Үндэстэн угсаатны золголтын онцлог
Монголын ихэнх нутагт малгайгаа зөв тэгш өмсөж золгодог бол буриадууд малгайгаа авч сугандаа хавчуулаад золгодог.
Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь бичин жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн тахиа жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдрахгүй Эзэн Чингисийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу...
Монгол үндэстэн өв соёл, зан заншил, өвөг дээдэс, угсаа гарвалаараа бахархаж, Монгол гэдэг угсаа гарлаараа бахдах нэгэн сайхан баяр бол цагаан сар юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд монгол хүн бүрийн магнай тэнийн баясдаг. Монгол үндэстний цагаан сарын баяр Монгол Монголоороо үлдэхийн жинхэнэ утга агуулга билээ.
Монгол орны өргөн уудам нутагт тархан суух халх, дөрвөд, мянгад, буриад, захчин, өөлд, хотон, дархад, дарьганга, хамниган, үзэмчин, барга угсаатнуудын битүүлэх ёсон, сар шинийн ёс, зан заншил нь ижил мэт боловч газар зүйн байршил, шашин шүтлэгээсээ хамааран өөр өөр байх нь бий. Тухайлбал Завхан аймагт зонхилон суудаг Сартуулуудын битүүн, цагаан сар, шинийн золголтын зарим нэгэн зан үйл бусад угсаатнуудад байхгүй жишээтэй. Энэ талаар Завхан аймгийн Сонгино сумын иргэн МУ-ын Гавьяат малчин Намхайнямба, Цэцэн-Уул сумын харьяат Нарантунгалаг нараас сонирхлоо.
МУ-ын Гавьяат малчин Намхайнямба: Манай сартуул нутаг Завхан аймгийн Сонгино сум бол өв уламжилсан түүх дурсгалын олон өв хөрөнгөтэй ийм нутаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ. Манай сартуулуудын хадам бэрийн золголт гэж тусгай ёс бий. Хадам гэртээ сууж байхад бэр үүдээр орж ирээд 2 алхаад сөгдөж суугаад алсаас золгодог. Амар байна уу, бие амархан, сүрэг мал тарган байна уу гэх зэргээр хэлээд 3 удаа мэндэлж золгоно. Хадам болохоор босч явахгүй суусан чигээрээ тонгойж дохиж мэндэлдэг ийм байсан. Энэ уламжлал гэхдээ сүүлийн үед мартагдаж байна.
Завхан аймгийн Цэцэн-Уул сумын иргэн Нарантунгалаг: Манай сартуул түмэн маань битүүний өдөр тосоо холиод хайлмаг хийж хүүхдүүддээ хувь гэж хувь хүртээдэг. Шинийн нэгний өглөө зөгийн идээ гэж 9 боовоор идээ засаад тэрийгээ гарч наранд болон тэнгэр хангайдаа өргөөд эхний золгох настай хүнийдээ орж цайлсныхаа дараа зөгийнхөө идээг хүүхэд болгонд тарааж өгдөг. 5 айл шинэллээ гэхэд 5 зөгийн идээтэй орж ирээд хүүхдүүдэд хувь хүртээж, хэвийн боовоо тарааж өгдөг ийм ёс уламжлалтай.
Монголчууд битүүний орой уламжлалт тоглоом наадгайгаараа наадна. Үүлүүр, хорол, шатар, алаг мэлхий өрөх, зэрэг тоглоомоор тойрч суугаад наадацгаана. Эдгээр тоглоом наадгайнаас шинэ хуучин он солигдохын зааг дээр орчлон ертөнцийг шинэчлэх, өөрчлөх бэлэгдэл болгож, шинэ ондоо өлзий билэгтэй, сайн сайхан явахын ерөөлийг дэвшүүлсэн алах мэлхий өрөх наадгайгаар газар газрын угсаатнууд наадах нь элбэг. Нэгэн зүйлийг сонирхуулахад, Монголын уламжлалт тоглоом наадгайнаас цөөнгүй тоглоомыг зун тоглодоггүй. Тэнгэрийн дуу, аянга цахилгатай үеэр аюултай гэж үзэж, ганцхан өвөл тоглоно. Тэдгээр тоглоомын тоонд энэхүү алаг мэлхий өрөх тоглоом ордог. Алаг мэлхий өрөх тоглоом угтаа монгочуудын ертөнцийн үүслийн домогтой холбоотой юм.
