Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж, ярилцлага өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж, ярилцлага өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж, ярилцлага өгөв.
-Энэ айлчлалын гол зорилго “Credit Suisse” банкнаас зохион байгуулдаг Азийн хөрөнгө оруулагчдын 19 дэх чуулга уулзалтад оролцох байлаа. Чуулга уулзалтад Япон, Малайз, Шриланк зэрэг улсын Ерөнхий сайд, улс төрийн зүтгэлтнүүд гол илтгэгчээр оролцож, тухайн улсын эдийн засгийн бодлогын талаар тайлбарлаж байсан. Бид энэ арга хэмжээнд оролцож, улс орныхоо эдийн засаг, мөнгө санхүүгийн байдал, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар сүүлийн үеийн мэдээллүүдийг өгч, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөх боломж гарлаа.
Чуулга уулзалтад оролцож, илтгэл тавьснаас гадна ажлын олон уулзалт хийлээ. Азийн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтын шинэ банкны анхны ерөнхийлөгчтэй уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцсон. Шинэ байгууллагын хувьд хэрэгжүүлэхэд бэлэн ТЭЗҮ-тэй том төсөлд орох боломжтой гэдгээ илэрхийллээ. Бид төмөр замын төслүүдээ сайн танилцуулсан. Энэ чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн ажиллаж, богино хугацаанд шийдвэр гаргахаар тохиролцож чадлаа. Хонконгийн Худалдааны хөгжлийн зөвлөл дэлхийд алдаршсан 30 орчим үзэсгэлэн, яармагийг Хонгконгт зохион байгуулдаг. Монголын үзэсгэлэн яармаг зохион байгуулах, оролцох талаар ярилцсан. Эхний ээлжинд, энэ оны наймдугаар сард болдог хүнсний салбарын олон улсын худалдаанд манай улсын органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг оролцохыг урьсан. Үзэсгэлэн худалдаанаас маш олон худалдан авагч болон хөрөнгө оруулагчдыг олдог гэж ярьж байна. Нэгдүгээр сард тодорхой том төслүүдийг танилцуулдаг арга хэмжээ болдог. Зөвлөлийнхний ярьж байгаагаар энд оролцсон төсөл болгон хөрөнгө оруулагч олж чаддаг гэж байна. Манайхан энэ арга хэмжээнд их ач холбогдол өгч оролцох хэрэгтэй. Үр дүнтэй байх аваас Засаг дэмжээд Монголын үзэсгэлэн худалдааг Хонг Конгт зохион байгуулах боломж байна гэж харагдлаа.
“Эрдэнэс Монгол” компанийг Сингапурын темасек маягийн шинэ загвар луу оруулж, иргэдээ хувьцаагаар дамжуулан байгалийн баялгийн эзэн болгох, түүгээр дамжуулж баялгийн сангаа байгуулах нь Засгийн газрын бодлогын бас нэг чухал хэсэг. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол”-д хөрөнгө оруулах, хамтарч ажиллах, темасек маягийн шинэ бүтэц байгуулахад туслалцаа үзүүлэх чадвар бүхий хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. “Нобел” сангийнхан, Канадын тэтгэврийн сангийнхан нэлээд сонирхож, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудтай үргэлжлүүлэн ажиллая. Эхний ээлжинд Монголын тал Засгийн газраас хараат бус, бизнест чиглэсэн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тал дээр анхаарч ажиллаасай гэсэн саналыг тэд тавьсан. Хөрөнгө оруулагчид олноор цугласан боломжийг ашиглаад CNN Asia, Bloomberg, “Credit Suisse”-ийн телевизид ярилцлага өглөө. Монгол Улсаа сурталчлах, хөрөнгө оруулалтын нөхцлөө танилцуулах ёстой.Энэ оны 6 дугаар сард УИХ-ын сонгууль болно. Гэсэн ч бид бага улстөржиж эдийн засгаа, улс орноо, хөрөнгө оруулалтаа бодож ажиллах учиртай. Оюутолгойд нэг тэрбумын хөрөнгө оруулалт ирэх таван сараас эхлээд явна.Хамгийн гол уулзалтуудын нэг нь Хонг Конгийн Ерөнхий Захирагч Лян Жөн-Интэй хийсэн уулзалт байлаа. Хөрөнгө оруулагчид, бизнесийнхнийг Монголд татах, ялангуяа, сүүлийн үед түүний санаачилж байгаа инноваци, технологийн салбарын үйл ажиллагаануудыг манайд хандуулах талаар санал солилцлоо. Айлчлалын зорилго биеллээ. Хөрөнгө оруулагчид Монголыг сонирхсон хэвээр байна. Монгол Улс бизнест буцаж ирлээ. Манай улс хөрөнгө оруулагчдад нээлттэй гэсэн мессежээ хүргэж чадлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Үзсэн: 1051
Tweet