Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт боллоо


Zambaga 2016-07-14 08:07

Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт боллоо

 Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт “Оролцоотой хөгжлийн уялдаа холбоо” сэдвээр Монгол Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө. Энэ чуулганы зорилго нь хоёр тивийн бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх байв.

Чуулганыг нээн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “АСЕМ бол улс орнууд харилцан ашигтай хамтарч ажиллах индэр юм. Одоогоор энэ хоёр тивийн улсуудын худалдааны эргэлт 1.6 тэрбум ам.доллар байна. Бид харилцан ашигтай хамтарч ажиллавал энэ дүн өсөх нь гарцаагүй. Монгол Улс бол Ази, Европыг холбосон, дэд бүтцийн зангилаа улс. Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулахад бид идэвхтэй хамтран ажиллаж байна. Мөн Монгол Улс бол хөгжиж буй орнуудын дуу хоолой. Хүннү, Их эзэн Чингис хаан болон Хубилай хааны үеэс бид хил дамнасан чөлөөт худалдааны эхлэлийг анхлан амжилттай тавьсан юм. Ингээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Өнгөрсөн сарын 24-нд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөл хуралдсан. Энэ үеэр  Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын төрийн тэргүүн гарын үсэг зурсан юм. Энэ нь гурван талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргахад чиглэсэн чухал алхам болсон. Дээрх хөтөлбөрт нийт 32 төсөл хэрэгжүүлэхээр заасныг танилцууллаа. Гурван талаас нийт 190 орчим төсөл санал болгосноос  32 төслийг ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тухай чуулганд танилцуулж байв.

МУ-тай дэлхийн олон орон худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтой байдаг.

Уулзалтын үеэр Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев тус улс Монголын талтай хөдөө аж ахуйн салбарт болон оюутан сургах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын 109 компанийн төлөөлөгч ирсэн. Тухайлбал, LG Electronics, Samsung Electronics, Hyundai Motor, Hanwha зэрэг группүүд багтаж байна. Компаниудыг ангилбал биотехнологи, эрүүл мэнд, түүхий эд болон жижиглэн худалдаа, машин, тоног төхөөрөмж, эрчим хүчний компаниудын төлөөлөл байна.

Төрийн ордонд зохиогдсон бизнес форумд МУ хойд болон өмнөд хөрштэйгээ эдийн засгийн коридор байгуулж, ЕвроАзийн худалдаа эргэлтийн гол төв, дэд бүтцийн асуудлаа шийдэх гарц монголын талд бий. Энэ харилцаа  холбоо тэртээх найман зууны тэртээ бий болж байсныг МУ-ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж онцоллоо.

Тэрээр “Монголчууд найман зууны тэртээ морин өртөөг бий болгож байсныг та бид мэднэ. Энэ нь тэр их гүрний хязгаар зах хүртэл хүрдэг. Энэхүү систем нь 700 гаруй жил монголын их эзэнт гүрний газар нутаг дээр бүрэн хэмжээгээр ажиллаж байсан. Энэ бол бидний өнөөдөр яриад буй уялдаа  холбоо. Мөн тэр үед Ази-Европын төлөөний улсууд уулзаад юу ярьж байсан бэ гэхээр, иргэд хоорондоо чөлөөтэй зорчих ьухай ярьж байсан. Монголын анхны гадаад паспорт “Гэрэгэ”-г нэвтрүүлж, бизнесийн төлөөлөл, улс орноо төлөөлж байгаа элчин нарт олгодог байсан. Энэ бол их чухал үйл явдал. Өөр нэг монголчуудын тэр үед олсон чухал амжилт бол “Торгоны зам” юм. Худалдааны замын аюулгүй байдлыг хангахад ихэд анхаарч байсан. Ингэж чадсанаар худалдааны замын дагуух орнуудын ард түмний дэмжлэгийг хүлээж чадаж байв” гэлээ.

