Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“ Монгол тууль - Дэлхийн өв”


Densmaa 2017-03-03 05:03

Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг.

 

      Монгол тууль нь Монгол ардын аман билгийн нэн эртний онцгой  төрөл юм. Учир нь туульсийн бүтээлүүд нь эртний цадиг шүтлэг, бөө мөргөл, бурхны шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан байдаг. Үүн дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаана. Мөн хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог аварга том туурвил юм. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль ч цөөнгүй бий.

           Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг. Үүнээс гадна тууль нь зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэн хэлэхдээ “Олонд алдартай үлгэрч, туульч нар болбоос нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших ном гурвууланг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүргийг гүйцэтгэж байсан”  гэжээ.

Туулийг товшуур, хуур, экил, хуучир зэрэг хөгжмийн зэмсгийн аль нэгнээр ая хамсран  хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс ч бий. Монголын баатарлаг туульд Гэсэр, Жангар, Эрийн сайн хан харангуй, Бум-Эрдэнэ гэх мэт туулиуд ордог бол хамгийн урт тууль нь 14 мянган шүлэгтэй  “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” гэдэг тууль ажээ.

“Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төслийн хүрээнд Монголын эрдэмтэн судлаачид “Монгол тууль” нэртэй 12 боть цуврал номыг олны хүртээл болгожээ. Монгол улсын Засгийн газар болон ЮНЕСКО-гийн 2013-2016 онд хамтран хэрэгжүүлсэн тус төслийн хүрээнд мартагдаж голомт нь тасарч байсан дөрвөд, баяд, туулиуд сэргэн амилж, удмын туульчид дахин төрсөн нь томоохон амжилт, үр дүн юм. “Монгол тууль” 12 боть цуврал номын талаар Соёлын өвийн төвийн Биет бус өвийг хамгаалах хэлтсийн дарга А.Саруул ийнхүү ярьж байна.   

А.Саруул: Яаралтай хамгаалалтын жагсаалтад бүртгүүлсэн өвүүдээ цаашид хэрхэн яаж хадгалж хамгаалах уу, яаж тухайн уламжлал, гал голомтыг нь дахин бадрааж явах вэ гэдэг зорилготой Соёлын биет бус өвийг хамгаалах сан гэж ЮНЕСКО-д байдаг. Энэ сангаас Монгол улс тодорхой хэмжээний төсөл, санхүүжилтийг хүссэний дагуу 2013-2016 оны хооронд Монгол туулийг сэргээн амилуулах, хадгалж хамгаалах нэртэй ЮНЕСКО-гийн санхүүжилттэй төсөл маань хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд дан ганц энэхүү 12 боть номыг голчлоогүй. Үүнд Монголд хаана ямар туульч байна, тэдгээрийн урын санд ямар туулиуд байна. Тэднийг бүртгэн баримжтуулах туульчдаа бүртгэж авах, үүнийхээ дагуу, энэ бүртгэлийг хийж байх үед 10 орчим туульч байсан бол тэр туульчдаа 3 жилийн хугацаанд шавь сургалт явуулах, залуу хойч үеэ бэлтгэх ажлыг нэгдүгээрт тавьсан.

Мөн олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, туульчдаа алдаршуулах, туулиа олон нийтэд танилцуулах тууль гэдэг ийм өв соёл байдаг юм гэдгийг танилцуулах чиглэлээр олон цуврал нэвтрүүлэг хийсэн. Хурал семинар зохион байгуулсан. Үүнээс олон нийтэд сурталчилан таниулах үйл ажиллагааны нэг хэсэг нь энэхүү 12 боть ном байгаа юм. Энэ боть дээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач эрдэмтэд, соёл судлаач, өвлөн уламжлалгч нартайгаа хамтраад 12 боть номыг гаргасан байгаа. Эхний боть маань монгол туургатны 60 алдарт туульчны намтар, урын сангийн талаар юм. Жангар, Гэсэр, Хан харангуй гээд Монгол туулийн ноён гурван оргил туулиудын талаар, мөн алдартай зарим туульчдын урын санд байсан туулиудаас бүрэн эхээр нь, оруулах, халх туулиуд, мөн халх тууль, бусад угсаатны сонгомол туулиудаас шигшиж оруулсан байгаа.  

Тууль хайлах урлагийг өвлүүлөн уламжлагч ардын авьяастны тоо буурч, урын сан нь хомсодсоноор уламжлалт туулийг дутуу дулимаг хайлах, зан үйл нь орхигдож онцлог шинж чанар нь алдагдахад хүрээд байсан юм. Иймд тус төлийн хүрээнд ЮНЕСКО-гийн санхүүжилтээр туульчдын залгамж халааг шавь сургалт хэлбэрээр бэлтгэх болсноор хуруу дарам цөөрөөд байсан соёлын энэхүү өвийг тээгчид өдгөө нэмэгдсээр байна.