Алаг мэлхий өрөх тоглоомыг хэрхэн өрж, тоглодог тухай доктор, профессор С.Дулам ийнхүү тайлбарласан юм.
Доктор, профессор С. Дулам: Ертөнцийг анх үүсэхэд, эх захгүй нилий далай байх үед бурхан аварга алтан мэлхийг харваж, нум сумных нь сум нь төмөр зэвээрээ баруун тийшээ хараад, модон ишээрээ зүүн тийшээ хараад, мэлхийн амнаас их гал бадарч, мэлхийн араас их шингэн мөр үзэж, мэлхийн нуруун дээр юмуу элгэн дээр нэг атга шар шороо цацаад газар дэлхийг үүсгэсэн домогтой шууд хамаатай тоглоом наадгай байгаа юм. Битүүндээ өрөөд шиний нэгэндээ тоглодог. Тэгээд битүүндээ өрөхдөө 91, 108, 128 шагайгаар өрж тоглодог. 128 шагнайны 92-оор яст мэлхийн толгойг өрнө. Энд гурван шагай орно. Хүзүү нь хоёр мөрөөр 6 шагай. Гурав гурваар хоёр мөрөөр, нуруу нь зургаан эгнээ 36 шагай, дөрвөн шилбэ тус бүр дөрөв буюу арван зургаан шагай, таван хумстай сарвуу нь тус бүр дөрөв тэгээд хорин шагай, нүд хоёр, чих хоёр, бөөр хоёр, зүрх нэг, давсаг нэг, хамрын хоёр нүх, хошуу нэг гээд өрдөг. Энэ дотроос хамгийн сонирхолтой нь гурван хар шагайгаар алаг мэлхийн шээс буюу усыг, дөрвөн улаан шагайгаар хэл буюу гал амьсгалыг, 5 хөх юмуу ногоон шагайгаар зүүн гар талаас нь цухуйж байгаа сумны модон ишийг, тав, тав, зургаа, зургаан шагайгаар шороо, уул, огторгуй, салхи дөрвийг, хоёр цагаан шагайгаар баруун талаас нь цухуйж байгаа сумны төмөр зэвийг тус тус орлуулна. Сүүлийнх нь нийлэхээрээ 36 шагай болдог. Энэ дотроо наадагчдын хэн нь шинийн нэгэнд гарч байгаа жилтэй ижилтэй жилтэй хүн эхлэж нэг шоо орхиод, цаашаа нар зөв дамжин ээлжилж орхино. Хоёр нүх буувал төмрийг, таван нүх буувал модыг юмуу шороо, уул хоёрыг, зургаа нүх буувал салхи, огторгуйг хоёрын нэгийг, гурван нүх буувал усыг, дөрвөн нүх буувал мэлхийний хэлийг авах ёстой. Ингэж энэ орхилтоороо мэлхийн бие, эрхтнийг буусан нүхнийх нь тоонд таарсан шагайнд авч наадна. Тухайлбал нэг нүх буувал зүрх юмуу давсаг хоёрын аль нэгийг авна. Хоёр нүх буувал нүд, чих, бөөр, хамар, хошуу, хүзүүний үений аль нэгийг авна, гурван нүх буувал толгойг авна, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг авна. Таван нүх буувал сарвууны аль нэгийг авна, зургаа нүх буувал зургаа нурууны аль нэг юмуу хүзүүний зургаан шагайг авна. Харин шооны нүх гараад дуусчихсан тоогоор буувал тэр тоотой юмыг буцааж өрнө. Ингэж наадсаар алаг мэлхийгээ авч дуусахад хэн олон шагай авсан нь түрүүлдэг. Иймэрхүү журмаар ертөнцийн таван мах бодь, таван өнгө, таван зүг чигийг тогтоож, шинэ ертөнцийг бүтээж байгаа гэсэн утгатай. Жишээлэхэд ийм гайхамшигтай сайхан тоглоом байгаа юм.
