Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гуравдахь уулзалт боллоо


Zambaga 2016-06-26 05:06

Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүн нарын гуравдахь уулзалт боллоо

       Өнгөрсөн долоо хоногт ШХАБ-ын төрийн тэргүүн нарын хуралдаан Ташкент хотноо боллоо. Энэ үеэр уламжлал болон тогтмолшоод байгаа МУ, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт гурав дахь удаагаа боллоо. Гурван талт уулзалтын эхнийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар 2014 оны есдүгээр сард Тажикстан Улсын нийслэл Душанбе хотод хийсэн бол хоёр дахь уулзалтыг өнгөрсөн  2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо зохион байгуулсан юм.Харин энэ удаагийн Ташкентын уулзалтын үеэр Монгол улс,хөрш хоёр орон төдийгүй бүс нутаг,дэлхий дахинаа ач холбогдолтой эдийн засгийн коридор байгуулахаар гурван тал тохиролцсон хамгийн гол ач холбогдолтой үйл явдал боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар гурван улсын хооронд эдийн засгийн зурвас байгуулахад чиглэсэн хөтөлбөрийг пүрэв гарагт баталлаа.Талууд мөн гурван улсын гаалийн байгууллагууд хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрт зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай тусгажээ.Өөрөөр хэлбэл гурван улсын гаалийн баталгааг нөгөө улсууд нь хүлээж авна гэсэн үг. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон уулзалтын үеэр Монголын талын зам,хятадын торгоны зам,ОХУ-ын Ази-Европын сүлжээ гэсэн гурван санал нэгдсэн хэлбэрт орж хэрэгжих бүрэн боломжтой болохыг гурван улсын ерөнхийлөгч баталгаажууллаа.Эдийн засгийн коридор байгуулахдаа 32 асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм.

               Уулзалтын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ц,Элбэгдорж хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа дээрх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх,хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэхийн тулд гурван асуудал дэвшүүлэн,санал солилцож тохиролцоонд хүрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм.Тэрбээр.Нэгдүгээрт, Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах асуудлын хүрээнд:Юуны өмнө гурван талын холбогдох байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан 32 төслийн жагсаалтаас хэрэгжүүлэхэд бэлэн төслүүдийг тодорхойлж, эдгээр төслүүдэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлж, идэвхтэй ажиллах саналтай байна.Цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг боловсруулах, тэдгээрийн эдийн засгийн үндэслэлийг тогтоох, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх үүднээс “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төв хэмээх механизм байх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгтэй байгааг харгалзан “Хөрөнгө оруулалт, төлөвлөлт”-ийн төвийг 2016 онд багтаан байгуулах саналыг дэвшүүлж байна.

 

             Хоёрдугаарт, гурван улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлын хүрээнд:Төмөр замын төслүүдийг урагшлуулах бодитой механизм болох гурван талын Тээврийн асуудал эрхэлсэн яамд хоорондын төмөр замын асуудлаарх гурван талт зөвлөгөөнийг тогтмолжуулах хүсэлтэй байна. Гурав дахь удаагийн уулзалтыг энэ оны 8, 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хийж, тулгамдсан асуудлуудаа ярилцахаар төлөвлөж байна.

               Гуравдугаарт, гурван улсын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох асуудал юм.Манай хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн коридор, тээвэр, гаалийн салбараар хязгаарлагдахгүй. Ирээдүйтэй салбаруудын нэг нь бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа юм. Монгол,Орос,Хятадын зүүн бүс нутагт дэд бүсийн гурван талт хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай саналыг Хятадын талаас гаргасныг бид зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид холбогдох төлөвлөгөөг гаргаж ажиллахад Монголын тал бэлэн байна.Хоёр талын хамтын ажиллагааны туршлага, нөөц бололцоог харгалзан хөдөө аж ахуй, гамшгийн байдал, түүний үр дагавраас урьдчилан сэргийлэх, арилгах зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг чиглүүлэх, хөгжүүлэх боломжтой гэж бид үзэж байна.Манай гурван улсын бодит хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо гурван талын дээд хэмжээний дараагийн  уулзалт хийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлж үгээ өндөрлөе. Бид бүхний харилцан ашигтай хамтын ажиллагаа гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна” гэлээ. 


 

 

Үзсэн: 1582

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна