Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 31 дүгээр чуулганд оролцлоо.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 31 дүгээр чуулганд оролцлоо.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцлоо. Сайд Л.Пүрэвсүрэн чуулганы өндөр түвшний уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, Монгол Улсыг ХЭЗ-д сонгогдоход дэмжлэг үзүүлсэн явдалд НҮБ-ын гишүүн орнуудад талархал илэрхийлж цаашид тус Зөвлөлийн гишүүний хувьд манай улс олон улсын түвшинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд илүү их хувь нэмэр оруулахын төлөө байгааг онцлон тэмдэглэж, ХЭЗ-ийн гишүүнээр ажиллах хугацаандаа жендерийн тэгш байдлыг хангах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүний наймаа, арьс үндсээр алагчлах явдалтай тэмцэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжих зэргийг тэргүүлэх чиглэл болгон ажиллахаа мэдэгджээ.
2012 оноос хойш үндэсний түвшинд хийгдэж буй эрх зүйн цогц шинэчлэлийн бодлогын хүрээнд Монгол Улс хүний эрхийг баталгаатай хангах хууль тогтоомжийг боловсруулан батлуулах чиглэлээр багагүй ахиц амжилт гаргасан юм. Тухайлбал шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг бүрэн халсан явдал нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 50 жилийн ойг тэмдэглэж буй энэ үед уг баримт бичгийн ач холбогдлыг түгээхэд чухал алхам болсон.
Сайд Л.Пүрэвсүрэн ХЭЗ-ийн 31 дүгээр чуулганы Өндөр түвшний арга хэмжээнд оролцох үеэрээ мөн НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зэйд Раад Аль Хуссейн-тай уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр ХЭЗ-ийн гишүүн орны хувьд Дээд Комиссарын албатай нягт хамтран ажиллахаа илэрхийлээд тухайлбал, Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэлийг 2015 онд ХЭЗ-өөр хэлэлцүүлсний мөрөөр тус Зөвлөлийн гишүүн болон ажиглагч орнуудаас өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн шилжилтийн үедээ явж буй Афганистан, Мьянмар, Киргизстан зэрэг орны ардчилал, хүний эрхийг төлөвшүүлэхэд чиглэсэн хүчин чармайлт, үйлсэд нь хувь нэмрээ оруулж, өөрийн орны туршлагаас хуваалцах зэргээр тэдэнтэй хамтарч ажиллаж байгаагаа дурьдсан байна. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зэйд Раад Аль Хуссей уулзалтын үеэр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн сонгуульд Ази, Номхон Далайн бүлгээс хамгийн олон орны санал авч сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж буйгаа илэрхийлээд цаашид Монгол Улстай хүний эрхийг дээдлэх, хамгаалах, дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэв.
Үзсэн: 1338
Tweet