Монголоос гадна Азийн бусад орнууд өөр өөрийн ёс заншлаар сар шинийн баяраа тэмдэглэдэг. Харин Монголчууд шиг хөх тэнгэр, хөрст алтан дэлхийгээ дээдлэн, ураг төрөл, өрх гэрийн ёсыг эрхэмлэдэг ёс уламжлал төдийлөн үгүй. Наранд мөргөх, хөх тэнгэр, өвч дэлхийгээ аргадан, өгөөмөр баяныг нь магтан хайлж, хишиг буяныг нь хурайлан дууддаг ёс зөвхөн Монгол угсаатнуудын дунд бий. Ингээд энэхүү уламжлалаа өдий хүртэл хадгалан үлдсэн урианхай угсаатны өв соёлыг дээдлэгч нэрт туульч, цуурч Э.Баатаржавтай уулзлаа.
Туульч, цуурч Э.Баатаржав: Цагаан сар бол урианхайчуудын хувьд сайхан баяр. Урианхайчууд эртэч шинжтэй байсан учраас намар тэмдэглэдэг байсан гэж ярьдаг. Намар газрын шим, хөрсний шим, малын тарга хүч, үр шим гээд бүх юм гүйцэж байдаг учраас энэ улиралд тэмдэглэдэг байсан. Тэгээд олны жишгээр хавар шинийн нэгэнд хийдэг болсон. Урианхайчууд цагаан сарын өмнө их бэлддэг. Хамгийн гол онцлог нь цэвэр цэмцгэр байдлыг их эрхэмлэдэг. Битүүний өдөр баруун өмнө зүгт голдуу байрлах эргэн тойрон 13 сантай, одоо 13 овоо гэж ярьж байна. Ийм сантай балин барьдаг. Ихэвчлэн барьчихсан байдаг. Малчин айлуудын хувьд өвөлжөөнд нь байж байдаг. Тэрийгээ хүндэтгэлтэйгээр очиж сэргээдэг. Арц, ганга зэрэг утлагаараа утаад тэгээд сүү дээжээ өргөнө. Голдуу эрчүүд очиж сэргээж, засч тэг гортигийг нь янзалдаг. Маргааш нь шинийн нэгний өглөө нар гараагүй байхад үүрээр очно. Эмэгтэй хүн очдоггүй. Хааяа тусдаа гараагүй эмэгтэй ч юмуу, айлын ганц охин бол аавыгаа дагаад очдог. Ихэвчлэн эрчүүд очно. Шинийн нэгний өглөө очиж байгаа гол онцлог бол цагаан сарын нарыг хээр угтаж, хээр цагаална гэсэн үг. Ингэж хээр цагаалахдаа хамгийн настай хүнтэйгээ золгоод золгосон хүнээсээ эхлээд цагаан эсгий дэвсээд суугаад байдаг. Их урт цуваа үүсдэг. Энэ золголт бол их ёс заншилтай. 13 овоондоо эхлээд өвчүү шүүсээ өргөнө. Ингэж өргөхийн өмнө цогноосоо 13 сангаа бадраана. 13 овоо гэдэг нь 13 Алтай гэж ярьдаг түүнийг төлөөлж байна гэсэн үг. 13 Алтай гэдэг бол зөвхөн баруун аймагт байгаа хэдэн уул биш. Алтайн нурууны цаад талын Шинжаань, цаашаа Кавказын нуруу хүртэл үргэлжлээд хойшоо Горный Алтайгаас нааш Мөнгөн тайга гээд энэ бүх цагаан уулууд бүгд орж байж 13 Алтай бүрддэг.
