"Ус чандмана эрдэнэ"
МУ-ын хүн амын 30.5 % нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 % нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 % нь ус түгээх худгаас, 9.1 % нь булаг, шанд, гол горхиноос хэрэглээний усаа авдаг.
1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхаглажээ. Энэхүү өдрийг тэмдэглэхдээ жил бүр тодорхой уриаг дэвшүүлэн, үйл ажиллагаа зохион явуулдаг. Энэ жилийн усны өдрийг “Хаягдал ус” гэсэн уриатай тэмдэглэж байна.
НҮБ-аас цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн авч, 2005 оноос хойш "Дэлхийн усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол орны усны нөөц багавтар бөгөөд хязгаарлагдмал, тархац нь жигд бус байдгаас гадна гадаргын ус нь монголын нутаг дэвсгэрээс тасралтгүй урсан гадагшилж байдаг онцлогтой. Монгол орны усны нөөцийн 70 хувь нь гадаргын ус, 30 хувь нь газрын доорхи ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэх бөгөөд үүний 93.6 хувь Хөвсгөл нуурт хамаарна.
Монголын орны хойд хэсэгт орших Хөвсгөл нуурын усны найрлага Байгаль нууртай төстэй, тунгалгаараа дэлхийд гуравдугаарт орно. "Хөх сувд" хэмээн алдаршсан Хөвсгөл нуур уртаашаа 136 км, өргөөшөө 37 км үнэмлэхүй гүн нь 262 м бөгөөд Монголдоо төдийгүй Төв Азид хамгийн гүнд тооцогдох нуур юм.
Хангайн бүс нутагт гадаргын болон газар доорх усны нөөцийн ихэнх хэсэг буюу 80-90 хувь нь агуулагддаг, усны нөөцийн нөхөн сэлбэгдэх чадавхи өндөр байдаг. Харин говийн бүс дэх гүний усны ордууд нөхөн сэлбэгдэх чадвар муутай. Хэрэв усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин буурах, шавхагдах эрсдэлтэй, усны ууршилт өндөртэй байдаг. Ийм эрсдэл нь цаашид бүс нутгийн хэмжээнд хуурайшилт бий болох, цөлжих аюулыг дагуулдаг байна.
Монгол орны усны нөөцийн талаар МУ-ын зөвлөх инженер П.Бадамдоржоос тодрууллаа.
П.Бадамдорж: Нэгдүгээрт усны нөөц гэдэг бол ашигт малтмалын нөөц зэрэгтэй адил тогтмол хэмжигдэхүүн биш юм. Усны нөөц гэдэг бол хувьсах хэмжигдэхүүн. Яагаад гэвэл ус өөрөө байгаль дээрээ нөхөн төлжиж, дахин сэргэж байдаг зүйл. Жишээ нь хүн бол 5 литр цустай амьтан. Гэтэл хүндэт донор хүмүүс амьдралдаа 20-30 литр цусыг хандивласан байдаг. Тэгэхлээр хүний цус нөхөн төлждөг байна л даа. Ус бол мөн л ингэж нөхөн төлжиж, сэргэж байдаг. Тэр зохистой түвшинд нь л авч ашиглаад байх юм бол манай орны нөхцөлд усны гачигдалд орох эрсдэл байхгүй. Энэ үүднээс нь авч үзэх юм бол Монгол улс усны нөөцтэй орон. Ер нь бол Монгол орны нийт усны нөөц гэвэл 609 шоо километр усны нөөцтэй гэж үздэг. Тэрний 510 шоо километр нь нуур цөөрөм гол мөрөн буюу гадаргын ус. Газрын гүндээ бол 17-18 хувь нь л байдаг юм. Гэтэл өнөөдөр Монгол улсын усны хэрэглээ эсрэгээрээ байгаа юм. Тэр 17-18-хан хувийг эзэлж байгаа гүний уснаас монгол улс усныхаа нөөцийн 80 хувийг авч байгаа юм. Монгол улс жилдээ уул уурхай, хүн ам газар тариалан, барилга хот байгуулалттайгаа нийлээд нийт 500 гаруй сая шоо метр ус хэрэглэдэг.
Манай улс усны хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын гүний усаар хангадаг. Нийслэл Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг усны хамгийн их хэрэглээтэй томоохон хот суурин газруудын төвлөрсөн ус хангамжийн гол эх үүсвэр нь Туул, Хараа, Сэлэнгэ, Хэрлэн голын хөндий дагуух гүний усны томоохон ордууд юм.
Усны хэрэглээний талаар явуулсан судалгааны дүнгээс үзэхэд манай орны нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. 2002 оноос усны ашиглалт, хэрэглээг тоолууржуулах болсноор аж ахуйн нэгж байгууллагууд болон орон сууцанд оршин суугчдын усны хэрэглээ буурч байгааг мөн судалгаагаар тогтоожээ.
Түүнчлэн МУ-ын Засгийн газраас 2013 онд баталсан шинэ журмаар усны үнэ цэнэ, тарифыг нэмэгдүүлэх, мөн усаа дахин ашиглаж байгаа хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эдийн засгийн урамшууллыг бүрдүүлж өгчээ.
Сүүлийн жилүүдэд манай оронд усалгаатай газар тариалан, уул уурхай, хүнд, хөнгөн аж үйлдвэржилтийн салбар эрчимтэй хөгжиж, хүн амын ихэнх хэсэг нь суурин газар амьдрах болсон. Тиймээс гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Судлаачдын үзэж буйгаар 2010-2020 он хүртэл Монголд усархаг жилүүд тохиох буюу хур, тунадас элбэг байх юм. 2013 онд Туул голын сав газарт хийсэн усны тоо бүртгэлийн дүн мэдээнээс үзэхэд ширгэж үгүй болсон зарим гол, горхи, булаг, шанд, нуур тойром сэргэсэн байна. 2011 онд 411 булаг шанд тоологдож байсан бол 2013 онд 444, рашаан 16 байсан бол 36, гол горхи 278-аас 288, нуур тойром 92 байсан бол 95 болж нэмэгджээ. Энэ нь 2013 онд хур бороо элбэг байсантай холбоотой юм.
Тиймээс 2010 онд баталсан Ус үндэсний хөтөлбөрт хур тунадас элбэг байх ойрын жилүүдэд усны нөөцийг хуримтлуулах, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Ховд, Эг, Хараа, Тамир зэрэг зарим голууд дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах заалтыг тусгажээ. Энэ хүрээнд “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь”, “Тайшир-Алтай”, “Туул-Улаанбаатар” зэрэг төслийг хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл нь хиймэл нуур байгуулж, их устай жилийн усыг бага устай жилд нь, их устай улирлын усыг бага устай үед нь тохируулан урсгаж голоо сэлбэж байх экологийн зорилготой юм. Хуримтлуулсан усны хэмжээ голын олон жилийн дундаж урсцыг тогтмол хангах, орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах нөхцөлд хиймэл нуураас далд яндан хоолойгоор хот, суурин газар, уул уурхайн болон эрчим хүчний үйлдвэрүүдийг усаар хангахад ашиглаж болох юм байна.
Үзсэн: 2816
Tweet