ын Элчин сайдтай уулзав
Уулзалтын үеэр Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгээр сургах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, танилцах аялалыг зохион байгуулах, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох зэрэг асуудлаар санал солилцлоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд Элчин сайд Суреш Бабугтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг онцлов. Элчин сайд Суреш Бабуг Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж, энэ зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр төслийн үр өгөөж, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаг алдалгүй хэрэгжүүлэхийн чухлыг энэ үеэр онцоллоо. Уулзалтын төгсгөлд талууд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгээр сургах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Засгийн газрын удирдах түвшний албан тушаалтнуудын дунд богино хугацааны танилцах аялалыг зохион байгуулах, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөн ярилцаж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 1445
Tweet