Хавар
Эргэх дөрвөн улирал ээлжилсээр урин хавар ирэхэд газрын холоос нутагтаа тэмүүлэх хүлэг шиг ижий, аав руугаа нулимс тээгээд зорино доо.
Хоног хоногоор наашлах урин цагийн өдрүүд, дурдан цэнхэр салхитай хамт бодол хурайлж хөдөө нутаг, буй ахуй бодогдоно. Суудал засан дүнсийх аавын төрхтэй уулсын ар өврөөр адуу мал идээшилж, ертөнцийн тэрхэн орчил дунд хэдэн хот айл айвуу тайван харагдана.
Алс тэрхэн буйд ертөнц өөд тэмүүлэх сэтгэлийн эн хэмжээлшгүй ажээ. Өргөний уул хавар болохоор л зүүдлэгдэнэ. Өтөг бууцны тэрүүхэнд хэдэн шаргал дэрс ёзоороосоо ногооч цаашлаад усгүй тойром дугараг ногоо болоод ирнэ. Хавар надад ингэж л хаваржааны ахуйгаас ирнэ. Гүвээ толгодоос хэдэн үхэр наашлан харгуй даган ус руугаа сажилна. Саяхан төллөсөн хонь, ямаа ижил сүргийнхээ араас хэсэг явснаа байчхаад хурга ишгэндээ хорогдон хашаа хороогоор эргэлдэнэ.
Үүнийг ажин, саравчлан зогссон ижий минь, алаг тарлаг уулсыг хэсэг харж зогссоноо гэртээ орж аргал өрдөж цайгаа чанана. Аргалын цэнхэр утаа залхуутай яа хотны зах руу уусан замхач үнэр нь хан хийнэ. Ийм л ахуй сэтгэл тодрохуйд “Хаврын найраг” дуунд сэтгэл хөдлөн уясна.
Уулс толгод хөхөмдөг униартай сүлэлдэн, тэртээ тэнгэрийн хаяатай уусан үзэгдэнэ. Наашлаад бараан голдуу адуу мал харагдана. Баруун хот айлаас бүгээн морьтой хүн түүнийг чиглэн армаг тарваг цасан дундуур шогшуулна. Аав минь хэсэг дурандсанаа “Унаагаа юүлэх нь” дээ хэмээнэ. Урд толгодын зөрөг жимээр морьтой хүн наашлана. Удаж төдөлгүй нохой хуцаж чимээ өгнө. Эрлийн хүн манайд үдлээд мордоно. Уураг даялуулан дөрөөн дээрээ өндийхдөө:
Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй
Хөөрхөн нүдтэй шарга морь нь юм уу даа
Түмэн агтны түрүүхэнд
Дүүхэлзүүлсээр айсуй ч юм уу даа хэмээн аялах нь алсад бүдэг бадаг сонсогдоно.
Суунаглан нүүх үүлсийн сиймхийгээр шагайх нарны илч нэмэгдэж, улбар туяа нь газарт шингээд ногоон суунаг татна. Борог өвсөний завсраар шинэ ногоо цухуйж бог мал бэлчээтээ тогтохгүй, морьтой хүн байн байн шогшиж үзэгдэнэ.
Хаваржааныхаа өтөг бууцнаас зайдуухан буухаар хөсөг нүүдэл хөвөрнө. Алс чинадаас даль жигүүрээ дэлгэн нутгаа зорьсон шувууд сая нэг буудаллаж, хөр мөс нь хөвөөнөөсөө ханзарсан нуурын усан дээгүүр явгалан гүйх нь соньхон. Удахгүй өвгөр сөөвгөр хэдэн дэгдээхэйгээ ар өвөртөө дагуулж, айл саахалтын хүүхдээс холдож даялах нь анзаарагдана. Ишиг хурга шинэхэн өвс ногоог сорчлон гоочилно. Ингэ буйлж, ботго аргамжаандаа эргэлдэнэ. Гэрийн үүдээр хаврын салхи сэвлзэхүйд хур орохын дохио гэж аав минь хэлдэгсэн. Ийм л дүр зураг хавартай хамт сэтгэлд айлсаж ижий аавын тухай дуу сонсох сайхан. "... Аавын тухай дууг бэлийн чулуунд дуулхад оргилд нь хүрч хангинадаг юм. Аавын тухай дууг тэнүүн талдаа дуулхад тэнгэрт нь хүрч цуурайтдаг” гэж хэн нэг нь хэлсэнсэн. Үнэн дээ үнэн.
Эргэх дөрвөн улирал ээлжилхэд дахиад хавар болно. Ижий, нутаг бодогдоно. Газрын холоос нутагтаа тэмүүлэх хүлэг шиг л ижий аав руугаа нулимс тээгээд зорино. Ээж минь догдолсон харцандаа үл мэдэгдхэн нулимстай зогсоно. Аав минь өнөөх л зангаараа инээмсэглэн духан дээр минь үнэрлэх шиг тийм л дулаан илчээр дараах хаврыг догдлон хүлээнэ. Хаврын хаварт хөдөө бодогдоно. Хаваржаа намаржааны айлууд, уулс толгод, ус булаг, адуу мал, аав ижий минь сэтгэлд тодорно.
Алс холын анир анхны яргуйтай цуг орчлонд айлсдагт би итгэнэм. Энэ жилийн хавар эрт ирлээ, ирэх зун, намар өнтэй болох нь хэмээн хөгшчүүл магнай тэнэгэр сууна. Цас ханзарч, цагийн урь ороод хүн бүрийн сэтгэл өөдрөг болж, цээж тэнүүн амьсгалах цаг ийнхүү ирлээ. Бүхнийг бус, сайн сайхныг ярилцах ард иргэдийн өлгий миний Монгол оронд урин ХАВАР жил жил дэлгэр айлчилна. Шөнө богиносч өдөр уртсан хорвоо дэлхий нарны гэрлээр туяаран зун цаг айсуй.
Үзсэн: 4630
Tweet
Candy
28 Apr 2017 11:59:04
Th'tas going to make things a lot easier from here on out.