Монгол Улсын Засгийн газар, "Хан Ресурс” компанитай тохиролцоонд хүрлээ.
Монгол Улсын Засгийн газар, "Хан Ресурс” компанитай тохиролцоонд хүрлээ.
АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ.
2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам. доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд 70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгө төлөгдөж дууссанаар хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. Төлбөрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хоёр тал маргаанаа татан аваад төлбөрийн эцсийн дүн дээрээ тохирч чадсанд Ерөнхий сайд ажлын хэсэгт орж ажилласан Төрийн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлээд, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байсан Монгол Улсын төлөх ёстой 106 сая ам.долларыг хоёр талын хэлэлцээрээр 70 сая болгон бууруулсан Засгийн газрын ажлын хэсгийг Ерөнхий сайдын баталсан удирдамжийг хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ. Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө сөргөөр харуулж ирсэн энэ асуудал эерэгээр шийдэгдэж байгаа нь ойрын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр хийх идэвхтэй үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Зургаан жилийн турш үргэлжилсэн Хан ресурс компанид төлөх төлбөрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан Засгийн газрын ажлын хэсэг, АНУ, Канадад суугаа Элчин сайдууд, элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанд талархаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Үзсэн: 1056
Tweet