"Хубилай хаан Каталоны газрын зурагт"
"Хубилай хаан Каталоны газрын зурагт"
Монголын Их Юань улсын хаан Хубилай сэцэн бол өвөг эцэг Чингис хааныхаа адилаар дэлхийн хамгийн алдартай түүхэн хүмүүсийн нэг юм.
Монголын эзэнт гүрний тав дахь Их хаан Хубилай сэцэн өвөг эцэг Чингис хааны үндэслэсэн эзэнт гүрнийг өргөжүүлэн тэлж, хөгжлийн оргилд нь гаргасан гавьяатан. Чухамхүү Хубилайн хаанчлалын жилүүдэд дэлхийн тэн хагас Монголын эзэнт гүрний захиргаанд багтаж байсан билээ.
Хубилай хааны эзэнт гүрний холбогдолтой олон баримт, түүхэн дурсгалт бичиг бий. Тэгэхдээ эзэнт гүрний цар хүрээг газрын зураг л илүү илтгэн харуулж чадна.
2003 онд японы эрдэмтэд өргөөшөө 2.8 метр, уртаашаа 2.2 метр хэмжээтэй газрын зураг олсноо дэлхий нийтэд зарласан билээ. Үүнийг шинжээчдийн баг Монголын Юань гүрний үед бүтээгдсэн эх зургийн хуулбар гэж тогтоосон байна. Эл зурагт Их Юань улсыг багтаасан Азийн газрын зургийг томруулан Африк тив, Европ тивийг нэлээд нарийвчлалтай зурж, газар орныг тодорхой тэмдэглэсэн байна. Ийм хэмжээний газрын зураг урд өмнө олдож байгаагүй бөгөөд Японы Эн-Эйч-Кэй телевиз энэхүү зургаас үүдэн “Хубилай хааны эзэнт гүрэн” гэдэг тусгай нэвтрүүлэг бүтээжээ.
Хубилай хааны эзэнт гүрнийг илтгэх хоёр дахь газрын зураг өдгөө Парис хотноо Францын үндэсний номын санд хадгалагдаж байна. Энэхүү газрын зураг нь одоогоос 640 гаруй жилийн өмнө бүтээгдсэн бөгөөд энэ нь Хубилай хааныг нас барсны дараа бүтээгдсэн гэж үздэг. Энэ газрын зургийг хэн захиалан хийлгэсэн, зурагт юу юуг дүрслэн үзүүлсэн тухай бид та бүхэндээ сонирхуулахаар энэхүү нэвтрүүлгээ бэлтгэлээ.
Хубилай хаан Каталоны газрын зурагт...
Каталоны атлас хэмээн алдаршсан энэ газрын зургийг 1375 онд Испанийн Каталони хотод аж төрж байсан еврей үндэстэн, тухайн үедээ газрын зургийн хамгийн шилдэг мастер гэгдэж байсан Абрахам Креск зурж бүтээсэн бөгөөд удалгүй Францын V Карл хааны хүсэлтээр түүнд өргөн барьснаар энэ атлас Франц улсын мэдэлд шилжжээ.
Атласыг зохиогчид дэлхийн бөмбөрцгийг хавтгай дээр дэлгэсэн байдлаар хийхийг зорилго болгосон гэлцдэг бөгөөд ингэхдээ газар зүйн байршлын хувьд хойд зүгт байрлаж байгаа газрын зургуудыг доош , өмнө зүгт байрлалтай газруудыг дээш харуулж зурсан нь энэ атласын өвөрмөц нэгэн онцлог юм. Мөн ихэнх зургийн тайлбарыг Марко Пологийн тэмдэглэлийг үндэслэн бичсэн нь уг газрын зургийг үнэн бодит байдалд ойртуулж хийхийг зорьсон хэрэг ажээ.
Каталоны атлас нь XIII-XIV зууны Монголын Эзэнт гүрний газар нутгийг тухайн үеийн байдлаар нь үндсэндээ бүрэн хэмжээгээр харуулсан хамгийн эртний бөгөөд бүрэн хэмжээний газрын зураг тул Монголын түүх, тэр тусмаа Монголын эзэнт улсын түүхийн судлалд чухал ач холбогдолтой эх сурвалж болж байна.
