Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт Улаанбаатар хотноо болж байна.
Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт Улаанбаатар хотноо болж байна.
Монгол Улсад АСЕМ-ын дээд төвшний 11 дэх чуулга уулзалт 2016 оны 7-р сард зохиогдох бөгөөд дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн салбар хуралдаан болно.
Хамгийн эхний Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уг уулзалт нь Ази болон Европын орнуудын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Хурлын дэгийн дагуу Нэгдсэн хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд даргалж байна. Энэ удаагийн уулзалтын ерөнхий сэдвийг “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” гэж тогтсон. “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” гэсэн сэдвээр хоёр салбар хуралдаан явагдаж байна.
Ази, Европын Парламентын 9 дүгээр уулзалтад нийт 32 орон, Европын Парламентаас 170 гаруй төлөөлөгч оролцож байна.
Үүний дотор Энэтхэг, Тайланд, Итали гэсэн гурван улсын парламентын дарга, Австрали, Польш, Унгар, Вьетнам, Индонези, Финланд, Итали, Испани гэсэн найман улсын парламентын дэд дарга нар ирсэн.
АСЕМ-ын үйл ажиллагаа нь 1990-ээд оны дэлхийн даяарчлалтай уялдан хоёр тивийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн Ази болон Европын харилцан ойлголцлоос үүссэн.
Сүүлийн 20 жилийн турш АСЕМ хоёр тивийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжсэнээр “уялдаа холбоо”-ны үндэс болж өгсөн. Энэ утгаараа АСЕМ-ын гишүүн орнуудын хууль тогтоогчид хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулах, түүний цар хүрээг нэмэгдүүлэхэд Парламентын хуралдаан онцгой ач холбогдолтой байдаг.
“Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог. Монгол Улсад парламентын ардчилал баттай тогтож чадсан гэдгийг Та бүхэнд хэлэхэд таатай байна” гэж УИХ-ын дарга З.Энхболд Ази Европын Парламентын 9 дүгээр уулзалтыг нээж үг хэлсэн.
УИХ-ын дарга цааш хэлэхдээ: “Монгол Улс түүхийн асар богино хугацаанд иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, туршлагатай улс орнуудтай эн зэрэгцэн алхаж, Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоо өнгөрсөн жил олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Монгол Улсын Их Хурал дэлхийн 57 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн отгон гишүүн бөгөөд энэхүү ассамблейн намрын хурлыг 2015 оны намар Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ удаа Ази, Европын Парламентын Түншлэлийн энэхүү нэр хүндтэй уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаадаа бид баяртай байна” гэсэн юм.
Ази, Европын парламентын түншлэлийн 9-р хуралд УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцож байна. Тэрбээр энэ удаагийн хурлын ач холбогдол, хэлэлцэж буй асуудлуудын тухай сонирхуулан ярилаа.
М.Батчимэг: Парламентын зөвлөлдөх уулзалт нь шууд авах хэмжээ гэхээсээ илүү яагаад гэвэл аливаа улсын парламент нь бодлого тодорхойлдог байгууллага. Цааш цаашдаа гишүүн орнуудын бодлогодоо баримтлах хандлагыг тодорхойлдог. Тэхээр АСЕМ-ын хүрээнд явж байгаа бодлого манай улсын гадаад дотоод бодлогод тусгалаа олсон. Энэ удаа аюулгүй байдалтай холбоотой асуудлууд анхаарал татаж байна. Тухайлбал, Ойрхи дорнод, Европод буй дүрвэгсдийн асуудал. Терроризм, Экологийн аюулгүй байдал, Европ, Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд анхаарал татаж байна.
Зарим улс АСЕМ-ын Нарийн бичгийн дарга нарын газартай болъё гэж санал тавьж байгаа тухай гишүүн үргэлжлүүлэн ярьсан юм.
Өөрөөр хэлбэл, АСЕМ-ын бүх асуудлыг зохион байгуулах улс даан ажиллаж ирсэн. Тиймээс АСЕМ 20 жилийн ойн босгон дээрээ байнгын ажиллах аппараттай болъё гэсэн санал санаачлалуудыг гаргаад байна.
Энэ удаагийн АСЕМ-ын уулзалтыг Монгол улсад хийж байгаа нь олон чухал ач холбогдолтой болж байгааг УИХ-ын гишүүн Л.Болд тодотгож байна. Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхийг энэ удаагийн АСЕМ-аас харж болно гэж байлаа.
Л. Болд: Хамгийн олзуурхууштай нь Монгол Орос, Хятадыг холбосон төдийгүй Ази, Европын холбосон гол цэг. Ойн жилд энэ тухайгаа ярьж байгааг ихэд олзуурхаж байна. Монголын түүх өөрөө өнөөгийн АСЕМ-ыг багтаасан, хоёр тив, соёл иргэншлийг агуулж ирсэн. Ийм түүхтэй улсад АСЕМ-ын 20 жилийн ойн хуралдаан болж байгаад гадны төлөөлөгчид билэгшээж байна.
Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар нь Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ажиллаж байна.
Б.Болдбаатар: Энэ удаагийн хурлаар өнгөрсөн 20 жилд буй болсон ололт амжилтаа дүгнэн ярья гэж байгаа. Ирээдүйд бид юу баримталж ажиллах талаар ярина. Өнгөрсөн оны 9-р сард НҮБ тогтвортой хөгжлийн зорилтуудаа шинэчлэн баталсан. Манай Монгол улс үзэл баримтлалаа боловсруулсан. Манай улс даяарчлалтай холбогдуулаад бүс нутаг хийгээд олон улсад яаж хамтран ажиллах тухайгаа ярина. Хурлаас гарах Улаанбаатарын тунхаглал гол бичиг баримт байна.
Ази, Европын Парламентын Түншлэлийн уулзалтын дэгийн дагуу уулзалтаас Улаанбаатарын тунхаглалыг батлан гаргана.
Тунхаглалыг 7 дугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах бөгөөд тунхаглалд орох санаа бодол, зөвлөмж нь АСЕМ-ын цаашдын зорилтод тусгалаа олно.
Уг Тунхаглал нь АСЕМ-ын албан бус харилцан яриа хэлэлцээний талбарыг бататгахын зэрэгцээ АСЕМ-ын үйл ажиллагааг олон түмэнд ойртуулж, улам илүү үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Үзсэн: 1631
Tweet