ИБУИНВУ-ын парламентын Нийтийн танхимын гишүүн Марк Хэндрик тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
ИБУИНВУ-ын парламентын Нийтийн танхимын гишүүн Марк Хэндрик тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-ын парламентын Нийтийн танхимын гишүүн Марк Хэндрик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Их Британийн парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд энэ зун Монгол Улсад болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд болж буй хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон ИБУИНВУ-ын парламентын төлөөлөгчид оролцож байгаад талархал илэрхийллээ.
Улсын Их Хурлын дэд дарга хоёр талын харилцаанд Парламент хоорондын хамтын ажиллагаа, Монгол, Британийн найрамдлын бүлгүүд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод энэ оны 2 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй төлөөлөгчдийн ИБУИНВУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Их Британийн парламент дахь Британи-Монголын парламентын бүлгийн даргаар Нийтийн танхимын гишүүн Жэймс Грэй сонгогдон ажиллаж байгаад баяртай байгаагаа дурдаад Марк Хэндрикийг Британийн парламент дахь Монголыг дэмжигчдийн нэг болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Их Британийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Марк Хэндрик тусгайлан цаг гаргаж хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дэд дарга болон гишүүдэд талархал илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалт болон түүний эхний чухал арга хэмжээ болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулж буйд нь Монгол Улсын Их Хуралд баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр талууд хоёр орны улс төр, эдийн засаг, бизнесийн болон парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.
Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Монгол, Британийн ээлжит 12 дугаар Дугуй ширээний уулзалт энэ оны 3 дугаар сарын 11-нд Лондон хотноо болж, уг уулзалтаар хоёр тал улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Түүнчлэн Лондон Сититэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд Улаанбаатар хотод тус бүс нутаг дахь олон улсын санхүүгийн төв байгуулах боломжийн талаар санал солилцов.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх салбарт амжилттай өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгааг Их Британийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн илэрхийлээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн тэрээр хоёр орны харилцааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа найрамдлын бүлгүүдийн харилцаа чухал ач холбогдолтойг онцлов.
Улсын Их Хурлын дэд дарга “Mongolia-London” business forum”-ыг 4 дүгээр сарын 26-27-нд Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлээд британийн талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн Британийн хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин, тогтвортой үйл ажиллагаа, түүний бүтцийн зарим оновчтой хэсгийг Монголд нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв. Тэрээр уулзалтын төгсгөлд энэ зун Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад Их Британийн талаас өндөр түвшинд оролцоно гэж найдаж буйгаа илэрхийллээ.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Үзсэн: 1039
Tweet