Нөгөөтэйгүүр, Монголын эзэнт гүрэн Алтан Ордоны улс, Цагаадайн улс, Элхаант улс, Их Юань гүрний газар нутгийг бүхэлд нь нэг дор үзүүлсэн нь энэ зургийн онцлог бөгөөд үүнээс өмнө ийм газрын зураг хаана ч үйлдэгдээгүй тул энэ нь Монголын их эзэнт гүрний газар зүйн зураглалын хамгийн анхдагч, XIV зуунаас үлдэж хоцорсон ийм төрлийн цорын ганц дурсгал, гайхамшигтай бүтээл юм.
Каталоны газрын зурагт Дорнот Европоос зүүн тийш, Хар тэнгисээс хойгуураа Ижил мөрний хөндий, Кипчакийн тал нутаг, урдуураа Каспийн тэнгис, Кавказ, зүүн тийш Дундад Азийг хүртэлх өргөн уудам нутаг дүрслэгдсэн нь Монголын Алтан Ордоны улсын нутаг юм.
Тухайн үедээ Алтан Ордоны улсын нутгаар усан болон хуурай замын худалдааны гол замууд дайрч өнгөрдөг байсан тул олон газрын худалдаачид, аялагчдын сайн мэдэх газар байв.
Чухам үүгээр дамжин худалдааны зам Төв Ази, Хятадыг зорьдог нэг ёсны их хөлийн зам байснаас атласыг бүтээгчид Алтан Ордоны улсын нилээд олон хот, газар усны нэрийг тэмдэглэн үлдээсэн төдийгүй монголын бусад улсуудын зурагтай харьцуулбал зураглал нь оновчтой, мэдээлэл сайтай ажээ. Алтан ордоны улсын хамгийн эхэнд бичигдсэн хот бол Хар тэнгисийн эрэгт оршиж байсан худалдааны том төв Каффа, түүнээс дээшлээд Киев хотын нэр гарч цааш Rossia гэсэн нэр тааралдана. Энэ бол Орос гэсэн үг.
Уг атлас дээр ямар нэгэн хотыг тэмдэглэхдээ жижиг цайз цамхгаар төсөөлүүлэн дүрсэлж үүн дээрээ тухайн улсын туг далбааг хатгасан байдаг өвөрмөц онцлогтой. Дээр өгүүлсэн Крымээс хойшлох тусам бүх цайз Алтан ордoны улсын далбаатай болж байгаа нь энэ газар Монголын хааны эзэмшилд байгааг ойлгомжтойгоор илтгэн харуулсан хэрэг юм.
Цаашлаад Алтан ордны нийслэл Сарай хот, түүнээс дээшлэн Агуу их Ижил мөрний эрэг дагуух Булгар, Хажи Тархан зэрэг хотыг нэрлэсэн байна. Сарай хотын дэргэд алтан бөмбөлөг, хааны хиур барьж завилан суусан хүний хөрөг байгаа нь Сарайн хаан Жанибек ажээ. Жанибек хаан 1341-1357 онд Алтан ордны улсын төрийг захирч байсан Чингис хааны ууган ач хүү Бат хааны удмын монгол хаан юм.
Каталоны газрын зурагт тэмээн жингийн цувааг дүрслэн үзүүлжээ. Тухайлбал, Каспийн тэнгисээс зүүн тийш тэмээн жингийн цуваа явж байгааг зурсан нь чухамдаа Алтан ордoны улсаар дэлхийн худалдаа арилжааны их зам дайрч байсныг харуулахыг зорьсон хэрэг бололтой.
Энэ цуваа худалдаачдын жин байж болох боловч зургийн хажуу дахь тайлбарт “Энэхүү тэмээн жингийн цуваа Сарайн эзнийх бөгөөд Хятад руу явж байгаа нь” гэж өгүүлснээс үзвэл Алтан Ордоны улсын хаан алс тэртээ Юань улсад суугаа Их хааны зарласан Их хуралдайд оролцохоор явж байгаа утгыг эндээс бас төсөөлөн харж болно.
Зургийн ойролцоо нэгэн бичгийг сийрүүлбэл: "... элсэн цөлөөр дайрч алсад аялагчид долоон сарын турш аялахдаа хэрэглэх хоол хүнс,унд усаа базааж авна. Элсэн цөлд ус олдохгүй хэдэн өдөр шөнийг ч өнгөрүүлж мэдэх газар. Энэ элчилгүй их цөлд ядарч туйлдаад тэмээн дээрээ зүүрмэглэж яваад цуваанаасаа хоцорч мэднэ. Тэгэх аваас
салхи исгэрэх нь чөтгөр шулмын дуу мэт сонсогдох их элсэн дотор төөрч үхэх аюултай болой... “ гэж утга төгс тайлбарласан байна.
