Монгол Улс, АНЭУ-ын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна
Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНЭУ-ын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны 136-р чуулганд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа.
УИХ-ын дарга М.Энхболд “Та бид хоёр Абу Дабид гурван сарын өмнө уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. Манай Эрчим хүчний сайд АНЭУ-д болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын уулзалтад, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Азийн улс орнуудын гадаад бодлогын XV яриа хэлэлцээнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд танай Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдын зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд оролцлоо. Энэ бол харилцаа илүү идэвхтэй болж буйн илэрхийлэл юм” гэв.
Тэрбээр хатагтай Аль Кубаисид хандан Монголын уул уурхай болон бусад салбарт Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан, бусад байгууллагаас хөрөнгө оруулах асуудлыг судлах ажлын багийг Монголд ирүүлэхэд анхаарлаа хандуулна уу. Таныг Монголд айлчлахыг урьсан урилгаа энэ удаа дахин нотолж байна. Таны айлчлал Монгол Улс, АНЭУ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэлээ.
Үзсэн: 1299
Tweet