Балингийн хажууд Заламын мод гэж байдаг. Тэр нь голдуу бургас байна. Алтайн нуруу улиас бургас элбэгтэй. Тэр модонд 9 өнгийн цурам даавуу өлгөчихсөн байдаг. Энэ юу бэлэгддэг вэ гэхээр тэр жилийн өнгө хийгээд дээд тэнгэрээс дээдсүүдээс ирж байгаа холбоосуудыг гоёж, чимж баярлан угтаж байгаа нь тэр юм. Ингэж шинэлэхдээ айлууд хээрийн идээ гэж тусгай идээтэй ирдэг. Айл болгон малын шүүс, бүтэн тогоо мах, зарим нь төрөл бүрийн цагаан идээ монгол зоогуудаасаа аваачна. Тэд нараа жижиглээд өргөх зориулалтаар бэлдчихсэн байдаг. Ингээд өвчүү шүүсээ өргөнө. Ингээд яг нар мандаж байхад өвчүүгээ гал дээр бадраагаад өргөчих ёстой. Ингэж өргөхдөө бас сонин заншилтай. Цагаан ямбуу юм уу цагаан даавуунд боогоод дээр нь шар тос 2-3-ыг цувуулж тавиад тэрэн дээрээ арц идээнийхээ дээжээс үнэртүүлнэ. Үүний утга нь дээд хурмастын жигүүртэн шувууд тэрний үнэрээр цуглардаг гэж ярьдаг. Их олон хангай хөвчийн амьтдыг хооллож байна гэсэн утгатай. Бас дээр нь дээд тэнгэрт өргөж байгаа учраас тусгай залбирал байдаг. Энэ бүх ёсоо гүйцэтгээд золголтоо хийнэ. Тэр үед ид өвчүү бадраад дээд тэнгэр, газар дэлхий холбогдож байгаа энэ цаг үед Алтайгаа магтана, цуураа татна. Алтайн олон сайхан аялгуунууд байдаг. Үүнээс тухайн өдөрт тохирохыг нь татна.
Монголчууд байгалийн ухааныг төгс эзэмшсэн ард түмэн. Хүний амьдрал байгаль эхтэй салшгүй холбоотой тул түүнийг төрүүлсэн эх шигээ санаж, хайрлан хамгаалах өөрийн дэг ёсыг монголчууд бүтээжээ. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд байгальтайгаа хэрхэн харилцах өв хийгээд цээрлэх ёсыг ч мөн тогтоосон байна. Тухайлбал, сар шинийн нэгэнд гол горхи, булаг шанднаас ус авахыг цээрлэх, ан гөрөө хийж, араатан жигүүртний амь таслахыг цээрлэх, хог буртаг тарихгүй байхыг эрхэмлэнэ. Сар шинийн өдрүүдэд болон битүүний өдөр амьтны амь таслахыг цээрлэхийн учир нь амьтан ч гэсэн шинэлдэг гэж үздэгтэй холбоотой юм.
Харин жилдээ ганц тохиох билэгт сайн өдөр булаг шандны эхэнд сан утлага уугиулах, тэнгэрийн амьтан гэгдэх жигүүртэн шувуудыг хооллох нь өлзийтэй сайн гэж үздэг. Тиймээс Алтайн Урианхайчууд сар шинэдээ зориулсан бүхий л идээ ундаанаасаа хувь болгон авч, хольж бэлтгэсэн идээг “Цацал”-ын идээ хэмээн нэрийдэж, алтай, дэлхийдээ өргөхийн зэрэгцээ хиншүү хярвас болгон уугиулдаг. Энэ нь ил далд ертөнцийн амьтныг тэжээн тэтгэж байгаа гэсэн санааг илэрхийлдэг.
