Дэлхийн номын өдөр - Монголд
Дэлхийн номын өдөр - Монголд
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Дэлхийн номын өдөр” тохиодог. НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос 1995 оноос хойш энэ өдрийг албан ёсоор тэмдэглэхээр зарласан билээ. Үүнээс хойш дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор Номын өдрийг тэмдэглэх болжээ. 4 сарын 23-ны өдрийг номын өдөр болгон тэмдэглэх болсон учир нь уг өдөр алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн өдөр нь юм байна. Иймээс дэлхийн улс орнууд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг.
Монголчууд номын үсгийг алт, мөнгө, шүр, сувд гэх зэрэг есөн эрдэнээр урлан бүтээж байсан нь номыг хэрхэн эрхэмлэн, дээдэлж ирсний гэрч юм. Тухайлбал, дархан Дагва тэргүүтэй монгол урчуудын дан мөнгөн хуудсан дээр цул алтаар шигтгэн урласан “Сандуйнжүд” хэмээх судар бий. Энэхүү судар 222 хуудастай бөгөөд урлан бүтээхэд 2275 лан алт мөнгө оржээ. Мөн ном судраа тусгайлан зассан модон хавтсаар хавчиж, торгонд баринтаглан хадгалж ирсэн нь номыг дээдэлж буйн нэг илэрхийлэл юм.
Түүнчлэн ховор судар, ном олдвоос тэрхүү номыг олон хувь хичээнгүйлэн хуулж бичин, олшруулна. Үүнийгээ хүмүүст тараах нь буян бүтээж, хурааж буй явдал хэмээнэ. Үүнээс гар бичмэл хэмээх өвөрмөц хэвлэл үүсэж, уламжлагдан иржээ.
Монголчууд өвөг дээдсийнхээ номоо дээдэлдэг уламжлалыг өвлөн авч, орчин цагт улам хөгжүүлж байна. Тодруулбал сүүлийн 10 жилд манай улсад ном хэвлэл хурдан хөгжиж, хэвлэмэл, цахим болон сонсдог хэлбэрээр монголын орчин үеийн болон уламжлалт, сонгодог ном зохиол мөн дэлхийн шилдэг номууд олноор хэвлэгдэн гарч, монголчуудын оюуны цар хүрээ тэлсээр байна. Түүнчлэн ном уншигчдын олон клубүүд байгуулагдаж нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тухайлбал 80 мянга шахам гишүүнтэй “Номтой нөхөрлөе” клуб 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш 30 гаруй удаагийн зочинтой уулзалт болон Монголын хамгийн анхны номын Парад, Карнивалыг зохион байгуулжээ.
Тус клубын үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн гишүүн Бат-Оргилоос сонирхсон юм.
Бат-Оргил: Номтой нөхөрлөе клуб маань номтой холбоотой бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажилладаг, өөрсдөө зохион байгуулдаг, санаачилдаг. Энэ жилийн хувьд бид залуучууддаа ном унших сэдлийг төрүүлэх, номын парад, номын жагсаал, карнавал зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр үйл ажиллагааны маань хамгийн гол зорилго нь ном уншиж тархины булчингаа хөгжүүлье гэдгийг ард нийтэд сурталчлах юм. Өнөөгийн залуучууд ном харьцангуй их уншдаг болсон. Номын дэлгүүрүүдээр ороход залуучууд ном авах гээд очерлодог болсон байна. Шинэ үеийн залуучууд ном уншиж түүнээсээ сэхээрэл авдаг болжээ. Бид 21 аймаг 21 мянган ном гэж төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ удаагийн номын өдрөөр энэ үйл ажиллагаагаа мөн үргэлжлүүлэн хийнэ. Энэ төслийнхөө хүрээнд мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэн Монгол улсын үнэт баялаг юм гэдгийг тодорхойлохыг зорьж байна.
Тиймээс монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуус номтой нөхөрлөх ёстой. Тийм учраас бид аймаг бүрд 1000 ном аваачихаар ажлаа хийгээд явж байна. Бид Номтой нөхөрлөе уриалгыг дэвшүүлсэн байгаа. Энэхүү уриалгыг дэлхийн 38 орон, 5 тив дэмжсэн. Мөн манай клубын групп Монголын хамгийн том номын групп юм. Тэгээд дээрээс нь манай клубын пэйж хуудас маань Монголын номер нэг.
Номын ертөнц клубынхэн Монгол улсын 21 аймаг 330 сум төдийгүй дэлхий нийтээр тархан суурьшсан оюунлаг монголчуудын өртөө сүлжээг байгуулах цаашилбал оюуны хувьсгалыг эх орондоо эхлүүлэхээр хичээн ажиллаж байна.
Дэлхийн номын өдрөөр хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхлын бүлгийнхэн хамтран ажиллаж, ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг хүүхэд залууст сурталчилдаг. Энэ хүрээнд Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангаас профессор багш, нийт уншигчдадаа зориулан “Техник технологийн шинэ номын үзэсгэлэн” зохион байгуулсан юм.
Өнөөдөр мэдээллийн сувгууд олширч, техник технологи, интернэт компьютерийн эрин зуунд амьдрах бидэнд бүхий л зүйл хялбар болж, хөдөлмөрийн ачааллыг хөнгөвчилсөөр байна. 1990 оныг хүртэл монголчууд ном уншилтаараа ОХУ-ын дараа 2-рт жагсаж байсныг ЮНЕСКО-гийн судалгаанаас харж болох юм. Энэ үед өрх айл бүр гэрийн номын сантай, зарим айлын номын сан 3000-4000 хүртэлх номтой байжээ. 1990-2000 оны орчимд ном уншилт харьцангуй багассан ч сүүлийн жилүүдэд ном сонирхон уншигчдын тоо нэмэгдэж байгааг номын дэлгүүрүүдийн борлуулалтаас харж болох юм.
Монголын хэвлэлийн компаниуд ч уншигчдадаа зориулж хуучны ховор, мартагдсан зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргаж уншигчдын хүртээл болгосоор байна.
Үзсэн: 1269
Tweet