Италийн соёл, мэдээллийн төвийг Улаанбаатарт нээнэ
Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианк Италийн соёл, мэдээллийн төвийг Улаанбаатар хотноо нээх талаар эрчимтэй ажиллана гэлээ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Итали улсын Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд хатагтай Дорина Бианкийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Дорина Бианки “Өмнө нь Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан Улаанбаатар хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан. Харин одоо Улаанбаатар хотод Элчин сайдын яамтай болсон. Энэ нь хоёр орны харилцаанд илүү дөхөм, хамтын ажиллагаа илүү хурдан үр өгөөжтэй байх боломж бүрдэж байна” гэв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Италийн соёл, мэдээллийн төвийг Улаанбаатарт нээх бүрэн боломж бий. Бид энэ тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэлээ.
Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Италийн хотуудын архитекторуудын холбоотой хамтарч ажиллах, цаашлаад архитектор, интерьер дизайны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, Италийн туршлагыг судлан Улаанбаатар хотын хөшөө дурсгал, музей, галерейн сэргээн засварлах чиглэлээр хамтран ажиллах, хоёр Улсын харилцан аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх, монголын аялал жуулчлалын газруудыг Италийн хотуудад нээх, гар урлалын чиглэлээр ажилладаг жижиг үйлдвэрлэгчид ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь Итали болон Европын холбооны улсуудад экспортлох замаар харилцан ашигтай хамтран ажиллахад Италийн технологи, туршлага, дэмжлэгийг авах зэрэг асуудлуудаар санал солилцсон байна.
Үзсэн: 987
Tweet