Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголд үйлдвэрлэв - Эко сүү”


Zambaga 2016-06-13 11:06

“Монголд үйлдвэрлэв - Эко сүү”

            СҮҮ… Эртнээс нааш мал аж ахуйг эрхлэн, дөрвөн цагийн аясаар өргөн уудам тал нутагтаар дураар нүүдэллэж ирсэн Монголчуудын хувьд сүү, цагаан идээ нь ахуй амьдралын салшгүй нэг хэрэглээ болон иржээ. Тиймдээ ч Монголчууд “сүү”-г ариун цагаан сэтгэлийн билэгдэл хэмээн эрхэмлэн дээдэлж, хамгийн хүнтэй хүндээ мөнгөн аягатай сүү барьдаг заншилтай.

Өвөлдөө хасах 40 гаруй хэм хүрч хүйтэрдэг, зундаа нэмэх 40 хэмийн халуун болдог Төв Азийн өндөрлөгт, эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам тал нутгийн монголчуудын хувьд “сүү” нь хамгийн тохиромжтой  ундаа юм.

            Монголчууд таван хошуу малынхаа сүүг тал бүрээр ашигладаг.

Гүүний сүүг саам гэнэ. Ихэвчлэн зуны дунд сараас намар, өвлийн эхэн сар хүртэлх хугацаанд гүүгээ барьж, саамаар нь исгэж  “айраг” хэмээх сайхан ундаа хийдэг. Зун, намрын дэлгэр цагт хүүхэд багачуудаас эхлээд хөгшид буурлууд хүртэл айргийг шимтэн ууцгаана. Айраг нь уушгиний хатгаа, сульдаа ядаргаа мөн сүръе, элэгний өвчинд нэн сайн эм болох тал бий. Ялангуяа цэгээн буюу цагаан гүүний саамийг эмчилгээний журмаар уух нь элбэг. Түүнчлэн өвлийн цагт айргийг хөлдөөн хадгалаж хавар хүртэл уух тохиолдол ч байна. Гүүнээс нэг удаагийн саалтаар 300-400 грамм сүү гардаг тул саалийн хугацаанд өдөрт 8-12 удаа ойр ойрхон саадаг. Харин гүүний сүүгээр цай сүлдэггүй. 

            Ингэний сүүгээр ихэвчлэн хоормог хэмээх зөөлөн исгэлэндүү ундаа хийнэ. Ингэний сүүгээр цай сүлхэд сайхан бор шаргал, амтлаг цай болдог. Үүнээс гадна ингэний сүүгээр хийсэн ааруул, хурууд  нь тос даасан, өвөл ч идэхэд  зөөлхөн болдог. Ингэ нь саалийн хугацаанд нэг удаагийн саалтаар 500-гаас нэг литр өтгөн сүү өгнө. Ингэний сүүг бөөрний болон шээсний замын өвчлөл мөн хаван хөөх зэрэг    эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг. Манай орны говийн аймгуудад ингэний сүүгээр төрөл бүрийн идээ ундаа хийдэг үйлдвэрүүд ч бий. Говь-Алтайн Бигэр суманд ингэний сүүгээр дагнан эмчилдэг сувилалын газрууд байдаг.

            Социализмын үед монголчууд хонь, ямаагаа холбож саадаг байлаа. Одоо хонь, ямаа саах нь ховор болсон. Хонь ямааны сүүгээр цөрөм хураах, хөөрүүлж өрмийг нь авах, тараг бүрэх, ээзгий хийж, бяслаг шахдаг. Хавар эртний яргуй идсэн ямааны сүүг уух нь эмчилгээ болдог гэх тал бий. Эхийн сүүг орлуулж ямааны сүүгээр нялхсыг хоолох нь элбэг.    

             Архангай, Өвөрхангай Хөвсгөл, Завхан зэрэг өндөр уулстай, ой модтой үзэсгэлэнт нутагт сарлаг үхэр элбэг. Сарлагийг үхрийн холын хамаатан гэж эрдэмтэд үздэг. Сарлаг нь  урт үс, их савагтай сүрлэг амьтан хэдий ч их гэршүүд. Сарлагийн сүү нь маш өтгөн,  нэг удаагийн саалтаар 4-өөс 5 литр сүү гарна. Сарлагийн сүүний өрөм нь хурууны дайтай зузаан даргар, шаргалтсан сайхан өрөм байдаг. Сарлагийн сүүгээр цай сүлхэд өтгөн сайхан цай болно. Үүнээс гадна ааруул, хурууд, ээзгий, бяслаг зэрэг  сүү, сүүн бүтээгдэхүүн хийнэ.

       Сарлагын сүүг хурааж цөрөм болгоод, өвөл тос холино. Халуун ширмэн тогоонд хураасан  цөрмөө хийж зөөлөн галаар хайлуулж шар тосыг нь авна. Дараа нь ээзгий, элсэн чихэр, жаахан гурил эсвэл мэхээр хэмээх чихэрлэг ургамлын үндэс  хатааж хийхэд арааны шүлс асгарам сайхан үнэртэй хольсон тос болдог.

             Монголын Швецарь хэмээн дэлхийд ардаршсан Хөвсгөлийн их тайга нь цаа бугын өлгий нутаг. Нутгийн Урианхайчууд цаа бугын сүүгээр төрөл бүрийн цагаан идээ бэлтгэдэг. Хэдийгээр цаанаас нэг удаадаа 300-400 грамм сүү гаргадаг ч маш өтгөн, тослог өег сүү өгнө. Гурван литр цайг ердөө л 400 грамм цааны сүүгээр сүлж болдог.