Соёлын өвийн төвийн Биет бус өвийг хамгаалах хэлтсийн дарга А. Саруул:

Энэ 3 жилийн хугацаанд алдарт туульч Баарайн Авирмэдийн нэрэмжит Монгол туулийн улсын уралдаан наадмыг Ховд аймагт зохион байгуулсан байгаа. Харин төвийн бүсийн уралдааныг 2015 онд Улаанбаатар хотод 2 удаа зохион байгуулсан. Эндээс харж байхад 30-40 орчим туульчид оролцож байсан. Бид төслийнхөө хүрээнд 11 туульчтай хамтран ажилласан. Дор хаяж нэг хүнийг сургаж, өөрийнхөө залгамж халааг үлдээгээч гэсэн саналыг туульчидаа тавьсан. 2015 оны 11 сард бид Шавь сургалтынхаа үзлэгийг хийсэн. 11 туульч маань хэрхэн шавь нараа сургаж байна, арга зүй нь ямар байна, шавь нар нь хэрхэн сурч байна вэ гэдгийг бид харсан. Гэтэл 11 туульч байсан бол тэд маань өнөөдөр 40-50 орчим шавьтай болжээ. Тэгэхээр тодорхой хэмжээнд туульчдын цар хүрээ өргөжиж байна. Сүүлийн үед биет бус соёлын өв гэж их ярих болсон. Үүнээс харж байхад сүүлийн үед залуучууд мань туулийг их сонирхдог болсон байна. Богд хааны ордон музей дээр Хаан туульсын өргөө гэж байдаг. Хаан туульсын өргөөд сардаа нэг удаа юмуу, цагаан сарын өмнө тууль хайлах ийм уламжлалт тогтсон. Ингэж тууль хайлж байх үед өргөөгөөр дүүрэн залуучууд маань ирж сонирхож байгааг харахад сайхан санагддаг.  

Туульч Э.Баатаржав: Би 5 наснаасаа туулийг сонирхож эхэлсэн. 10 наснаасаа хойш тууль хайлж байна. Миний хувьд таван тивийн 80 гаруй улс оронд Монгол туулиа хайлснаас гадна цуур хөөмийн урлагийг сурталчилан явж байсан. Одоо ч сужрталчилаад явж байна. Энэ жил АНУ-д болсон Дэлхийн ардын урлагийн 30-р наадамд оролцож, шилдэг гранпри шагналыг эх орондоо авчирсан.Туулийг бүтнээр эзэмших ажил бол шавь нараас маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Учир нь туульс бол энгийн юм шиг хэрнээ маш том сэдэв байдаг. ЮНЕСКО-гийн төслийн хүрээнд нутаг нутгийн үндэстэн ястны олон туульчид төрөн гарч байгаад их баяртай байна. Одоогоор уламжлагдаж ирсэн цөөн хэдэн галын туульчид байгаа.

 “Монгол туургатны туульчид” 1-р ботийг Соёлын өвийн төвийн санхүүжилтээр, 2-11-р ботийг төслийн санхүүжилтээр, 12-р ботийг БСШУСЯ-ны санхүүжилтээр тус тус хэвлүүлжээ. Бүтээлүүдийг улсын номын сангууд болон музейнүүдэд хандивласан бол ойрын хугацаанд нийслэлийн бүх дүүрэг, 21 аймаг, 330 сумд номын сангаар нь дамжуулан үнэ төлбөргүй тараах юм.

Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн  дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлж ирсэн уламжлалтай. Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгана. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог. Ойрадын туульчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.

Түүнчлэн айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Гай барцад, хэл ам, үхэл зовлонг засахын тулд “Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин туулийг хайлдаг. Хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дуудахын тулд “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт тууль хайлдаг. Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх, унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг хэмээн туульчид ярьдаг.

Туульч Төгс: Манай аав ингэж ярьдаг байлаа. Зодов туульч манайд ирээд 3 өдөр 3 шөнө тасралтгүй туульд хайлдаг байсан гэж. Мөн миний том ах ярихдаа “Нэг ийм нунтаг цагаан их гоё амттай зүйл тууль хайлхын өмнө өгдөг байсан” гэж ярьдаг. Миний бодлоор печень нунтаглаад өгчихөв үү гэмээр. Туулиа сонсохын өмнө бүгд алган дээрээ тэр зүйлээ авч амсдаг, үүнээс би нэг ёсондоо ламын уншлагын дэг жаягтай ойролцоо юм уу гэж харж байгаа юм. Ингээд туулиа 3 өдөр 3 шөнө тасралтгүй хайлдаг байсан. Тууль хайлуулсан айл нь засал ном хийлгэсэнтэй адил жилээ даадаг. Өөр засал ном хийлгэхгүйгээр шүү дээ. Манай дөрвөд ёсонд ингээд туульчийг залж гэртээ аваачин тууль хайлуулсныхаа дараа хамгийн гол нь тэр туулийн сайхан ая данг эгшиглүүлсэн товшуурыг авч үлдэн, хоймрын авдар дээрээ залж гэртээ 3 хонуулдаг. Нэг ёсондоо бид Алтангэрэл судрыг айлтгахаар гэрээс 3 хоног юм гаргадаггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр товшуурыг нь гэрээс гаргахгүй 3 хонуулна гэдэг нь 3 хоног судар залж байгаатай адил юм. Ингэхээр тууль хайлсны заяа буян нь тэр айлдаа үлддэг гэдэг байсан. 

Туульч хүн уран сэтгэмж, үгийн баялаг, ой тогтоолт сайтай, “уйдсан хүний сэтгэлийг сэргээж, унтсан хүний нойрыг хулжааж” чадах уран чадварыг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Тууль хайлах эрдмийг энэ мэт төгс эзэмшсэн  Буурал Сэсрэн, Мандихайн Парчин, Лувсан хуурч, Жилкэр, Ширэндэв, Баглай, Чойсүрэн, Авирмэд, Уртнасан, Зодов нарын зэрэг үе дамжсан удамт туульчдын нэр алдар эдүгээ ард түмний дунд домог болон үлджээ. 

Дэлхийн Монголч эрдэмтдийн 50-60 хувь нь Монгол тууль судалдаг. 19-р зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн байдаг билээ.

Монгол ардын аман билгийн нэн эртний төрлийн нэг энэхүү Монгол туулийг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалт”-д 2009 онд бүртгэн тунхаглажээ.

 

Үзсэн: 3939

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна