Монгол Улс Беларустай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломжтой
Элчин сайд С.В.Чепурной: "Нийтийн тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд машин механизм, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж байна."
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд С.В.Чепурной, Беларусь, Монгол Улс бол хамтын ажиллагааны олон арван жилийн түүхэн уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд хоцрогдонгуй байгаа худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Мөн улс төрийн өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн тогтворжуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, гишүүдийг харилцан айлчлуулах нь чухал гэж үзэж байгаагаа онцлов.
Элчин сайд С.В.Чепурной, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар, үүн дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд машин механизм, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж, нэгэнт хэлэлцэн тохирсон ажил, арга хэмжээг бодит ажил хэрэг болгож үр дүнд хүргэх нь чухал байна гэдгийг онцлов. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь чухал бөгөөд ийм боломж бий гэдэгт санал нэг байгаагаа тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их Хуралд хоёр орны парламентын бүлэг удахгүй байгуулагдана гэж найдаж буйгаа илэрхийллээ.
Үзсэн: 1717
Tweet