Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчидтэй уулзлаа.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөгчдийн уулзалтад өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцон, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн дунд хугацааны төлөв байдлын талаар мэдээлэл хийж, бизнес эрхлэгчидтэй нээлттэй ярилцлаа.
АНУ-ын Худалдааны танхим нь дэлхийн олон оронд салбартай, 3 сая гаруй гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулдаг. Энэ танхимын Монгол дахь салбар 2010 онд анх байгуулж, өдгөөд 50 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Монгол дахь Америкийн худалдааны танхим сар бүр уулзалт зохион байгуулдаг бөгөөд жилд нэг удаа Ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж оролцуулан, асуудлаа ярилцдаг уламжлалтай. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаагийн уулзалтад оролцохдоо, Монгол Улс бизнес, хөрөнгө оруулалтад нээлттэй улс бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АНУ-ын оролцоо чухал гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр Дэлхийн банкнаас гаргасан “Бизнес эрхлэхүй” судалгаагаар Монгол Улс 2015 онд 76 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ онд 56 дугаар байрт хүрч дэвшсэнийг хэлж байсан юм.Түүнчлэн Монгол Улс Чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон улстай байгуулсан, Оюутолгой төслийн хоёр дахь үе шат, далд уурхайн бүтээн байгуулалтад олон улсын хөрөнгө оруулагчид 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон, Монгол Улсын урт хугацааны Хөгжлийн бодлогыг боловсруулсан, Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэрэг мэдээллийг Америкийн худалдааны танхимын гишүүдэд өгөв. Уулзалтад оролцогчдоос Ерөнхий сайдад олон асуулт тавьж байсны дотор Монголд сонгуулийн жил тохиож буйтай холбоотой хөрөнгө оруулалтын орчин хөндөгдөх эсэх тухай асуулт олон давтагдаж байв. Ерөнхий сайд үүнд “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байж, эдийн засгийн хөгжил хангагдана. Сонгуулийн жил болж буй ч Мега төслүүд хэвийн үргэлжилж, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахын төлөө ажиллана.Монгол Улсын одоо явуулж буй бодлого хэвийн үргэлжилнэ” гэсэн хариултыг тодорхой үндэслэлтэй нь өглөө.
Үзсэн: 1093
Tweet