Ж.Энхбаяр: Японд суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна
Ж.Энхбаяр: Японы Батлан хамгаалах их сургуульд суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх нь хоёр улсын цэрэг, техник, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрс суурь болно гэлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсаныг дурдан энэ хүрээнд хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжих боломжтой болсныг дуулгалаа. Түүнчлэн улс төр, аюулгүй байдал үүн дотор бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа чухал учраас таньтай уулзаж байна хэмээн Масато Такаока онцоллоо.
Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Таны бүрэн эрхийн хугацаанд ОУВС, Япон Улсаас олгох нэн хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй, зөв ашиглах тал дээр хамтран ажиллахыг хүсч байна. Мөн Бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлд адил байр суурьтай байдаг. Тиймээс энэ чиглэлд хоёр орон хүчин чармайлт гарган ажиллаж буйг онцолмоор байна. Үүнээс гадна Монгол Улсын цэргийн атташег Японд, Япон Улсын цэргийн атташег Монголд суулгах асуудал чухал. Түүнчлэн Япон Улсын Батлан хамгаалах их сургуульд суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Энэ нь хоёр улсын цэрэг, техник, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрс суурь болно гэдэгт итгэж байна” гэв.
Үзсэн: 1439
Tweet