Ийнхүү Алтан ордоноос гарсан жингийн цувааг атлас дээр томоохон зай эзлүүлэн дүрсэлсэн байгаа нь Монголын эзэнт улсын түүхтэй нягт холбоотой торгоны зам, худалдааны зам, өртөө улааны замаар их улсын амьдрал тасралтгүй үргэлжилсээр байсныг харуулж буй хэрэг.
Каталоны зураг нь өргөөшөө 69 см, 3,9 м урттай. Атласыг зохиогчид энэ олон улс орны янз бүрийн туг далбаа, түүн дээрх сүлдийг яавч санаан зоргоор зохиож тавихгүй нь мэдээж бөгөөд харин ч тэдний тухайн үеийнхээ хэмжээнд маш олон талын өргөн мэдлэгтэй, асар их мэдээлэлтэй, үнэнхүү авьяас билигтэй хүмүүс л ийм гайхалтай зураглал бүтээнэ дээ гэж шагшин магтахаас аргагүйд хүргэж байна.
Бид ОХУ-ын эрдэмтэн, түүхч Александр Юрченкотой уулзаж ярилцсан юм. Тэрбээр XIII-XIY зуунд Төв азиар аялсан аялалтай холбоотой латин бичиг, бичвэрүүдийг судалдаг эрдэмтэн.
Эрхэм түүхч Каталоны газрын зургийн дагуух газар орноор судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд удахгүй их торгоны замын дагуух Турфан хот руу аяллаа хийх гэж байгаа тухайгаа бидэнд сонирхуулсан юм. Өөрөөр хэлбэл, Төв ази руу чиглэсэн өрнийн үзэл бодол, монголын эзэнт гүрнийг хэрхэн харж байсныг судлах нь илүү сонирхол татдаг гэсэн юм. Ингээд та бүхэн Оросын эрдэмтэн, түүхч Александр Юрченкогийн ийнхүү ярьсан юм.
“XIII зуунд Монголчууд дэлхийг хэдийн эрхшээлдээ оруулсан эсвэл маргааш байлдан дагуулна хэмээн хувааж үздэг байсан. Гуравдахь хувилбар гэж байх аргагүй. Үүнийг авчихсан, бусдыг нь авна гэж. Юуг байлдан дагуулах хэрэгтэйг урьдчилан мэдэж байх нь их чухал хэрэгтэй байсан. Тэгвэл XIY зуунд Испанийн Каталонид амьдарч байсан газрын зураг бүтээгч Абрахам Креск Марко Пологийн номыг уншаад, Марко Поло бол зүгээр нэг аялагч биш гэдгийг ойлгосон. Марко Поло ямар хотууд их эзний эзэмшилд байдаг, ямар нь байдаггүйг мэддэг байсан. Яагаад гэвэл хот бүрийн дээр өөрийн захирагчийн тугийг дүрсэлсэн байдаг.
Тэгэхээр, “Энэ зураг дэлхийн улсын төрийн төсөөлөл үү?” гэсэн асуулт гарна. Үгүй юмаа. Энэ бол 1000 илүү хотыг дүрсэлсэн, өөр өөрийн тугтай 21 төр баригчтай, 3 метр урт газрын зураг. Энд, хоёр учир байдал бидний анхаарлыг татаж байгаа” гэж эрдэмтэн Юрченко ярьж байна.
Нэгдүгээрт: Энэ зураг бол өнөөдрийн байдлаар, Европ болон Монголын эзэнт гүрнийг нэгэн дор дүрслэн харуулсан, цорын ганц газрын зураг. Энэ зурагт, Монголын дөрвөн их төр баригчийг зурсан. Зураг бүр өөрийн нэртэй. Зохиогч, дүрсний хажууд хаадуудын нэрийг нь бичсэн. Алтан ордоны хажууд Жанибек, Их Юань гүрний хажууд Хубилай гээд.
Хэрэв бид энэ дүрүүдийг авч үзэх юм бол тэд өөр өөр цаг үед амьдарч байсан хаадууд. Хаан Жанибек 14 –р зууных, энэ үед Хубилай хаан насан эцэслэсэн байв. Энэ гурван метр зураг хамгийн чухал асуудлуудын нэгийг шийдвэрлэхэд зориулагдсан гэж үздэг. Яагаад гэвэл, энэ зураг бүтээгдэхээс өмнө барууныхан, тодруулбал Италийн Генуяа, Венеци хотууд Крымээр дамжин Төв Ази, Хятадтай худалдаа арилжааг 100 гаруй жил амжилттай хийж байсан юм.
