Монгол, Оросын залуу эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулж байна
Монгол, Оросын залуу эрдэмтэд Улаанбаатар хотноо чуулж байна
Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд “Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын 2-р чуулга уулзалт” 9 дүгээр сарын 5-аас 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал болон урлаг, спортын бага наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Чуулга уулзалтын нээлт өчигдөр Эрдэм шинжилгээний хурлаар эхэлсэн бөгөөд техник, технологи, байгалийн ухаан, геологи, газарзүй, нийгэм, хөдөө аж ахуй, биотехнологи, анагаах ухаан гэсэн үндсэн зургаан чиглэлийн салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь хоёр орны залуу эрдэмтэн судлаачид өөр хоорондоо танилцах, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход оршиж байгаа юм. Чуулга уулзалтад ОХУ-аас 70 гаруй, монголын талаас 500 гаруй залуу судлаачид оролцож байна. Анхдугаар чуулга уулзалт энэ оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдаж, монгол улсаас 108 залуу судлаач Эрхүү хотноо айлчлан, эрдэм шинжилгээний хурал, урлаг, спортын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байжээ.
Үзсэн: 981
Tweet