Эхний улирлын байдлаар уул уурхайн салбар 4 хувийн өсөлттэй гарчээ
Эхний улирлын байдлаар уул уурхайн салбар 4 хувийн өсөлттэй гарчээ.
Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын эдийн засаг 3.1 хувьд хүрчээ. Эдийн засаг өсөхөд уул уурхайн салбар голлон нөлөөлсөн байна. Тодруулбал, уул уурхайн салбар 4 хувийн өсөлт, уул уурхайн бус салбар -1 хувийн бууралттай гарчээ.Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ оны эхний улиралд 4705.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхаас 1.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 хувиар өсжээ. Барааны үнэ өсөхөд боловсролын үйлчилгээний бүлэг болон хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн хүнсний бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн байна. Гурав, дөрөвдүгээр сард махны үнэ дунджаар мянга орчим төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханш 1.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Манай улс оны эхний дөрвөн сарын байдлаар 120 оронтой гадаа худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2210.1 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1347.4 сая ам.доллар, импорт 862.7 сая ам.доллар байна. Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний дөрөвдүгээр сард 418.0 сая ам.долларын ашигтай байсан бол энэ оны эхний дөрвөн сард 484.6 сая ам.долларт хүрчээ.
Үзсэн: 983
Tweet