Туульч, цуурч Э.Баатаржав: Туулийг ихэвчлэн битүүнээс өмнө өвөл нэлээн хайлдаг. Алтайн магтаал голдуу хайлна. Туулийг шинийн 8-ны үед хайлахад их тохиромжтой гэж үздэг. Яагаад гэвэл хүмүүс золголтоо хийж дуусаад тав тухтай болсон байдаг. Тэгээд энэ нь нэг талаараа үндсэн засал нь болж байгаа юм. Дээр үед лам дээр очхоосоо илүүтэй туульсаараа өөрсдийгөө засдаг байсан. Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаалаа хайлна. Дээхэн үед Алтайн магтаал бүрэн эхээрээ цаг гаруй бараг 2 цаг тийм том хэмжээгээр нь хайлдаг байсан. эргэх 4 цаг, мал сүрэг, ургамал ус, амьтан, араатан жигүүртэн, дээд огторгуй газрын шүтэлцээ, уулын эзэн савдаг гээд бүхий л зүйлийн тухай магтаалд өгүүлнэ. Алтайн магтаалд бас бий. Тухайлбал:
Замба тивийн өрийг өрлөж
Заадаст тэнгэрийн одоор туучиж
Алтан шаргал говиор хөвөөлүүлж
Арцат ногоон хангайгаар хүрээлүүлж
Амаржингийн дүрээр залбирдаг Алтай гэж байгаа юм. Тийм учраас эднийг бүгдийг нь нэг дор хамруулаад тахиж байгаа гэсэн үг юм. Алтайн магтаалыг туулийн өмнө яагаад хайлдаг вэ гэхээр, урианхайчууд туулийг төрийн хэрэг гэж тийм том хэмжээнд үздэг байсан. Тэгээд тэр төрийн хэргийг айлын гэрт очиж хайлахад хүндэддэг гэж үздэг. Тийм учраас тэр айлд хайлахад тохиромжтой болгох зам мөрийг цэвэрлэх үүднээс Алтайгаа магтаж уяруулж зөөлрүүлдэг. Алтайг магтсан үед хангай хөвчийн бүх амьтад цуглардаг. Дээр нь Алтайн эзэн Алиа Хонгор тэр айлд зочилдог гэж ингэж бэлэгддэг учраас нэг талаараа зөвшөөрөл аваад ингэсний дараа том тууль эхэлдэг.
Ховд аймагт зонхилон суух захчин угсаатнуудад л байх “Хэвтмэл хөх түүх сэргээх” ариун ёс бусад угсаатнуудад байдаггүйгээрээ онцлог юм. Захчин ардууд “Майдар” бурхныг шүтээнээ болгон зална. Айж цочих үедээ “Алтан майдар минь аварч өршөө” хэмээнэ. Цагаан сарын шинийн 15-ны өдөр захчин хошуунд Майдар эргэх шашны том ёслол болдог. Одоо ч энэ ёс Ховд аймгийн Манхан сумын “Төгрөг”-ийн хийдэд уламжлагдан хийгдсээр байна. Газар нутгийн холоос шалтгаалан сар шинийн эхэнд ирж золгож амжаагүй ахан дүүс шинийн 15-ны “Майдар эргэх ёслол”-д ирэхдээ ах дүүсээрээ айлчлан бууж цагаалах ёсоо үргэлжлүүлдэг. Айл бүр түр буулгасан сар шинийн идээгээ дахин засч томоохон баярыг үүсгэнэ. Эдгээр зан үйлийн талаар захчин ёс, түүх судлаач Д.Жүгдэрбарамаас тодрууллаа.
Түүх судлаач Д.Жүгдэрбарам: Манай захчин ард түмэн Ховд аймагт голдуу амьдардаг. Ховд аймгийн хүн амын олонх буюу 26.5 хувийг захчин угсаатан эзэлдэг. 5 суманд захчингууд аж төрж байна. Манай захчин цагаалах ёс үндсэндээ 3 хэсгээс бүрддэг. Цагаалахаас өмнөх бэлтгэл ажил, цагаалах, цагааны дараах гэсэн ийм 3 хэсэгтэй. 1-р үе нь идэш бэлтгэхээс эхлэнэ. Идэш бэлтгэхдээ цагаан сараар тавих ууц өвчүүгээ тусгайлан бэлдэнэ. Тэр өдрийнхөө орой тусгай хоол унд бэлтгэн гэр бүл үр хүүхэдтэйгээ гэртээ цуглаж, шагай харвах, шагай шүүрэх, шагайгаар морь уралдуулах, үүчүүр тоглох зэрэг олон тоглоомоор наадна. Мөн орой нь Алтай хайлахаас эхлээд туйлаа хайлдаг. Төв халхын морин хуураас арай ялгаатай икэл гэсэн хөгжим захчингуудад бий. Икэлийг морин хуурын өвөг гэж ярьдаг. Юугаараа ялгаатай вэ гэхээр, морин хуурын нарийн утас доороо байдаг бол икэлийн нарийн утас дээрээ байна. Мөн татлага нь өөр. Зөвхөн икэлийн аялгуунд бүжиглэх бий бүжиг, дуу хөгжим гэж байна. Цагааны буюу сар шинийн өдөр эхлэхээс 3 өдрийн өмнө овоогоо бэлтгэнэ. Чулуу, шавраар барина. Эсвэл урд бэлдсэн овоогоо сэргээнэ. Овоон дээрээ арц модноос гадна буур, тэх гэх мэт эцэг малын зөв талын шанхагийн үсийг авч хатгадаг. Цагааны өглөө эрт айлын эрчүүд голдуу овоон дээрээ очоод дөрвөн өндөр, шаант чөмгөө овоон дээрээ нар зөв тавьж, арц хүжээ унгасгаж хиншүү тавина. Хиншүү тавьдаг учир нь 33 тэнгэр, амьтай амьгүй байгаль дэлхийн бүхий л зүйлийг баясгаж, хооллож ундалж байгаа гэсэн утгатай. Ингээд овоогоо нар зөв тойрно. Ахалж очсон хүн нь сүү цайныхаа дээжийг өргөнө. Цагаа эхлэхээс өмнө өвлийн адаг сарын 25-нд тамгын газар үйл ажиллагаагаа зогсоож тамгаа амраадаг. Шинийн 15- ныг хүртэл тамга амраана. Энэ хооронд ямар нэгэн албан ажил авч хэлэлцдэггүй. Тэр хугацаанд тэр жилийнхээ цаг агаар, тохиолдсон үйл явдал, орлого зарлага ямар байсан, мал ахуй яаж өссөн зэргийг хөх даавуугаар гадарласан тусгай сударт бичиж тэмдэглэдэг. Үүнийгээ “Хэвтмэл хөх судар” гэж нэрлэнэ. Ингээд хаврын тэргүүн сарын шинийн 15-аас тамгаа буцаан байрлуулж, үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг уламжлалтай байсан.
Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын үе буюу 17-р зууны үед сүүлгүй ууц тавьдаг ёс байжээ. Өнөөгийн зарим нутагт хонины сүүлийг тусгайлан бэлдэж бурхандаа өргөдөг уламжлал ч байна. Малын шим, буян нь сүүлэндээ хурдаг гэхийн учир тэр юм. Харин Баяд угсаатнууд хонины толгой чанаж бурхандаа тавьдаг. Хүүгийнхтэйгээ айл хөрш бол битүүний орой эцгийндээ зул өргөж, идээ хүртээдэг уламжлалтай. Битүүний орой нэг гэртээ цуглаж, үхрийн чөмөг цуулж
“Битүү нээгдэв
Бүрхэгийг дэлгэрүүлэв
Буур жил гарч
Ботгон жил оров” гэж ерөөл тавина. Хонины шагай чөмгийг тэр хот айлын бяр тэнхээтэй эрд өгч мөлжүүлэн чөмөг татуулдаг байна. Нутаг хошуу алс ах дүүс зуны дэлгэр цагаар ирж золгох ёсон ч бий. Цагаан сар жилдээ хүчинтэй гэж баруун монголчууд ярьдаг. Энэ мэт сонин содон ёс, зан заншлын талаар МУИС-ийн багш, угсаатан судлаач С. Бямбадорж ийнхүү ярьж байна.