Ази Европын бизнесийн уулзалтаар Монгол улс Европын улс орнуудтай бизнесийн салбарт хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар түлхүү ярилцлаа гэж DHL /Ди Эйч Эл/ компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Захор Малла сонирхуулсан юм. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг мэргэшсэн байгуулагуудаас дэлхийн бусад улс орнуудтай холбогдож, хамтран ажиллахад Монгол улсад ямар дэд бүтэц хэрэгтэй зэрэг олон зөвлөмжийг санал болгосон. Өнөө үед Хятад улс олон улсын худалдаа, эдийн засгийг тодорхойлох болсон. Иймд Европын улс орнууд Хятадтай хамгийн дөт замаар, бага зардлаар хүрэх боломжийг Монгол улс хэмээн харж байна. Иймд дэд бүтцээ сайжруулах нь нэн чухал гэсэн юм. Тэгвэл Эстонийн Энофет Ототек компанийн гүйцэтгэх захирал Тарви Томберг “Би 10 жилийн өмнө Монголд анх ирж байсан. Харин 10 жилийн дараа ирээд харахад нийслэл Улаанбаатар хотод хичнээн их зүйл өөрчлөгдсөнийг харж байна. Үүнээс Монголын хөгжил хэр хурдацтай явж байгааг дүгнэж болох юм.  Хурлын төлөөлөгчид Монгол улсын бизнесийн орчин нөхцлийн талаар түлхүү сонирхож байна” гэлээ.  

Эдийн засгийн хүндрэл дан ганц Монгол улсад үүссэн бус. Дэлхийн олон оронд эдийн засаг хямарч буйг энэ удаагийн чуулганд оролоцогсод хэлж байв. Ийм үед бизнес орчинг бүрдүүлэхийн тулд улс орны төр засаг анхаарахаас гадна дэд бүтэц гэлтгүй дэлхийн дэг журамд анхаарах цаг болсныг Европын холбооны төлөөлөгч тэмдэглэсэн бол монголчууд бид сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах, дэд бүтэц, хөрөнгө оруулалтаас илүү нийтийн мэдлэг, орчин үеийн дэвшилтэд техник  технологи илүү чухал байгааг Монголын төлөөлөгч хэлж байв.

“Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд: Өнөөдөр ч гэсэн МУ бол хэдий бага буурай ч гэсэн дэлхийд гайхуулах, дэлхийд өөрийн нэр хүндийг урьд өмнө байгаагүй хэмжээнд гаргах боломж бий болж байна. Хамгийн гол нь бид зүгээр уул уурхай, төмөр зам, хот байшин бариад байх нь нэгдүгээр асуудал бус. Харин хүмүүсээ бэлтгэх, мэдлэг мэдээллээр хангах нь чухал.  Хууль эрх зүй, бизнесийн мэдлэг гэж хязгаарлахгүйгээр нийтийн мэдлэг, техник технологийн мэдлэг энэ нь өөрөө их чухал зүйл гэдгийг харж байна. Үүнийг барилга байшин, мөнгө санхүүгээр үнэлж болохгүй гэдгийг дэлхийн хурдацтай хөгжсөн улс орнуудын туршлага харуулсан. МУ газар нутгийн өвөрмөц байрлалтай. Хоёр их гүрний дунд байрладаг. МУ дэлхийн салшгүй нэг хэсэг, органик түнш болсон тохиолдолд манай улсын хөгжил бодит зүйл болно гэдэг нь харагдаж байна.    

Эдийн засгийн эргэлт бага байдаг манай улсын хувьд дэлхийн зангилаа орон болох боломжтой гэдгийг судлаачид хэлж байв. Эдийн засгаа амжилттай хөгжүүлэхэд том төсөл хөтөлбөр гэхээсээ илүү жижиг дунд үйлдвэрээ амжилттай хөгжүүлж ирсэн олон орны туршлага бий.

Тиймээс МУ аль нэг орны туршлагыг хуулах бус харин өөрийн онцлогыг гаргаж ирэх хэрэгтэй гэдэг дүгнэлт гарлаа. Үүний тулд сэтгэлгээний чиг хандлагаа өөрчлөх шаардлага байгааг ч энэ чуулга уулзалт харуулсан юм.  


 

Үзсэн: 1325

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна