Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮБХИС-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ҮБХИС нь зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд хүний нөөц бэлтгэхийн зэрэгцээ, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, иргэний салбарт судалгаа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн босгон дээр Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр ажиллав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ҮБХИС-д хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсаж, Төрийн дуулал эгшиглүүлэн Төрийн хүндэт харуулын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгөв.
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр байгуулагджээ. Түүхийнхээ хугацаанд олон мянган боловсон хүчин бэлтгэн гаргасны дотор Монгол Улсын баатар, төр, цэрэг, нийгмийн зүтгэлтэн олон арван алдартныг төрүүлсэн. ҮБХИС өнөөдөр зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагууд, иргэний байгууллагуудад хүний нөөц бэлтгэх, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, иргэний салбарт суурь болон хавсрага судалгаа явуулдаг цогц их сургууль болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжиж байгааг танилцууллаа. Тус сургууль саяхан Үндэсний их сургууль гэсэн тодотголтой болсон бөгөөд бүрэлдэхүүнд нь Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Цэргийн хөгжмийн сургууль, Ахлагчийн сургууль, Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль багтаж байна.
Үзсэн: 1239
Tweet