Угсаатан судлаач С.Бямбадорж: Монголчуудын сар шинэ тэмдэглэж байгаа энэ үйл явц дунд анзаараад тэр элемент зан үйлийг нь түүгээд үзээд байхаар монгол соёлын гол үндсэн элементүүд хадгалагдаж байдаг. Гэхдээ нөгөө талаар сартуулуудын зөгийн идээ гэдэг шиг нутгийн шинж чанартай элементүүд бас байна. Энэ бол их чухал юм. Яагаад гэвэл ийм зүйл их байх тусмаа монголчуудын соёлын олон талт баялаг тал гарах ёстой. Олон зүйлүүд тодорхой нэгэн цагт, үе үеийн туршид тэр хэсэг улсууддаа хадгалагдаж явсаар байгаад соёлын үнэт зүйл болж үлдэж байгаа юм. Энэ бүгдийг мартуулахгүй уламжлуулж, тухайн тухайн нутгийн онцлог болгож, сэргээж сурталчилж явах ёстой ийм зүйлүүд. Тэгэхээр баяд, дөрвөд гэдэг юм уу арай хүн цөөхөн, хязгаарлагдмал хүрээтэй учир ижил юм шиг боловч бас сайн ажиглах юм бол айл бүрээр онцлогтой байх бүрэн боломжтой юм. Энэ бүгд ерөнхий Монгол соёлын гэдэг юм уу, 13-р зуунаас хадгалагдаж ирсэн тэр соёлын үлдэц болно. Гэтэл нөгөө талаар бүр эртний үеэс уламжилж ирсэн зан заншлууд байж байх жишээтэй. Зөгийн идээ гэхэд л нэр нь өөрөөр халхуудын дунд байж л байгаа. Ингэхээр өөр өвөрмөц нэртэйгээр аль нэг нутагт үлдчихсэн болохоос биш монголчуудад нийтэд нь байсан байх боломжтой зан үйл. Эртний зйн үйл гэхээр тухайлбал, буриадуудын зан үйлд байна. Малгайгаа авч золгодог. Одоо Монголын ихэнх нутагт малгайгаа аль болохоор өмсөөд тэмгш зөв тавиад, дээл хувцсаа өмсөөд хувцасны ёслолыг төрийн хүндлэлийн маягаар авч үзээд золгодог. Гэтэл буриадууд малгайгаа авч сугандаа хавчуулаад ингэж золгодог. Гэтэл энэ бол маш эртний гаралтай гэдэг нь Монголын нууц товчоонд байж байгаа. Жишээлбэл Чингис хаан тэнгэрт золгохдоо малгайгаа авч гартаа өлгөөд золгодог, бүсээ авч хүзүүн дээрээ тохоод золгож байгаа тухай гардаг. Тэгэхээр монголчуудын нэгдмэл соёлын өмнөх үеийн элементүүд цагаан сарын зан үйлд хадгалагдаад байж байх жишээтэй. Цагаан сарыг зөвхөн хаврын баяр юм гэж тайлбарлаад байдаг. Гэтэл энэ цагаан сар бол энэ баяраас гадна нас нэмсэний баяр, эрүүл энх, сайн сайхан байгаагийн баяр, өвөг дээдэс, сүр сүлд, сахиус гээд бүхий л зүйлээ тахидаг тахилгын баяр гэсэн үг юм.
Хүчит дөрвөн туурайгаар хөрст дэлхийг бөмбөрдөх
Хүлэг сайн морьдын минь унаган давхил сонсогдлоо
Аз хийморийн дуудлагатай аргамаг хүлгийн минь үүрсээнд
Алтан дэлхий тэнхлэгээ нар зөв эргэж хурайллаа
Хаан түүхтэй Монголын минь буян заяа тэгширч
Хатан туурайт морьдын минь дэл сүүл нь шаширлалаа
Онгодын цагаан ертөнцөөс од шүүрэхийн ерөөлтэй
Омог төгөлдөр морин жил орчлон дэлхийд айлчиллаа.
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэр тань идээ хөөрөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй ...
Та бүхэн алтан унжлагат гал тахиа жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Үзсэн: 5715
Tweet