УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ
Хаврын чуулганаар 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэнд Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцжээ.
Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.
Энэ удаагийн Хаврын чуулганаар 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 2017 оны төсвийн тодотгол, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Үзсэн: 1398
Tweet