              Монголчуудын сүү боловсруулах уламжлалт арга ажиллагаа нь дэлхийд гайхагдаж, Олон улсын Хүнсчдийн Холбооноос Монголын сүү, цагаан идээг “Дэлхийн шилдэг хүнс”-ээр тодруулж тэргүүн зэргийн шагнал өргөмжлөлийг хүртээсэн удаатай.

Монгол мал нь байгалийн цэвэр ургамал ногоо, урсгал усалгаатай өргөн дэлгэр нутагт бэлчээрийн маллагаатай. Өөрөөр хэлбэл Монгол малын сүү нь  жинхэнэ экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

            Өнөөдөр үхэр, хонь, ямаа, сарлаг зэрэг сүүний чиглэлийн малын 90 хувь нь бэлчээрийн, 10 хувь нь фермийн аж ахуйн хэлбэртэй байна. Үүнээс үхэр сүрэг голлох хувийг эзэлдэг. 

            Монгол улс гурван сая гаруй үхэртэй, саалийн хугацаандаа Монголын сүүний үйлдвэрлэлийн 80 хувийг дангаараа эзэлдэг. Монгол үхэр нь саалийн хугацаандаа 800-1500 литр сүү өгнө. Сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байгаа үхэр сүргийн сүү нь төвлөрсөн сүүний хангамжийн цэг-фермээр дамжин орчин үеийн өндөр технологи бүхий сүүний үйлдвэрүүдэд  очдог.

      Тэндээс савлагаатай сүү болон төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж экспорт, импортонд гаргаж байна. Үүний нэг, хүнсний манлай үйлдвэр АПУ хувьцаат компани юм. 1925 онд гал голомтоо бадрааж эхэлсэн тус компани төрөл бүрийн ундаа, архи, пиво, цэвэр ус үйлдвэрлэхээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

            АПУ-гийн сүүний үйлдвэр нь Герман, Финланд зэрэг сүүний үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын нарийн технологи бүхий техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн  Олон улсын стандартын шаардлага  хангасан үйлдвэр юм.

            АПУ-гийн сүүний үйлдвэр нь Төв аймгийн Борнуур, Эрдэнэсант, Батсүмбэр зэрэг суманд Симментал, Алатау мөн Сэлэнгэ, Талын улаан зэрэг сүүний чиглэлийн  үнээний томоохон фермүүдээс шингэн сүүгээ татаж авдаг байна.

            Сүү тээвэрлэлтийн тусгай машинаар өглөө бүр сүүгээ авч лабарторийн  шинжилгээнд оруулж сүүний “эрүүл ахуйн баталгааг” нарийн шалгаад дараачийн дамжилганд өгдөг юм.

            АПУ-гийн сүүний үйлдвэр нь нэг литрийн цаасан савлагаатай “Цэвэр сүү”, “Сайн сүү”, “Дээж сүү” зэрэг сүүнээс гадна хүүхдүүдэд зориулж гадил, гүзээлзэгэнэ, тоор зэрэг жимстэй аяган салагаатай тараг болон сүү үйлдвэрлэж байна.   

             АПУ компанийн Сүүний үйлдвэрийн дарга Орломжав: “Монголчуудын уламжлалт сүү боловсруулах арга ажиллагаа маш энгийн ердөө л, мал нь эрүүл, сүүн бүтээгдэхүүнтэй харьцах хүн нь эрүүл байх, орчны эрүүл ахуйг хангах зэрэгт оршиж байлаа. Өнөөдөр монголчууд уламжлалт аргаас гадна орчин үеийн өндөр технологиор сүү боловсруулж сүүний найрлаганд байгаа кальц, фосфор зэрэг чухал амин дэмүүдийг баяжуулан 1 литр, 500, 250 граммтайгаар цаасан савлагаатай үйлдвэрлэж  байна” гэж яриагаа эхэлсэн юм.

 Тэрээр цааш нь, “Анх үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 21 нэр төрлийн 30 орчим сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байдаг. Өнгөрсөн оны 10 сард шинэ технологи аяган савлагааны машиныг ашиглалтанд оруулж “Дээж” нэрийн сүү, тараг мөн “Сайн” йогуртын савлагааг өөрчилж аяган савлагаатай болгосон. Манай энэ бүтээгдэхүүн нь европын холбооны стандартын шаардлагыг бүрэн хангасан хамгийн сүүлийн үеийн дэвшилт технологийг ашиглан үйлдвэрлэсэн эх орны хүнсний найдвартай бүтээгдэхүүнүүд юм. Бид монголдоо үйлдвэрлэж байгаа “Маамуу” брэндийн төрөл бүрийн жимст йогурт тарагаа Хон Конг руу экспортлосон. Өнгөрсөн сарын 9-нд хоёрдох ачилтаа хийгээд байна. Тэгэхээр Хон Конгийн хэрэглэгчид монгол малын сүүгээр бүрдсэн “Маамуу” йогуурт аль хэдийнээ танил болсон. “Паркан шоф” гэдэг сүлжээ дэлгүүрийн 240 орчим том хүнсний дэлгүүрт зарагдаж байгаа” гэлээ.

            АПУ-гийн сүүний үйлдвэр 2000 гаруй ажилтантай, өдөрт 60-80 тонн сүү боловсруулж жилдээ 50 гаруй сая литр эко сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт, импортонд гаргаж байна.

            Монголын өргөн уудам нутаг, онгон байгаль, тунгалаг ус нь  экологийн цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлдэг. Дэлхий нийтэд генийн өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн хамгийн өндөр чанартайд тооцогдож буй өнөө үед Монгол малын сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн нь дэлхийн хэмжээнд тэргүүн зэргийн чанартай хүнсээр нэрлэгдээд байгаа юм.


 

                                                     

 

Үзсэн: 2657

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна