Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихараг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихараг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд С.Кихараг өчигдөр хүлээн авч уулзаж, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсон энэ өдрийг Монгол Улсын Засгийн газар хоёр талын эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааны түүхэнд онцгой өдөр гэж үнэлж байгааг тэмдэглэлээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах үйл явц хэдэн жилийн туршид үргэлжилж, хоёр талаас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай иргэд, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид үр шимийг нь бодитой хүртэх сайхан бололцоо нээгдсэнийг Ерөнхий сайд онцлоод одоо түүний нөхцөл, давуу тал, хөнгөлөлт, боломжуудыг хоёр талын төрийн байгууллагууд бизнес эрхлэгчдэдээ шаргуу тайлбарлан таниулах шаардлагатай гэлээ. Анх удаа Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах явцад энэ төрлийн хэлэлцээр цаашид байгуулахад ажиллуулах үндэсний чадварлаг мэргэжилтний багтай болж, ихээхэн туршлага хуримтлууллаа гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн уг хэлэлцээрийг байгуулахад Японы талын ажлын хэсгийг ахалсан ноён С.Кихарад Ерөнхий сайд талархал илэрхийлж, Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өглөө.
Түүнчлэн ирэх 7 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулах АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Японы Ерөнхий сайд Ш.Абэг оролцоно гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд хэлж, АСЕМ-ийн бэлтгэл ажилд Японы талаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Үзсэн: 1006
Tweet