Олимпизм Монголд
2008 оны Бээжингийн олимпод Монголын тамирчид бахдам амжилт үзүүлж, түүнээс хойш спорт сонирхогч хүүхэд залуусын тоо эрс өсч, тамирчдын урам зориг нэмэгдсэн.
Хүн төрөлхтний эв нэгдэл, амар амгалан байдалд спорт, олимпийн хөдөлгөөн чухал нөлөөтэй. Тиймээс олимпийн хөдөлгөөнийг дэлхийн хамгийн том хөдөлгөөн гэж үздэг. Өөрөөр хэлбэл таван тивийн 206 гишүүн орон таван цагирагт туган дор нэгдэж олимпийн наадамд оролцдог. Түүнчлэн олимпизм дэлхийн нийтийн энх тайван байдалд чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Тухайлбал өнгөрсөн онд Рио-де-Жанеро хотноо болсон зуны олимпийн наадмын үеэр олон зөрчил тэмцэл зогсож, эрхээ эдлэж чадахгүй байгаа улс орны баг тамирчид нэгдэж “Дүрвэгсэдийн баг” нэрийн дор оролцож байсан.
Манай улс олимп хэмээх энэ том хөдөлгөөнд 1962 оны 6-р сарын 5-нд анх нэгдэж Олон улсын Олимпийн Хорооны гишүүнээр элссэн түүхтэй. Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ) өдгөө Азийн Олимпийн зөвлөл, Үндэсний Олимпийн Хорооны холбоо, Зүүн Азийн наадмын холбоо, Ази номхон далайн орнуудын чуулганы бүрэн эрхт гишүүн болон өргөжжээ. Өнөөдрийн байдлаар МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг. Тус хорооны дэргэд, Таван цагариг сонин, Музей, Номын сан, Спортын эрдэм шинжилгээний лаборатори ажиллаж байна. Жил бүрийн 6-р сарын 23-нд ОУОХ-той хамтран "Олимпийн өдөр"-ийг уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.
МҮОХ нь 1964 оноос эхлэн өвлийн 13, зуны 12 удаагийн олимпийн наадамд баг тамирчдаа бэлтгэж оролцуулсан. 1964 онд Японы Токио хотноо болсон олимпид нийт 93 улсын 5151 тамирчин оролцож байсан юм. Манай улс энэ наадамд спортын таван төрөлд нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон түүхтэй. Цаашлаад 1968 онд 16 тамирчин Мехиког зорьж нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт байранд хоёр тамирчин орсон. Нийт 112 орон оролцсон энэ олимпоос Монгол Улс 27 дугаар байранд орж ийнхүү манай улс медалийн буухиагаа эхлүүлсэн юм.
Энэ амжилтаас өмнө дэлхий нийт монгол улсын эзэн богд Чингис хаанаар сайн мэддэг байсан гэж үздэг. Харин 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр 4 медаль хүртэхэд “Чингис хааны бөхчүүд дэлхийн дэвжээг өм цөм гишгэлэн орж ирлээ” хэмээх гарчигтай нийтлэл олимпийн сонины тэргүүн нүүрт гарч байсан түүхтэй. Энэ талаар Монголын олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаанаас тодрууллаа.
Ж.Отгонцагаан: Манай Монголын баг тамирчид 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас анхны медалиа авч эхэлсэн. Үүнээс хойш Монголын баг тамирчид өвөл зуны нийт 25 олимпийн наадамд оролцоод байна. Манай улс олон улсын олимпийн хорооны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж олимпийн наадамд тасралтгүй оролцсоор ирсэн. Өвлийн олимпийн тухайд гүйлтийн тэшүүр, гүйлтийн цана, шорттрэйкийн биатлоны тамирчид удаа дараа оролцсон. Харин зуны олимпид тасралтгүй оролцож нийтдээ 20 гаруй медаль хүртсэн. Чөлөөт бөх, бокс, жүдо, буудлага, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн төрлөөр оролцдог. Хоёр алт, 10 мөнгө, 15 хүрэл медальтай. Манай хамгийн дээд амжилт бол 2008 оны Бээжингийн олимп. Энэ наадамд 204 орноос 32-р байранд жагссан.
Монголын тамирчид Бээжин-2008 оны наадмаас жүдо бөхийн бөхийн -100кг-ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртсэн. 25м-н спорт гар бууны төрөлд спортын мастер Отрядын Гүндэгмаа мөнгөн медаль, боксын төрөлд Энхбатын Бадар-Ууган алтан медаль, Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртэж манай улс анхны хос алтан медалиа авсан юм.
Ж.Отгонцагаан: Бээжин – 2008 наадмаас хойш спорт сонирхогч хүүхэд залуусын тоо өссөн төдийгүй Монголд жүдогийн өмсгөл, боксийн бээлий дуусч худалдаж авахыг хүссэн эцэг эхчүүдийн тоо нэмэгдэж байсан юм. Хүүхэд залуус спортын замналаар хичээллэж, эх орныхоо нэрийг дуурсгаж, олимпийн аварга болно гэдэг биелэгдэшгүй зүйл биш гэдгийг ойлгож ухаарсан. Тухайн үе олимпийн аварга болсон Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын амжилтаар бахархаж тамирчин болсон хүүхдүүд одоо багагүй амжилтын эзэн болоод байна.
1980 оны Москвагийн олимпид манай улсаас хамгийн олон буюу 43 тамирчин оролцож байв. Энэ олимпоос хоёр мөнгө, хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон. Харин 2012 оны Лондонгийн олимпод жүдо бөхийн -100кг ийн жинд барилдсан Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпийн хошой медальтан болсон. Боксын төрөлд Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдогийн төрөлд Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхийн төрөлд Соронзонболдын Батцэцэг, боксын төрөлд Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн юм. Энэ олимпоос монголчууд 5 медаль хүртсэн. Харин 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн жүдогийн төрөлд Доржсүрэнгийн Сумъяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай нар хүрэл медаль хүртсэн ийм амжилттай байна. Цаашид манай баг тамирчид олимпийн олон төрлөөр оролцох зорилготой байна. Тиймээс шинэ залуу тамирчдыг дэмжиж спортын олон төрөл секц, дугуйлан хичээллүүлж үндэсний болон олон улсын зэрэглэлтэй тэмцээн уралдааныг зохион явуулсаар байгаа билээ.
Манай жүдочид чамгүй амжилт гаргасаар байгааг Монголын жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байна.
Х. Баттулга: Монгол хүнд амжилт гаргах боломж нь байна. Ганцхан жудо бөх гэлтгүй бусад спортын бүх төрөлд цаашид хөрөнгө санхүүжилт хийгээд сургалт, дасгалжуулах асуудлыг шийдвэрлээд өгвөл Монгол Улс олимпийн ямар ч төрлөөр амжилт гаргах боломж бий.
Манайд уламжлалт спортын төрлүүдээс гадна хөл бөмбөг, чөлөөт бөх, сагсан бөмбөг, ширээний теннис зэрэг спорт эрчимтэй хөгжиж , баг тамирчид олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сагсан бөмбөгийн баг тамирчид Азид амжилт гаргаж шилдэг наймд багтсан. Цаашид төр засаг хийгээд спортын бүх холбоо баг тамирчдаа бүхий л талаар нь дэмжиж ажиллах зорилго тавиад байна. Олон улсын олимпийн хорооноос 2020 оны зуны олимпийн наадмыг зохион явуулах эрхийг Японы нийслэл Токио хотод олгосон. Харин 2018 оны өвөлийн олимп Өмнөд Солонгост болно. Энэ нь манай баг тамирчдад олон талын ач холбогдолтой төдийгүй эртнээс нарийн зорилго төлөвлөгөөтэй бэлтгэл сургуулилт базаах учиртай гэдгийг багш дасгалжуулагчид онцолж байна.
Үзсэн: 2770
Tweet