Каталоны газрын зургийн Хубилай хаан титэмтэйгээ сууж байгаа хэсэгт Марко Пологийн “ агуу гүрнийг бий болгосон эзэн хаан” гэсэн том ишлэл бий. Мөн Их хааны хажууд нэвтрэх аргагүй өндөр уулсын нөгөө талд Александр Македонский. Бас өөр нэгэн нэвтрэх аргагүй өндөр уулсын цаана ирээдүйн эзэн хаан Гого байна. Библид өгүүлснээр, энэ эзэнг ирэхэд дэлхийн түүх төгсөнө гэж байдаг.
Их хаан Хубилай сэцэн, Александр Македонский, мөн Гого нар нь өөр өөр цаг үед амьдарч байсан хаадууд. Эдгээр их хааны хооронд ямар нэгэн динамик холбоо бий эсэхийг судлаачид судалж байна.
Би бодохдоо, урьд нь Македонский хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан бол зураг зохиогчийн цаг үед Хубилай хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан, эзэн хаан Гого болохоор ирээдүйн супер эзэнт гүрнийг байгуулна гэж дүрсэлжээ. Харин түүнээс хойш дэлхийн түүх дуусгавар болно гэж үздэг.
Тэгэхээр энэ зураг бол Монголын эзэнт гүрэн ид мандан бадарч, тив хооронд худалдаа арилжааны зам нээгдэж, Европ Хятадтай холбогдон дэлхий нэгдмэл болсноор юу болох бол гэсэн огторгуйн таамаглалтай холбоотой юм.
Хубилай хааны эзэнт гүрнийг дүрсэлсэн Каталоны газрын зургийг хэн захиалан хийлгэсэн нь одоо хүртэл таамаг хэвээр байна.
Харин зурагт дүрслэгдсэн хаад энэ зургийг захиалаагүй гэж түүхч үзэж байгаа юм. Учир нь их хаад “Би бол цорын ганц эзэн хаан”, надтай зэрэгцэх өөр хаан байх боломжгүй. Ийм учраас зурагт дүрслэгдсэн 21 төр баригч энэ зургийг захиалаагүй гэж үздэг.
Нөгөөтэйгөөр, энэ зургийг дэлхийн том худалдааны сүлжээнд зориулж захиалсан болов уу гэж таамаглаж байгаа. Энэ зургийн захиалагч нар нь тэр үеийн их хүчтэй санхүүгийн шилдгүүд байсан гэж үзэж байна. Тэд төр баригчдыг шатрын бод шиг сольж, төрийн эргэлт хийж, худалдан авч чадах байсан. Тэдэнд бүх дэлхий ертөнц гарт нь байгаа юм шиг санагдаж байв. Гэвч тэдэнтэй өөр нэгэн, тэднээс хамаагүй илүү хүч тулсан гэж түүхч Александр Юрченко үзэж байна.
Каталоны газрын зургийг ертөнцийг маш өргөн өнцгөөр хардаг хүмүүс зохиосон гэдэг дээр судлаачид нэгэн саналтай байгаа юм.
Ийнхүү каталоны атлас дээр Алтан Ордны эзэмшил нутгийг бүхэлд нь харуулж чадсан гайхалтай өргөн утга агуулгатай зураг байгаа бол,
Их эзэн Чингис хааны отгон хүү Толуй, түүний хүү Хүлэг ханы байгуулсан Элхаант улсын газар нутаг XIV зууныхаа байдлаар дүрслэгдсэн байна.
Элхаант улс Персийн булангаас Кавказын уулс, Дундад Азийн Амударъя мөрний хоорондох өргөн уудам нутгийг эзлэн суудаг байсан. Элхаант улсын нийслэл байсан Тэбриз, Багдад, Дундад Азийн эртний хотууд болох Самарканд, Бухаар зэрэг олон хотыг голдоо улаан дөрвөлжин бүхий шар туг хатган тэмдэглэсэн.
Шар тугтай энэ олон хот бүгд Монголын Элхаант улсын эзэмшил нутаг болохыг Хүлэг ханы ялгах тэмдгээс мэдэж болно. Эдгээр шар тугтай хотуудаас гадна Персийн булан, Энэтхэгийн далайд мөн л Элхаант улсын шар туг намируулсан усан онгоц хөвж яваагаар зурсан байгаа нь ихэд содон харагдана. Энэ бүгд Элхаант улсын эзэмшил гэдгийг илтгэн харуулж байна.
Үзсэн: 2437
Tweet